Монгол түмний Бахархалын өдөр буюу Өвлийн эхэн сарын шиний нэгний өдөр Морин цаг дор академич Хавтгайн Намсрайд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулсан нь байгалийн шинжлэх ухаан хэмээх адармаатай замыг сонгон ажиллаж буй нийт эрдэм багш, судлаачдыг баярлуулсан бахархалт үйл явдал боллоо.
ШУА-ийн ФТХ -ийн тэргүүлэх эрдэмтдийн нэг академич Х.Намсрай эрдэм судлалд зориулсан нөр их хичээл зүтгэл, Монголын физик математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээ төр засагтаа өндрөөр үнэлүүлсэнд хүрээлэнгийн хамт олон баярлаж, бахархан байгаагаа ярилаа.
Уг ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ:
“.... Өнөөдөр Монгол төрийн энэхүү гүн хүндэтгэлийг Монгол Улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Хавтгайн Намсрайд үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хавтгайн Намсрай бол шинжлэх ухаанд зүтгэгч манай иргэдийн чимэг болсон эрдэмтэн. Академич Намсрай гуайд хүртээж буй энэхүү шагнал бол Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэж түүнд хувь нэмэр оруулж байгаа эрдэмт иргэдээ үнэлж ирсний эрхэм илэрхийлэл юм. Мөн энэхүү шагналыг олон ахмад эрдэмтдийнхээ шинжлэх ухаанд зориулсан нөр их хичээл зүтгэлийн үнэлгээ болгож Намсрай гуай танд төлөөлүүлэн олгож байна. Дээр нь эрдэм оюун, судалгаа, шинжлэх ухаанд шамдагч залуу үеийнхнээ шинэ нээлтэд уриалан дуудаж, тэдэнд урам хайрлах зорилгоор буурал академич Танд хүртээж байгаа юм...” гэж онцоллоо.
Академич Х.Намсрай Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнд 46 жил ажиллахдаа эх орноо төлөөлж ОХУ-ын Дубна хотын ЦШНИ (1969-1974, 1978-1982), АНУ-ын Сиракусын их сургууль (1989), Итали улсын Триест хот дахь Онолын физикийн төв (1991, 1997, 2004, 2010), Анли улсын Лондоны их сургуулийн Империал коллеж (1993), Швейцарь улсын Найдэльбергийн их сургууль (1995), Герман улсын Гамбургийн их сургууль (2001)-иудад ажиллаж 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 20 гаруй ном, сурах бичиг, монографыг бичиж хэвлүүлсэн юм. Үүний дотор “Цэгэн бус квант орны онол ба санамсаргүй квант механик”, “Дифференциал болон интергал тоолол дахь шинэ дөхөлт”, “Орчин үеийн физикийн сонгомол асуудлууд” зэрэг тулгуур 6 номыг АНУ, Голланди, Сингапур улсад хэвлүүлсэн юм.
Тэрээр биднийг хүрээлэн буй ертөнцийн бүтцийг бүрэлдүүлэгч эгэл бөөмсүүдийн харилцан үйлчлэлийн онолын судалгаа явуулж хэт ягаан туяаны салалт хэмээх математикийн хувьд хүндрэлтэй асуудлыг эгэл урт гэсэн ойлголтын хүрээнд шийдвэрлэж, Намсрайн онол, Намсрайн шийдэл, Намсрайн дөхөлт гэсэн ойлголтуудыг физикт оруулсан.
Энэ шийдлүүдийн дотор 1927 оноос хойш физикчид бодож чадаагүй байсан язгуур дотор уламжлалтай их математикч Вейлийн гэж нэрлэгдэх болсон дифференциал тэгшитгэлийг аналитик аргаар бодож, физикчидийн таашаалыг хүртсэн байна.
Түүний бүтээлийг төр улсаас үнэлж Сүхбаатарын одон, Төрийн шагнал олгож, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолоор шагнаж, 2012 онд Монгол улсын засгийн газрын шинжлэх ухааны технологийн шагнал авчээ. Дэлхийн шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж 1995 онд Итали улсын Триест хотод төвтэй Дэлхийн академийн гишүүн, мөн 2010 оноос эхлэн тус академийн үнэлгээ шинжилгээний экспертийн комиссын гишүүнээр ажиллаж байна.
Түүний голлох бүтээл үр дүнгээс нь дурьдвал:
1. “An approach to the evaluation of fundamental length, different from the one by T.D.Lee, has been proposed by Namsrai. The upper limit to the length L of the Namsrai theory, a quantity different from l0, is 10-19 cm”
L.Bracci, G.Fiorentini, G.Mezzorani and P.Quaranti in Modern Physics Letters A,
vol.2 (10), 777, (1987)
Эгэл буюу фундаменталь уртыг тооцоолдог Т.Д.Ли-гийн аргаас өөр аргыг Намсрайн гарган тавьсан. Намсрайн онолын урт L-ийн дээд хязгаар нь болно.
2. “Indeed as shown by Cufaro – Petroni and Vigier(11), Droz – Vincent(12) and Namsrai(13) the corresponding behavior just represents the relativistic stochastic behavior of pairs of extended structures (particles plus waves) in phase space, submitted to random motions at the velocity of light, i.e., to particles surrounded by real de Broglie waves moving in Einstein’s random aether (14) filled with Dirac’s covariant vacuum.”
F.Halbwachs, F.Piperno and J.P.Vigier in Lettere al Nuovo Cimento, vol.33, 311, 1982
Фазын огторгуйд тархалттай бүтэц (бөөмс нэмэх нь долгион) бүхий хос бөөмсийн релятив санамсаргүй явалтыг Куфаро-Петрони, Вижчэр, Дроз-Винцэнт болон Намсрай нар харуулсан ба ийм төрлийн санамсаргүй хөдөлгөөнүүд нь Диракийн ковариант хоосон буюу вакуумаар дүүргэгдсэн Эйнштейний санамсаргүй эфир дотор де Вройлийн бодит долгион хэлбэрээр гэрлийн хурдаар явагддаг болохыг эдгээр эрдэмтэд харуулжээ.
3. “Summery of stochastic mechanics (Namsrai and others). The fundamental hypothesis of stochastic mechanics is that every microscopic particle performs a Brownian motion in vacuum.”
Nivaldo A.Lemos in Physics Letters, vol.94A, number 1,21 February 1983.
Намсрай болон бусад эрдэмтдийн боловсруулсан санамсаргүй механикийн гол үр дүн нь вакуум буюу хоосон дотор эгэл бөөмс бүр санамсаргүй буюу Броуны хөдөлгөөн хийдэг гэсэн энэхүү механикийн үндсэн буюу гол таамаглалд оршино.
4. “During the last six decades many other researchers (Kh.Namsrai, …) have hypothesized that each particle of matter undergoes fluctuations in position, as a result of some microphysical processes or due to the fluctuations of submicroscopic medium, and have attempted to derive or interpret the Schrodinger equation based on assumed stochastic or diffusion processes”
M.Baublitz, Jr. in Progress of Theoretical Physics, vol.80, No 2, August 1988.
Сүүлийн 60 жилийн турш Намсрай болон бусад эрдэмтэд материйн бүтцийг бүрэлдүүлэгч эгэл бөөмс бүр огторгуй доторх байршлынхаа хувьд санамсаргүй хөдөлгөөн хийдэг гэсэн таамаглал дэвшүүлж, энэхүү таамаглалынхаа хүрээнд санамсаргүй буюу диффузын процессуудад үндэслэгдсэн Щредингерийн тэгшитгэлийг тайлбарлах эсвэл гарган авах оролдлогуудыг хийв. Энэ нь бичил ертөнцийн доторх орчны санамсаргүй шинж чанарын болон мөн бичил физикийн зарчим процессуудын үр дүн гэж үздэг болно.
5. “Attempts to restore symmetry between coordinate and momentum space, thus maintaining access to established methods of QFT, are the basis of the work of Namsrai.”
J.C.Breckenridge, V.Elias and T.G.Steel In Classical and Quantum Gravity 1995, Vol.12, Iss.3, pp.637-650
Намсрайн ажлын үндэс нь квант орны онолын аргуудыг координат болон импульсийн огторгуйн хоорондох тэгш хэмийг тогтоон хадгалахад оршино.
.