Эх орон, тусгаар тогтнол, цэрэг эрс, монгол бөхч үүдээ магтан дуулдаг дуучин О.Баянмөнх өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зургаа дахь тоглолтоо үзэгч түмэндээ толилуулна. “Тусгаар тогтнол” нэртэй тоглолтынх нь талаар түүнээс тодрууллаа.
-“Утасны анд” байна Та одоо хаана, юу хийж байна вэ?
-Яг одоо би Бөхийн өргөөнд байна. Тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэн маань хэрхэн ухаарч ойлгодог юм бол гэдгийг харуулах үүднээс “Тусгаар тогтнол” тоглолтынхоо өмнө би дунд сургуулийн сурагчдын дунд гар зураг, уран бичлэг, дөрвөн мөрт шүлгийн уралдаан зарласан юм. Хүүхдүүд их идэвхтэй оролцож, олон бүтээл ирүүллээ. Эдгээр бүтээлээр үзэсгэлэн гаргаж, шилдгүүдийг нь шалгаруулж байна. Маргааш (өнөөдөр) болох тоглолтдоо шилдгээр шалгарсан хүүхдүүдийг оролцуулж, шагнал гардуулах юм.
-Тусгаар тогтнолын үнэ цэнийг театрчилсан тоглолтоор харуулна гэсэн. Тоглолтын найруулга, өнгө аяс бусдаас арай өөр байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. “Тусгаар тогтнол” бол байдаг л нэг зохиолын дуучдын нэгдсэн тоглолт биш. Энэ үдэш үзэгчид ямар ч байсан Монгол орноороо, тусгаар тогтнол, эх түүхээрээ бахархан омогших сэтгэлээр хөглөгдөх болно гэдгийг амлаж байна. Өнөөдөр хэн дуртай нь эх түүх рүүгээ халдаж зүрхэлдэг болсон учраас тусгаар тогтнол гэдэг зүйлийн үнэ цэнийг хүмүүс тэр бүр ухаарахгүй болчихсон юм шиг санагддаг. Тиймээс би энэ улсын иргэний, уран бүтээлч хүний хувьд эмзэглэж байдаг зүйлээ тоглолтоороо харуулахыг зорьсон. Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын хөгжим “Босго, тотго” киноны дуунаас эхлээд эх орон, тусгаар тогтнолын сэдэвт бүтээлүүд энд эгшиглэнэ. Эзэн Чингисийн үеэс эхлээд монголчууд олон зууны турш ямар түүхэн замнал туулж, хэр их үнээр тусгаар тогтнолоо олж авсныг театрчилсан хэлбэрээр дуугаар дамжуулан илэрхийлэх юм. Тоглолтыг ХЦДБЧ-ын ерөнхий найруулагч У.Пүрэвсүрэн болон нэрт жүжигчин Жанчивдорж агсны хүү Жамьянсүрэн нар найруулж байгаа.
-Тэгэхээр таны тоглолтод зохиолын дуучид бараг оролцохгүй нь ээ?
-Надтай хамтран уран бүтээл туурвидаг дуучин Б.Болдбаатарыг эс тооцвол тэгж хэлж болно оо. Тоглолтод маань ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, “Хар сарнай”-гийн Амараа, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, “Увертюра”, “Улаан сарнай” хамтлаг болон ХЦДБЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Л.ГАНЧИМЭГ