МУСТА Дуучин О.Баянмөнх маргааш Монгол бөхийн өргөөнд "Тусгаар тогтнол" хэмээх зургаа дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Энэхүү тоглолт нь эзэн Чингис хааны үеэс олон зуун жилийн турш гайхамшигт түүхэн замналыг туулж, Тусгаар тогтнолоо олсоныг магтсан дууны уран бүтээлүүдээс бүрдүүлжээ.
Мөн зүгээр ч нэг зохиолын дууны тоглолт биш, театрчилсан байдлаар тавигдаж байгаа нь онцлогтой юм.
Харин Отгойн Баянмөнх сүүлийн жилүүдэд өөрийн бүтээлүүддээ эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн дуунуудаар баяжуулж байгаа аж.
Үүнийг хийхийн тулд зөвхөн дуулах хангалтгүй, хойч үедээ ч мэдрүүлэх нь чухал хэмээн Их дээд сургуулиуд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эссэ бичлэгийн уралдаан, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарлаад байгаа. Тэгвэл уг уралдаанд нийтдээ 3000 гаруй эссэ, Монгол бичгийн уран бичлэгийн 40 гаруй бүтээл, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дөрвөн мөрт шүлэг 300 гаруй бүтээл ирүүлжээ.
Энэхүү уралдаан нь ганц Улаанбаатар биш Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас ч уралдаанд оролцохоор бүтээлүүдээ илгээсэн байна.
Тэмцээний шүүгчээр МУБИС, МУИС, Идэр дээд сургуулийн багш нар оролцож байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр “Болор цом”-ын дэд байрын шагналт, МЗЭ-ийн шагналт Б.Мягмаржав, Монголын хүүхдийн нэрт зохиолч Д.Батжаргал нар шүүн явуулжээ.
“Тусгаар тогтнол” эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн эздэд тоглолтын үеэр шагнал гардуулах юм. Харин тусгай байранд орсон хүүхдүүдэд тоглолтын урилга хүргүүлж байгаа юм байна.