Дүрэмт хувцас, одон медалиараа гоёсон хэдэн хөгшин яаруухан алхаж яваа нь нүдэнд тусав. Тэдний нүдэнд баярын оч гялзалзаж байлаа. Чингисийн талбайд цугласан олны дундаас таньдаг хүнээ олж уулзчих гээд, “Хүүе тэр чинь хэн билээ”, “Манай Төмрөө мөн үү” гэхчлэн лавлан ярилцсаар алхаагаа хурдасгана. Төв талбайд Монголд сонгодог болон цэргийн үлээвэр хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үзүүлэх тоглолт, Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн нэгдсэн тоглолт болсон юм. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим хэмээх хүндэт титэмтэй цэргийн хөгжимчид, ахмадууд, үе үеийн төлөөллүүд нэгэн дор цугласан баярын өдөр энэ байлаа.
Төв талбайд цугласан олны мэлмийг баясган Үлгэр жишээ найрал хөгжим, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн найрал хөгжим, Хил хамгаалах 0151-р анги, Зэвсэгт хүчний 032-р ангийн хөгжимчид болон Зэвсэгт хүчний анги байгууллага хамтран үзүүлэх тоглолт хийсэн юм. Тэд зөвхөн Төрийн сүлд дуулал тоглож, хүндэтгэлийн хөгжим эгшиглүүлдэггүй хөнгөн хөгжмийн хэмнэлд ч хөл нийлүүлж, бүжиглэж, жагсаж чаддаг гэдгээ энд харуулсан. Олон улсын уралдаан, наадамд тогтмол амжилттай оролцож, Монголын цэргийн хөгжмийн сүр жавхааг гайхуулдаг энэ хамт олон хамгийн сүүлд ОХУ-ын Хабаровск хотноо болсон олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн “Амар мөрний долгио” наадамд оролцож, ОХУ-ын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, ирэх жилийн наадамд уригдаад байгаа.
Төв талбайд болсон тоглолтын дараа Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болсон юм. Энэ тоглолтод Үлгэр жишээ найрал хөгжмөөс гадна ЦДБЭЧ, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль, Улсын филармонийн “Баянмонгол” чуулга, ХЦДБЧ, ХБК, Монголын үндэсний найрал хөгжимчид оролцсон юм. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, хурандаа Ц.Төмөрбаттай уулзаж ойн баярын хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулсныг сонирхлоо. Тэд энэ онд “100 жилийн түүх дурсамж” ном хэвлүүлж, Үлээвэр найрал хөгжмийн шилдэг удирдаач, шилдэг цөөхүүл хөгжимчдөө тодруулжээ. Түүнчлэн маршийн зохиолын уралдаан зарлаж, дүгнэсэн байна. Богд хаант Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн Хаант орос улсад албан ёсны айлчлал хийгээд ирэхдээ зэвсэг хэрэгсэлээс гадна 8-10 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжимчид тоглох зэмсэг авчирсан нь Монголд цэргийн хөгжим бий болох эх үндэс болжээ. Улмаар Богд хааны торгон цэргийн харьяанд бүрээсдийн салбар байгуулж, Нийслэл хүрээнд амьдарч байсан оросын иргэн А.А.Кольцовыг найрал хөгжмийн сургагчаар урьж, европын сонгодог үлээвэр хөгжим, нотны тэмдэглэгээ , уншлагыг заалгасан түүхтэй.
Улсын сүр жавхаа цэрэгтээ, цэргийн жавхаа жагсаалдаа байдаг гэсэн үг бий. Тэгвэл хөгжимгүй жагсаалыг сайхан гэж магтах хүн ховор. Тэгэхээр цэргийн, цаашлаад эх орныхоо өнгө жавхааг тодруулж, нүүрийг нь тахалж яваа үе үеийн цэргийн хөгжимчиддөө 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Ж.Солонго