Монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлж, уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэн, үндэсний соёлоороо бахархах үзлийг бий болгон уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой “Монгол уран бүтээл” хөтөлбөрийг энэ онд баталсан. Үндэсний хөтөлбөрийг бэлтгэн хэрэгжүүлэх болсон тухайгаа өчигдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Сайдын зөвлөх Ц.Төмөрбаатар, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин, Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх, СУБХЗГ-ын дарга З.Баянзул нар мэдээллээ.
Үндэсний уламжлал, монгол домог, зан заншлыг харуулсан хүүхэлдэйн кино, хүүхэд, залуучуудад зориулсан телевизийн олон ангит кино, түүхэн сэдэвт бүрэн хэмжээний кино, телевизийн хүүхэлдэйн жүжиг, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын болон өв соёлын талаар хийсэн баримтат кино, нэвтрүүлэг, цуврал хөтөлбөр, үндэсний дуурь, балет, драмын жүжиг, концертыг телевизийн бүтээл болгосон нэвтрүүлэг, сонсдог ном, радио жүжиг, монгол үндэсний ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, түргэн хэллэг зэрэг аман цэц билгийн өв санг түгээн дэлгэрүүлэх уран сайхны хөтөлбөр зэргийг онцлон энэ хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх аж.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй төслийг ирэх оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15.00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх санд хүлээн авах аж.
С.Сэргэлэн