Жил бүр арванхоёрдугаар сард хүмүүс бусад үеэс илүү “ухаажиж”, догдолдог болов уу. Чухамхүү энэ үед тухайн жилийнхээ алдаа, оноог дэнслэн, ирэх ондоо хийж бүтээхээ төлөвлөдөг нэг ёсны “их цэвэрлэгээ” бас их тэсрэлт хийдэг. Энэ утгаараа хувь хүн, албан байгууллага, гэр бүл гээд улс даяар амжилт бүтээлийнхээ ургацаар бахархдаг. Монголын соёл урлагийнхан хэр амжилттай байсан, хаанахын ямар тайзан дээр хэн хэн гэдэг уран бүтээлч эх орныхоо нэрийг гаргасныг дүгнэн, оны шилдэг, гарамгай уран бүтээлчид тайлангаа тавьдаг уламжлалтай билээ. Энэ бол “Виртуозо” наадам. Шинэ жилийг хүсэн хүлээдэг шиг гарамгайчуудын бүтээлээс толидохыг тэсэн ядан ярьдагү зэгчид өдийд гарцаагүй “Виртуозо 2014”-ийн талаар чих тавин суугаа. Тэгвэл “Виртуозо” академи 12 дахь жилдээ оны гарамгай уран бүтээлчдийг ирэх арванхоёрдугаар сарын 4-нд Улсын филармонийн тайзнаа “болзоонд” урьжээ.
Өнгөрсөн жил “Виртуозо” наадмыг Монголын өсвөрийн хөгжимчид, язгуур урлагийнхан гайхалтай чимсэн бол энэ удаагийн уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтаас харахад ч сонирхолтой, сүлэлдсэн өнгө тодорч байна. Улирч буй онд хэн хэн ямар амжилтаараа Монголын гарамгай уран бүтээлчдийн жагсаалтад багтав.
Х.ТАМИР
БНСУ-д болсон өсвөрийн балетчдын уралдааны алтан медальт Х.Тамирыг энэхүү амжилтынх нь төлөө тус улсын Урлагийн академид 50 хувийн хөнгөлөлттэй сургахаар урьжээ. “UB ballet” сургуульд сурдаг тэрбээр 2012 онд ДБЭТын уран бүтээлчдийн багт багтаж, БНХАУ-ын Тянь Жин хотын тайзнаа П.И.Чайковскийн “Щелкунчик” балетад оролцон тогложээ. Түүний мэргэжлийн багш нь Ц.Жаргалан.
Б.БИЛГҮҮН
ХБК-ийн хийл хөгжмийн ангийн II курсийн оюутан. Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Чех улсад болдог Ж.Косианы нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд удаа дараа амжилттай оролцсон. АНУ-д болсон олон улсын өсвөрийн хөгжимчдийн “Кришендо” уралдаанд тэргүүлсэн амжилтаараа НьюЙоркийн алдарт Карнегийн тайзнаа тоглосныг нь бид мэдээлсэн. Гавьяат багш Л.Алтанцэцэгийн гарын шавь.
Б.МӨНХБААТАР
“Түмэн эх” чуулгын уртын дуучин энэ залуу “Дуртмал сайхан” олон улсын уралдааны уртын дууны төрөлд тэргүүлсэн, саяхан болсон хөдөлм өрийн баатар Л.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дууны мэргэжлийн дуучдын улсын уралдаанд дэд байр эзэлсэн. АНУ-ын Сан-Франциско хотод Пан Азийн хөгжмийн урлагийн их наадамд амжилттай оролцсон, мөн уран бүтээлийн “Талын морьтны дуу” бие даасан хоёр дахь тайлан тоглолтоо үзэгч олондоо өргөн барьсан амжилттай.
Н.ЖИГЖИДДОРЖ
Морин хуурын чуулга, “Арга билэг” хамтлагийн гоцлол хөгжимчин. Энэ онд уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийхдээ хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуур, найрал хөгжимд зориулсан II концертыг анх тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. “Арга билэг” хамтлаг Швейцарийн жааз хөгжимчидтэй хамтарсан “Агула” тоглолтыг Улаанбаатар хотод хийж шинэ бүтээлүүдээрээ цомог гаргасан. Түүнчлэн тус хамтлаг өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын зургаан хотод аялан тоглож, эх орноо сурталчилсан билээ.
Ү.УРТНАСАН
ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн нэгдүгээр курсийн оюутан. Энэ оны хавар Улаанбаатарт болсон Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын II уралдааны B ангиллын дэд байр болон үзэгчдийн нэрэмжит шагналтай. Өмнө нь Швейцарь улсад болсон П.И.Чайковскийн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцож, Москва дахь суут хөгжмийн зохиолчийн нэрэмжит Хүүхдийн хөгжмийн дунд сургуульд сурах эрхээр шагнуулсныг нь дурдах хэрэгтэй. Тэрбээр гавьяат багш Ч.Тунгалагийн удирдлага дор мэргэжлээрээ өсөж яваа.
СОНГОДОГ ХӨГЖМИЙН ДӨРВӨЛ
ХБК-ийн хийлийн ангийн оюутан Б.Дөлгөөн болон Б.Билгүүн, виолончелийн ангийн оюутан Ж.Доржсүрэн, альт хөгжмийн ангийн оюутан Т.Энх-Отгон нар Монголын нэрийг тод гаргах хөгжимчид гарцаагүй мөн. Тийм ч учраас тэднийг гарамгай уран бүтээлчдийн жагсаалтад оруулжээ. Квартет буюу хөгжмийн дөрвөл төрлөөр гар нийлсэн тэдний урын санд А.Вивальди, Й.Гайдн, В.А.Моцарт, А.Дворжак нарын дэлхийн нэрт хөгжмийн зохиолчид болон ардын жүжигчин Ж.Чулууны уран бүтээлүүд бий. Цөөхүүл хөгжмийн мэргэжлийн багш нь урлагийн гавьяат зүтгэлтэн Чулууны Чинбат.
Д.СУГАРХҮҮ
Улсын филармонийн контрбасс хөгжимчин. Монголын сонгодог хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгөтэй тэрбээр Орост Хөгжмийн дээд сургууль төгсөж, Италийн Венецийн Урлагийн академид таван жил сурсан эрдмээ эх орондоо зориулан нийт 25 жил ажилласан туршлагатай уран бүтээлч. Тэрбээр энэ онд челист Аззаяатай хамтран “Dolche basso&chello” тоглолтоо хийсэн. Хөгжимчин Д.Сугархүү хөгжим урлаач Түвшинтөрөөр монгол контрбасс урлуулж Улсын филармонийн симфони найрал хөгжимдөө үлдээсэн, санаачилгатай уран бүтээлч юм. Зөөлөн, тослог өнгөтэй анхны монгол контрбасс хөгжмөөрөө тэрбээр “Виртуозо-2014”-д тоглох нь.
Т.СОДГЭРЭЛ
Үндэсний дуу бүжгийн “ Түмэн э х ” чуулгын бүжигчин энэ бүсгүй монгол ардын бүжгийн язгуур чанар, ястнуудын ахуй соёл, зан заншлын адил болоод ялгаатай талыг дурайтал “зурж” бүжиглэдэг гарамгай уран бүтээлч. Өнгөрсөн тавдугаар сард бие даасан “Тусгал” тоглолтоо хийсэн, мөн Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон олон үндэстний бүжигчдийн “Summer” наадамд чуулгын уран бүтээлчидтэйгээ оролцож, гайхалтай амжилт гаргасан.
Б.НОМУУН
ХБК-ийн ятга хөгжмийн ангийн сурагч. ОХУ-ын Улаан-Үд хотод болсон өсвөрийн хөгжимчдийн олон улсын “Найдал-2014” уралдааны гран при шагналтан. Үндэсний хөгжмөөр ирээдүйд цахиур хагална гэж түүнийг мэргэжлийн багш Ч.Мөнх-Эрдэнэ нь болон бусад мэргэжилтнүүд дүгнэдэг.
Б.МӨНХБАЯР
ХБК-ийн морин хуурын ангийн I курсийн оюутан. ОХУ-ын Эрхүү хотод болсон “Байкальские струны” чавхдаст хөгжимчдийн олон улсын наадамд амжилттай оролцсон. Хэдхэн хоногийн дараа мөн Эрхүүгийн филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын морин хуур, симфони найрал хөгжмийн концертыг БНХАУ-ын удирдаачийн удирдлагаар гурван ангиар нь тоглохоор явах гэж буй сайхан мэдээ байна. Түүний мэргэжлийн багш нь Н.Буянбаатар.
ХО ИНЖИ
Хятадаас Монголын Хөгжим бүжгийн коллежийг зорин ирж, суралцаж буй оюутан. Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх санаачлан ХБК-той хамтарч зохион байгуулдаг, төгөлдөр хуур суралцагч оюутан, сурагчдын тоглох техник, ур чадварыг хөгжүүлэх зорилготой уралдааны энэ оны гран при шагналтай. Мэргэжлийн багш нь С.Саянцэцэг.
“UNICO”
Сонгодог хөгжимчдийн ”UNICO” хамтлагийнхан Монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө, эрч хүч нэмж буй. Энэ сарын 4-нд анхны тоглолтоо өргөн барьсан тус хамтлагийнхан тус бүрнээ гарамгай амжилт гаргасан тул энэхүү наадамд уригдсан.
АРГА БИЛЭГ” ХАМТЛАГ
Энэ хамтлагийн залуусыг өдгөө Монголд төдийгүй олон улсад таних болсон. Монгол гэдэг ямар өвөрмөц соёл, заншилтай түмэн болохыг тэд олон улсын олон уралдаанд харуулсан билээ.
Энэ жилийн хувьд тэд Швейцарийн жааз хөгжимчидтэй хамтран тоглолт хийж, түүгээрээ цомог гаргасан.
“Виртуозо 2014” нэгдсэн тоглолтод оролцох оны шилдэг уран бүтээлчдийн жагсаалтад өөр гурван хүний нэр бий. Гэхдээ тэд хүндэтгэх шалтгааны улмаас өнжих болжээ. Тодруулбал, ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн оюутан Э.Номин Польшийн Хөгжмийн академид сурахаар хэд хоногийн дараа явах юм. Тэрбээр Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааны “B” ангилалд тэргүүлсэн амжилтаараа гарамгай уран бүтээлчдийн багт орсон юм. ОХУ-д болсон олон улсын язгуур хөгжимчдийн уралдааны гоцлол хөгжмийн төрөлд II байр эзэлсэн амжилтаараа оны шилдэг уран бүтээлч болсон үндэсний хөгжмийн “Хөсөгтөн” хамтлагийн гоцлол ятгачин Ч.Амарбаясгалан ирэх сарын 4-нд буюу “Виртуозо” болох өдөр Малайз улс руу тоглолтоор явах аж. Тэгвэл гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч Г.Ариунбаатар ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар уригдан ажиллаж байгаа тул уг арга хэмжээнд оролцох боломжгүй юм байна. Тэрбээр ажлаа зохицуулаад тоглолтод ирэхийг хичээнэ гэж мэдээлжээ.
Ж.ЭРДЭНЭ