“Хүрээ тулга” дунд сургуулийн долдугаар ангид сурдаг, уран гартай, сайхан сэтгэлтэй Г.Пүрэвсүрэн охин өнөөдөр сургууль дээрээ бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх нь. Тэрбээр хийсэн бүтээлүүдээ энэ үеэр борлуулж, орлогоор нь “Бадамлянхуа” асрамжийн газрын охинд туслахыг хүссэн гэнэ. Түүнтэй товч ярилцлаа.
-Хэзээнээс ийм зүйлс хийдэг болсон бэ?
-Хоёр жилийн өмнө манай ангийнхан бүтээлийн үзэсгэлэн дэлгэсэн юм. Тэр үед ээжтэйгээ хамтран оймсоор чихмэл тоглоом хийсэн. Түүнээс хойш олон чихмэл хийж, үзэсгэлэнгээ гаргасан. Харин өнгөрсөн жил аав минь БНСУ-аас баримлын шавар явуулснаар бэлэг дурсгалын зүйл урладаг болсон. Хийсэн бүтээлүүдээсээ сургуулийнхаа төгсөх ангийн ах, эгч нарт дурсгадаг байсан.
-Яагаад хүүхдүүдэд туслахаар шийдсэн юм бэ?
-Миний хийсэн зүйлийн зургийг ээж фэйсбүүк хуудсандаа нийтэлдэг юм. Тэгтэл хүмүүс яаж хийснийг сонирхож, заримыг нь худалдаж авах санал ч ирсэн. Тэгээд бүтээлүүдээсээ зарж олсон 8000 төгрөгөөрөө “Бадамлянхуа” асрамжийн газрын хоёр настай хүүхдэд цэмбэн гутал авч өгсөн. Миний хийснийг хүмүүс худалдаж авбал асрамжийн газрын эгчид 38 размерийн пүүз авч өгнө.
-Нэгийг нь хэдээр зарах вэ?
-100 гаруй тоглоом хийсэн. Хурдан хатдаг баримлын шавар хэрэглэдэг учир 5-10 минутад л хийдэг. 500-3000 төгрөгт зарна. Бэлэг дурсгалын зүйл яаж хийхийг удахгүй асрамжийн газрын хүүхдүүдэд зааж өгнө.
-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Зураач болохыг хүсдэг. Өнгөрсөн жил нийслэлийн Сурагчдын холбооноос зохион байгуулсан гар зургийн уралдаанаас хүрэл медаль авсан. Бүжиг, компьютер засварын дугуйланд явж, математикийн сонгонд суралцдаг. “Бид баянголчууд” тэмцээнд бүжгээрээ оролцож, гран при авсан. Цаашдаа хийсэн бүтээлээ зарж илүү олон хүүхдэд тусалмаар байна.