Ахмад зохиолч Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч, нийтлэлч Долгорын Нямаа энэ жил 75 насыг зооглож буй юм. Түүний төрсөн өдөр энэ сард тохиож байгаа аж. Долгорын Нямаагийн “Шөнийн талд адуу янцгаана” шүлгийг анх гараад ирмэгц би цочирдож билээ. “Хүүе энэ чинь юу билээ? Энэ шүлгийг чинь би ерөөсөө өнөө маргаашгүй бичих гэж байсан. Бараг биччихсэн юм биш үү. Би чинь тал нутагт хээр хонож, адуу янцгаахыг сонсохоороо нэг сонсож, үзэхээрээ нэг үзсэн Гэтэл энэ “янцгаахыг” би биш Д.Нямаа бичих ёстой юм гэж үү. Ер нь тэгж яривал Д.Нямаа тэртээ говийн Өлзийтийн тэмээтэй нутгийн хүн. Би бол хаашаа ч зайлахгүй адууны орон, Дундговь аймагтаа хангай гэгдэх Эрдэнэдалай нутгийн унага шүү дээ. Адууны нутгийн хүн л адуугаа хэнээс ч илүү мэдэх учиртай биз дээ” гэх мэтээр дотроо айхтар ширүүн агсам тавьсаар явлаа.
Гэсэн ч яваандаа тайвширлаа. Агсрах маань эргэц үүлэл рүү шилжив. “Үгүй ер нь би гэдэг нөхөр энэ шүлгийг яагаад бичээгүй өдий хүрсэн юм бэ. Яагаад тэр билээ? Бичихээ шахсан боловч бичээгүй л шүү дээ. Адуутай нутгийн хүү л бичих ёстой байсан юм бол би тэгээд бичихг үй яасан юм бэ? Юунд тэр “тэмээт”-д алдсан байдаг билээ” гэж өөрийг өө зэмлэлээ. Бодлоо, тал нутаг, адуу малаа арван хуруу шигээ мэддэг би талын тухай, адууны тухай, шөнийн тухай мөн ч олон, шүлэг бичсэн дээ. Адуу чарлалдах, тангаралцах, ногоо шир шир зулгаах тухай мундахгүй л бичсэн дээ. “Саруулын талд хээр хонох сайхан” гэдэг шүлгээрээ хүртэл нэг номоо нэрлэж л байсан биз дээ. Гэтэл яахлаараа тэр шөнийн талд эгшиг татуулан хангинах адууны содон сайхан янцгаалтыг энэ муу хоёр дэлдгэрээсээ тойруулж өнгөрөөгөөд байж вэ? Тэгэхээс тэгэх гэж адарсан юм шиг” гэх мэтээр эргэцүүлэн гайхан бодлоо.
Гэтэл энэ их бодол гайхашралын минь хариу тун ч энгийн юм байжээ. Товчхон хэлбэл Нямаа гэдэг хүн Нямаа байсан болоод л тэр шүлгийг биччихжээ. Лувсандэлэг гэдэг хүн Лувсандэлэг байсан болоод л тийм шүлэг бичсэнгүй ээ. Нүд чихийг нь орчин тойрон орчлон хорвоотой холбодог юм нь Д.Нямаад бол яруу сэтгэлгээ, Д.Лувсандэлэгт бол энгийн ойлголт байжээ. Ер нь яруу найраг гэдэг нь яруу сэтгэлгээ л юм гэж санагддаг. Үзэгдэл юмсыг яруу сэтгэлгээгээр бус энгийн ойлголтоор тусгадаг хүн бол яруу найраг гэж бодохын ч, ярихын ч хэрэггүй юм. Энэхэн энгийнийг бодоод үзэхээр л тэр гайхамшигт шүлгийг зөвхөн Д.Нямаа бичсэний учир нь тодорхой болоод ирж байгаа юм. Өчнөөн олон шөнөөр явж, өчнөөн удаа хээр хонож, өчнөөн удаа адуу янцгаахыг сонссон атал тэр шөнийн талд адуу янцгаах уярам сайхан чимээ миний хувьд “Илжигний чихэнд ус хийсэн ч тос хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг юм болоод өнгөрчээ. “Өө яахав, адуу янцгааж л байна гэсэн шиг маягаар тоомжирг үйхэн хүлээж авсан эгэл нэгэн хэнэггүйхэн чих л байсан болохоос хүүе яасан сайхан юм бэ” гээд догдлон дуу алдан гайхах яруу сайхны сонсгол надад байсангүй.
Эд хөрөнгөний заяа муутай хүн зам дээр хэвтсэн мөнгөн ембүүнд тулж ирээд “Үгүй, сохор хүн ер нь ямар байдаг юм бол” гээд нүдээ аниад дээгүүр нь алхаад гарсан үлгэр байдаг. Яруу найргийн мэдрэмж муутай миний бие шөнийн талд адуу янцгаахын сайхныг сонсохоос зайлсхийж “Үгүй ер нь энэ дүлий хүн ямар байдаг юм бол?” гээд чихээ бөглөөд өнгөрөөсөн мэт болжээ. Энэ шүлгийг бичсэнг үй гэж би өөрөө өөрийгөө зэмлэсэн нь “Ухаан суугааг үй намайгаа болбол уурлаж загнаад юугаа хийх вэ?” гэж ардын дуунд гардагчлан “Яруу сэтгэлгээгүй өөрийгөө болбол яллаж загнаад юугаа хийх вэ?” гэмээр л юм болж байж дээ. Энэ шүлгийн зөвхөн гарчиг нь л гэхэд бүхэл бүтэн сайхан шүлгийн дайтай юм. Чухамхүү ууланд биш талд, өдөр биш шөнө (далд цаана), өөр мал майлсан, мөөрсөн биш зөвхөн адуу янцгаасан энэ тохиолдол орон зай, цаг үе, аяс байдалтайгаа уусан уялдан нэгдэж уран сайхан, гоо зүйн гайхамшигт нэгэн цогц болж байгаа юм. Тэгээд энэ онцгой цогц бүрдлийг алдагдуулахг үйгээр тэр л янзанд нь тодотгож шүлэглэж хийсэн нь зөвх өн сайн найрагчийн чансааг илтгэж байгаа юм.
Өөр хүмүүсийн бичсэн шүлэг зохиолд “Шөнийн талд адуу янцгаана”- тай барин тавин адилхан нэрн үүд байдаг. Энэ нь сэтгэл, ой мэдрэмжийг эзэмдсэн сайн шүлгийн санаа аяндаа нөлөөлснийх байх. Үүнийг энэ нэрийг хуулсан гэж хэлж болохгүй. Харин уг нэрэнд автсан гэж хэлж болох байх. Хэн бүхний хэлээг үй, хэлэхэд ч амаргүй сайхан санаа, оносон үг гэдэг хэн бүхнээс биш оюун билэг авьяас төгс цөөхөн хүнээс л гардаг. 1930-аад оны үед бичиг ном туурвидаг өчнөөн олон хүн улаан шар алагласан орхимжтой лам нарыг үзсэн, тэдний дунд амьдарсан. Гэсэн ч хэн нь ч Д.Нацагдорж шиг “улаан шарыг тунуулсаар намс намс алхана” гэж бичсэнгүй. Зөвхөн Д.Нацагдоржийг бичсэнээс хойш л уншигч олны сэтгэлд лам хүний тэр нийтлэг дүр төрх “тунуулсаар” “намс намс алхсаар” үлдсэн билээ. Ингэж онож хэлснийг зөвхөн авьяас гэхэд багадмаар, ханасан оюунлаг сэтгэлгээ, гүн авьяас гэвэл арай илүү ойртоно. Энэчлэн адуу янцгаахыг тэр тухайн цаг, орон зайтай нь уусган ансамбальжуулж хэлсэн Нямаагийн шүлэг бие даасан дүр сэтгэлгээ болон уншигчдын сэтгэлд үлджээ. Д.Нямаа ер нь бичиж туурвисан бүхнээрээ онцгой өөр хүн. Дуртгал болон гадаадад явсан тэмдэглэл нь ч хэн бүхний бичдэгээс өөр содон, анзааргатай, оюунлаг байдаг. “Хөөрхөн хүүхэн болж уу би”, “Цэцэгт цэнхэр алчуур” зэрэг дууны шүлгүүд нь бусад найрагч шүлэгчдийн тогтсон арга барилаас өөр бөгөөд үйлдэл, хөд өлгөөнтэй бичигдсэн байдаг. Ирж яваа усны шувуудыг зайлшгүй учир шалтгаанаар хоньчин хүүхэн алчуур дээрээ суулгасан ийм санаанд оромгүй зохиомжийг хэн ч санаагүй, хойшид бараг санахгүй байх.
Хайр дурлал гэгч ер бусын хүчтэй юмны халуун нөөлгөнд автагдсан өсвөр залуу бүсгүй “Дурлалын дуу аялан гадаа гармаар байх чинь” гэж байж ядан дэвэлзэж байгааг бичсэн нь зохиож бичсэн биш, өгүүлэгдэгч өөрөө л тэгж сэтгэлээсээ дуулсан гэмээр санагддаг. Энэ бол тун адтай онож дүрсжүүлж хэлснийх юм.
Ард түмэн өөрсдөө зохиосон ардын дуунд л ийм барин тавин харагдаж, үзэгдэхээр дүрсэлж хэлсэн байдаг даа. Ардын дуунд “Тоодон цагаан тоодон цагаан дээлнийх нь хормой нь хийсээд хормой нь хийсээд давлаа даа” гэсэн нь энэ дууг анх зохиож дуулагчийн нүдэнд харагдаж байсан шигээ сонссон хүмүүсийн нүдэнд бас яг адилхан дамжиж харагддаг. “Дурлалын дуу аялан гадаа гармаар” болж байгаа нь мөн л ардын дууны энэ дүрслэлтэй дүйж байна. Энэ хоёр дүрслэлийн өөр нь гэвэл ардын дууных нь нүдэнд эхлээд харагдуулж дараа нь сэтгэлд бодогдуулах дүрслэл, Д.Нямаагийнх нь шууд сэтгэлд бодогдуулах талыг нь түлхүү гаргасан дүрслэл юм.
Д.Нямаа хүүхний хөөрхнийг “Дуулим талын цэцгэрх үү”, сайхныг “Өргөн хангайн согоорхуу” гэж зүйрлэсэн байдаг. Ардын аман зохиол оньсогонд хөөрхөн сайхны ялгааг иймэрхүү оноож хэлсэн байдаг. Бага малын өөхийг нь авчихсан, өөлж сийлчихсэн юм шиг нүцгэн бөөр ямархуу харагддаг билээ, шинж байдлыг нь хэрэв хэлэх гэвэл үүнийг “сайхан” гэхгүй “хөөрх өн” л гэнэ. Сор нь солонгорсон үслэг урт сүүл нь суналзаж намирсан үнэг ямаршуу харагддаг билээ, үүнийг бол харин “хөөрх өн” гэхгүй “сайхан” л гэнэ. Энэ л дагуу ард түмэн оньсогонд бөөрийг “Хөөрхөн хүүхэн хөвөнд боодолтой” гэж, үнэгийг “сайхан хүүхэн сам шүүргүй” гэж хэлсэн байдаг. Ингэхээр Д.Нямаагийн дууны шүлгэндээ хөөрхөн сайхныг ялгаруулж хэлсэн нь “агуу их багш” ардын аман зохиолын арга маягтай яг дүйж байна.
Д.Нямаа Америкт сууж байхдаа бичсэн “Атлантын түрлэг” гэдэг номондоо мэдээлэл уран сайхны их зүйлийг чадварлаг тусгасан байдаг. Америкийг үзээгүй мэдээгүй аль ч үндэстний уншигч Америкийг биеэр очиж үзсэнээс илүү үзэж мэдсэний дайтай болохуйц сайн зураглаж бичсэн байдаг. Зөвх өн ном дээр бичсэнийг уншихад яагаад биеэр очиж үзсэнээс илүү байдаг билээ гэж хүн асууж магадгүй юм. Тэгвэл үүнд тайлбар хэлье. Харь улсын амьдралыг өөрийн анзаарга муутай нүдээр үзсэнээс чадвартай сэтгүүлчийн бичсэн сайн номноос уншсан нь дээр байдаг. Билгийн нүдтэй уран бүтээлчийн урлаж бичсэн ном хүний очиж үзээгүй юмыг үзсэн мэт болгож, харсан ч цэгнэж бодохгүй өнгөр өх байсан юмыг цэгнэж бодуулдаг. Тэгвэл Д.Нямаагийн бичсэн Америкийн тухай номыг энэ жишээнд оруулж болно.
Энд ганцхан жишээ татъя. Д.Нямаагийн хүүхдүүдтэй ойр зэргэлдээ суудаг америк иргэн өглөө байшингаасаа гараад явах гэтэл тэднийд өгөх гэсэн өдрийн хэвлэл сонингууд нь гадаа газар (гудамжинд) уначихсан хэвтэнэ. Тэр америк хүн буцаж орохоосоо залхуурсан ч юм уу газар хэвтсэн тэр сонингуудыг хөлөөрөө түрж үүд рүүгээ жаахан ойртуулчихаад орой ирэхдээ л авъя гэж байгаа бололтой яваад өгч байна. Зөвхөн энэ жижигхэн зураглалаас америк хүний амарлингуй зан төлөв, Америкийн нийгмийн зохицож төлөвшсөн өнгө төрх цаагуураа харагдаад байна. Тэр байтугай үүгээрээ Америкийн газар нутгийн, цаг агаарын байдлыг ч тодруулж илэрхийлсэн гэмээр. Тэр нутагт салхигүй тогтуухан байдал нь өдөртөө хадгалагддаг юмуу гэж ойлгогдохоор. Энэ номон дахь олон юм гярхай сайн кино зураглаачийн буюу найруулагчийн оносон олзуурхам шийдэл мэт санагдсан. Энэ бол чухамдаа номыг зохиогчийн гүн авъяасын жишээ юм. Энэ мэт содон юмыг анзаарч харах, ном дотроо сонгож авах, оносон хэл найруулгаар дүрсж үүлж туурвина гэдэг яах аргаг үй зохиогчийн авьяастай хамаатай зүйл юм.
Өөрийн үндэстнийхээ хэл сэтгэлгээ, ахуйг нарийн тусгасан аливаа сайн яруу найраг өөрийнхөө үндэстэн уншигчдын талархлыг хүлээж нийтэд түгдэг хэрнээ орчуулагдаж гадаад өөр үндэстний хэл сэтгэхүйд нэвтэрч түгээх талаараа харин жаахан “аз муутай” байдаг ч байж магадг үй. Бүр хэчнээн их үндэстний сэтгэлгээ гаргасан, хэчнээн сайн бичсэн байх тусмаа орчуулахад хэцүү байдаг байх. Энэ жишээгээр Д.Нямаагийн уянгын шүлгийг гадаад хэл рүү орчуулахад амаргүй ч байж магадгүй.
Заавал орчуулах гэвэл тэр орчуулгыг унших үндэстний ой тойнд буулгахын тулд арга буюу уул шүлгэнд байхгүй нэмэлт санаа тодотгол зориуд хийж байж нэг ёсондоо зохиогчийн эрхийг тийнх үү зөрчиж байж л “орчуулж” болмоор юм шиг санагддаг. Д.Нямаагийн уянгын олон шүлгийг орчуулах тухайд мөн ийм байдалтай юм. Ухаан дотроо улам том гүнзгий ухацтайг нь гүн ухаан гэдэг. Үүний адилаар яруу найрагч, зохиолч, нийтлэлч Долгорын Нямааг гүн авьяастан гэвэл зохистой мэт санагддаг.
Уншигч олны сэтгэлд
Шүлгийн тань шад алга байгаа бол
Уран найргийн тэнгэрт
Шүлэгч та алга байгаа нь тэр гэсэн дөрвөн мөрт шүлэг байна гэж бодъё. Эсхүл энэ шүлгэнд гарсан санааг бас нөгөө тал руу нь өөр маягаар:
Уншигч олны сэтгэлд
Шүлгийн тань шад эгшиглэж байгаа бол
Уран найргийн тэнгэрт
Шүлэгч та заларч байгаа нь тэр гэж ч шүлэглэж болмоор. Тэгвэл яруу найрагч, зохиолч, нийтлэлч Долгорын Нямаагийн бүтээл уншигч олны сэтгэлийг эзэгнэсээр, Д.Нямаа өөрөө ч уран найраг уран туурвилын тэнгэрт заларсаар бүтээсээр явдаг хүн.
Д.ЛУВСАНДЭЛЭГ