Архангай аймгийн Жаргалант суманд ажиллаж амьдардаг ахмад сэтгүүлч Дашзэвэгийн Гүррагчаа " Номон суварга-3" шинэ номоо өлгийдөн авч, хот хөдөөгийн уншигч олондоо бэлэг бариад байна.
Энэ жил болсон Жаргалант сумынхаа 90 жилийн ойд энэ гурав дахь оюуны суваргаа зориулан бичжээ. 2004 онд сумынхаа 80 жилийн ойд анхны "Номон суварга"-аа босгож байсан бол 2010 онд 100 хүний хөрөг бүхий хоёр дахь "Номон суварга"-аа бсгосон юм. Ахмад сэтгүүлч Д.Гүррагчаа дунд сургуулийн багшаас захирал, "Идэвхтэн бичигч"-ээс Сүхбаатарын одон хүртсэн сэтгүүлч болтлоо 50 гаруй жил тасралтгүй орон нутгаасаа мэдээ, мэдээллээ бэлтгэн орон нутгийн сониноос эхлэн төвийн бүх сонин, сэтгүүл, радио, телевизэд нийлүүлсэн хөдөлмөрч, уйгагүй хүн юм.
Тэрбээр хуучин ЗХУ-ын "Зөвлөлт холбоот улс" ,"Октябрийн туяа", Москвагийн радиод ч монгол улсынхаа тухай олон мэдээг бичиж, тусгай шагналуудыг хүртэж байснаас гадна Монголын сэтгүүлчдийн олон удаагийн хурлын төлөөлөгч, төвийн олон хэвлэлийн ойд урилгаар оролцож байжээ. Сумынхаа" Хүндэт иргэн" цолыг хүртсэн, нас 70 гарсан хэдий ч намба, туршлага заан нутгийнхаа ойд зориулсан олон ном туурвиж яваа нь ч ясны зүтгэлтэй хүний үлгэр гэлтэй. Д.Гүррагчаа одоо ч хөдөө орон нутгийнхаа амьдралыг тольдсон мэдээ, мэдээллээ ч төв орон нутгийн хэвлэлд бичсээр явна.