Дуучин Х.Отгоотой ярилцсанаа хүргэе.
-Саяхан “Чилл аут” цомгоо танилцуулах тоглолтоо хийлээ. Одоо юу төлөвлөж байна вэ?
-Цомог гаргаад л болчих юм шиг санаж байтал нэгэнт хийснээ олонд танилцуулах ажил ундардаг юм байна. Юуны түрүүнд хоёр дууныхаа клипийг эхлүүлээд орхисноо шинэ жилээс өмнө дуусгахаар төлөвлөсөн. Уран бүтээл амжилттай болсон, эсэх нь аяндаа мэдэгдэнэ. Хэрвээ олонд хүрвэл бие даасан тоглолт хийх байх.
-Одоогийн уран бүтээлчдийн дуугаа бусдад хүргэх арга нь таныг ид дуулдаг байсан үеийнхээс хэр ялгаатай байна вэ?
- 2007 оноос хойш зургаан жил завсарлаад цомог гаргажээ. Тэр үед Монголд интернэт одоогийнх шиг өргөн дэлгэрээгүй байсан учир чанартай уран бүтээлүүд радио, телевизүүдээр дамжин олон нийтэд хүрдэг байлаа. Одоо бол цахим ертөнцөөр түгээх шаардлагатай болж. Тэгэхийн тулд цахим хуудсаа идэвхтэй ажиллуулах зэргээр өөрөө хичээх хэрэгтэй. 100 гаруй дагагчтай байсан фэйсбүүк хуудсаа Валентиний баяраас хойш идэвхтэй хөтөлж, одоо 6000 гаруй лайктай болсон. Элдэв хар бараан сэтгэгдэлгүй, эвтэйхэн хөтлөхсөн гэж боддог юм.
-Урлагийнхан бүтээлээ цахим ертөнцөөр цацах нь урьдынхаас илүү шударга, сонсогчдод сонголттой болсон шиг санагддаг уу?
-Цахим ертөнцөөр дамжуулж хүмүүстэй илүү ойртоод байх шиг хэрнээ нөгөө талаар үгүй юм аа. Хүмүүс дуучдын уран бүтээл гэхээс илүү дуулиан, шар мэдээлэл илүү сонирхдог юм билээ. Дуучдын сайн бүтээлүүд өчнөөн гардаг ч, хүнд хүрэх нь бага шиг санагддаг. Интернэтээр хүмүүсийн үзэх юм олшроод, аливаа мэдээллийг нүүрэн дээр нь тулгах шахуу тавиад байхаар илүү залхуу болчихсон юм шиг ээ. Урьд нь сайн уран бүтээл радио, хөгжмийн нэвтрүүлгээр хит болдог байсан. Тэр үед хэчнээн мянган хүн сонсож байгааг мэдэхийн аргагүй байсан ч, хаана ч очсон хүмүүс дагаж дуулдаг байлаа.
-Танд одоо урамгүй санагдаж байна уу?
-Мэдээж, жаахан гонсоймоор. Уран бүтээлчдийг шинэхэн жимс шиг байхад нь хүмүүс илүү сонирхдог юм биш үү. Ингэж бодож л өөрийгөө зөвтгөх юм. Би Аланис Мориссеттийн дуунуудад эртнээс дуртай байсан. Одоо ч тоглолт хийдэг, хүмүүс хайртай хэвээрээ. Яагаад гэвэл тэр хүнийг дэлхий мэднэ. Харин Монголын зах зээл арай л жижигхэн юм даа.
-Гаднын дуучдыг ажиглахад богино хугацаанд олон цомог гаргадаг. Хамаг байдгаа дэлгэчихээр сонсогчид удахгүй уйддаг. Танд цаашид хэдэн цомог гаргах нөөц байгаа вэ?
-Би зорилгоо олон жилээр төлөвлөхөөс илүү шат шатаар ахиулах дуртай. Нэг жилийн төлөвлөгөө боловсруулаад бодсон хугацаандаа түүнийгээ биелүүлэх нь том амжилт. Амжихгүй байвал хойшлуулаад ч хамаагүй хийдэг. Ганцхан том зорилго тавиад түүндээ хүрчихвэл амьдрал утгагүй санагддаг. Тэгэхээр бага багаар ахиулсан нь сонирхолтой.Чадаж л байх юм бол цаашдаа дуулаад л байна. Гэхдээ миний карьераас илүү гэр бүл минь чухал. Хүүхдүүдээ зөв, сайн хүн болгож хүмүүжүүлэхсэн гэж боддог. Үүнд амьдралынхаа тодорхой хугацааг зарцуулахаас аргагүй. Заавал төдөн цомог гаргана гэж төлөвлөж, цаг хугацаанд баригдалгүй дуулмаар санагдсан үедээ хийгээд л хүслээрээ амьдармаар байна.
-Дуулахаас гадна өөр хийхийг хүсдэг зүйл бий юү?
-Продюсерийн ажилд дуртай. Гэхдээ хэчнээн мундаг бүтээл хийлээ гээд Монголын шоу бизнесийн нөхцөлд сонсогчийн хүрээлэл бага байх магадлалтай. Тиймээс энэ мөрөөдлөө одоохондоо хойшлуулж байгаа. Бас хийхийг хүссэн өөр зүйлүүд байгаа. Цаг хугацаа л харуулна байх даа.
-Альтернатив Отгоо “Чилл аут” цомог гаргасан. Цаашдаа аль чиглэлээр нь дуулах юм бэ?
-“Чилл аут” цомгийн дуунуудаа бичүүлэхдээ би гурван сартай жирэмсэн байсан. Тэр үед зөөлөн, тайван уур амьсгалтай дуу дуулмаар санагдсан учир ийм өнгө аяс надад үнэхээр таалагдсан. Чилл аут чиглэлээр дуулбал Отгоог өөр өнцгөөс харуулж болмоор санагдсан. Энэ цомгоо л чилл аут дуунуудаар дүүргэчихсэн болохоос биш, цаашдаа нэг төрлөөр дагнахгүй. Хүмүүсийн надад зориулж зохиосон ая, өөрийн хийсэн хөгжмүүдээр дараагийн цомгоо бүтээх бодол бий.
-Тэгээд зургаан жилийн хугацаанд хүүхдүүдээ л хараад суусан хэрэг үү?
-Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн “Цэвэр агаар” төслийн хүрээнд гавьяат жүжигчин Жаргалсайхан, гитарчин Өөжгий, BX, Маралжингоо “Моханик”-ийн Даваа нартай “Цэвэр агаар бэлэглэцгээе” дуу хийсэн. Хөгжмийг нь Пүүжээ ах зохиож, би үгийг нь бичсэн. Бас Хүүхэлдэйн театрын “Нугасны муухай дэгдээхэй” жүжгийн дууг уран бүтээлчидтэй хамтран дуулсан. Сая цомог гаргахын өмнө “Диваажин”, “Үлгэрийн хот” дуугаа хийж, заримдаа арга хэмжээнүүдэд дуулж байлаа.
-Амаржих газрууд нь баталгаагүй, цэцэрлэг цөөхөн, их дээд сургуулиудын төлбөр өндөр гээд л манайд хүүхэд өсгөхөд асуудал их болжээ. Та гурван хүүхэдтэй. Цаашдаа “маамуу”-тай болох бодол бий юү?
-Одоохондоо уран бүтээлээ хийхийн хажуугаар гурван хүүхдээ эрүүл саруул өсгөх хүсэл байна. Шинэ хүнтэй болгох, эсэхээ тэнгэр бурхан л шийдэж өгөх байх даа.
-Таны атаархлыг төрүүлж, оргилуулдаг уран бүтээлч хэн бэ?
-Урьд нь арай төлөвшиж амжаагүй байхад дуулах хэрэг байна уу гэсэн гутранги бодлууд намайг хааяахан эзэлдэг байсан. Тийм идэвхгүй байхад гадаадын дуучдын гоё дуунуудыг сонсоод “Би яагаад үүн шиг гоё дуу хийж болохгүй гэж” хэмээн шар хөдөлж, буцаад оргилно. Одоо бол анхаарал хүүхдүүдэд илүү төвлөрөөд байдаг юм болов уу, урьдынх шигээ бадрахгүй юм.
-Тэгээд уран бүтээлээ завсарласан үедээ гоё дуу хийхсэн гэж буцлаагүй юу?
-“Аан тийм, Отгоо гэж дуучин байсан” гэж хэлэгдээд л өнгөрөх, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэй байхыг хүсдэггүй учраас хааяахан асалгүй яах вэ. Гэхдээ тэр оргилсон хүслээ ганц, хоёрхон дуунд гаргаад орхих биш, цуглуулж байгаад үзүүлнэ гэж боддог байсан. Тэр хүсэл шуналаараа энэ цомгоо гаргасан.
-Түр хугацаанд дуулахаа больчихоор найзын хүрээлэл багассан биз?
-Эцсийн дүнд амьдрал бол шалгуур. Бүх юм надад таалагдах албагүй. Нуулгүй хэлэхэд карьераас л болж нөхөрлөдөг хүмүүс байдаг юм билээ. Хүнтэй сууж, хүүхэд гаргаад дуулахаа болилоо, одоо хэн ч биш гэсэн шиг урьд нь дотно байсан хэрнээ үл тоомсорлосон аястай харилцдаг болсон хүмүүс бий. Урьд нь би од царайлж, тэр хүнд муухай зан гаргаж байсан бол өөр хэрэг. Гэтэл нэг зангаараа байхад тийм хандлага гаргах муухай. Энэ зургаан жилд юу эсийг үзэх вэ. Тэд миний амьдралд үдлээд л өнгөрөх хүмүүс байж. Хагарсан шаазанг буцааж наалаа ч халуун цай хийж болохгүйтэй адил тийм хүмүүстэй дахин чин сэтгэлээсээ харилцаж чадахгүй. Тиймээс би ч дахиж тэр аягаа нийлүүлэх оролдлого хийдэггүй.
-Хүн гэдэг ийм л юм байна гэж эргэцүүлж бодож байв уу?
-Хүн бүр давтагдашгүй, өөрийн зан араншин, мөн чанартай. Тэгэхээр таалагддаг хүмүүсээрээ хүрээлүүлэн, ертөнцөө бүтээх хэрэгтэй. Өөрийнхөө ертөнцийг нарны цацрагтай зүйрлэе л дээ. Нарны нэг тал нь гялбаад байхад зарим хэсэгтээ харанхуйлбал муухай биз дээ. Дургүй хүмүүсийг хүрээлэлдээ оруулбал тийм л санагдана. Намайг хайрладаг, чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс гомдож, уурлаж болно. Тэглээ гээд тэр нь цаанаа л нэг халуун дулаан байна шүү дээ. Миний бусдад зориулж байгаа чин сэтгэл тэднээс яг адилхан цацрахгүй бол утгагүй.Би гадуур гарч, дэлгүүр орохдоо ихэвчлэн нүүрээ буддаггүй, түүнээсээ ч санаа зовдоггүй. Тэгтэл инээж харилцчихаад, араар хачин юм явж байна лээ гэж ярьдаг хүн олон. Үнэндээ өөрөө ч гэсэн нүүрээ будаагүй байхдаа ялгаагүй л харагддаг байхгүй юу.
-Нүүрээ будах нь нэг талаар баг гэж ойлгож болох уу?
-Гоё сайхан байх нь эмэгтэй хүний байгалиас заяасан хүсэл. Би урьд нь нүүрээ будаагүй гэрээсээ гарахаас айдаг байлаа. Нэг мэдэхэд л тийм хаалт алга болсон. Би яагаад будахгүй гарч болохгүй гэж. Будаагүй байхад зарим нь байгаагаар минь хайрлаж, харин ч илүү дотно харилцаад байх шиг санагддаг. Нүүрний будагтай, үгүй нь тэр хүмүүсийн намайг гэх бодолд хамааралтай, эсэхийг тэгээд л мэдчихдэг юм.
-Тэгвэл үнэнч найз гэж байдаг уу?
-Жинхэнэ найз байдаг, гэхдээ ховор. Нэгдүгээр ангиасаа нөхөрлөсөн, сайн муугаа мэдэлцсэн найзууд бий. Хүнд чин сэтгэлээсээ хандаж байж нөгөө хүний хайрыг хүртэнэ. Бусдад сэтгэлээсээ хандаж чаддаггүй хэрнээ хайр халамж нэхдэг хүмүүс байдаг. Хүмүүс надад түрүүлж сэтгэлээ нээхгүй бол би эхлээд алхам хийдэггүй. Би түрүүлж нээлттэй байж чаддаггүй юм. Эхлээд сэтгэлээ гаргачихаар даварч, тоомжиргүй ханддаг. Хүмүүс намайг эхлээд сонгог. Тэр хүн надад таалагдвал би сэтгэлээсээ хандъя гэж боддог.
-Ая зохиож байгаа юу?
-Хийсэн хэдэн ая бий. Мартчихаагүй л бол тэднийгээ сэргээнэ дээ.
-Гэр бүлтэй болохоор амьдралыг арай өөрөөр харж, бүтээл хүртэл өөр өнгө аястай болсон болов уу?
-Дэндүү олон ая хийгээд байвал хоорондоо адилхан болох магадлалтай. Зарим хүний дуунаас тийм маяг ажиглагддаг. Тиймээс өөрийгөө давтахаас зайлсхийж, олон дуу зохиохгүй гэж боддог. Миний ая хийх мэдрэмж өөрчлөгдсөн ч байж магадгүй юм. Урьд нь хэчнээн доргио дуу дуулдаг байсан ч, уянгын ая зохиох дуртай байлаа. Яагаад гэхээр ганцаардаж, гуниглахдаа ая зохиох дуртай. Одоо ийм сайхан үр хүүхэд, нөхөртэй болчихоор надад ганцаардах зав гардаггүй.
-Дуугаа бичүүлэх, тайзнаа дуулахын аль нь илүү таашаалтай вэ?
-Дууг байшинтай зүйрлэе. Би нэг ая зохиолоо. Түүнийг хөгжмийн найруулагч баяжуулж, найруулга хийдэг. Байшин барих газраа би сонгож хэдэн давхар, ямар архитектортой, хэдэн жилийн настай байхыг хөгжмийн найруулагч шийднэ. Тэгээд ямар өнгөөр будах нь надаас шалтгаална. Түүнээс биш дуу хийнэ гэдэг нэг хүнд мөнгө өгөөд л шийддэг асуудал биш. Уран бүтээлчдийн сэтгэл зүрхнээс гарсан хамтын бүтээл байдаг. Түүнийгээ тайзнаа амилуулах нь хамгийн гоё. Дуучид машин биш учир нэг дуулахдаа сэтгэл санаа тайван, цоглог байхад зарим үед үнэхээр ядарсан байх нь бий. Тэгэхээр дуулах бүрийн мэдрэмж шинэлэг байдаг.
“Уран бүтээлчийн хувьд айдас тань юу вэ?
-Амьдралаа урлагт зориулж байхад түүнийг хэн ч үнэлэхгүй байх вий гэхээс айдаг.
-Үнэхээр авьяасгүй л биш бол цөөн ч болов хүн сонсоно шүү дээ.
-Энэ тал дээр би бардам байж чаддаггүй. Найзууд, урлагийнхан заримдаа “Чи ямар даруухан юм бэ. Миний шүтэн бишрэгчид гээд ярь л даа. Хааяа онгироход буруудах юмгүй” гэдэг байсан.
-Тайзнаа гаргасан алдаанаасаа дурсахгүй юу?
-Би төрснийхөө дараахан нэг арга хэмжээнд дуулах боллоо. Тэр үед жаахан энгэр задгай хувцас өмсчихсөн юм. Тэгтэл микрофон барьж байнга гараа хөдөлгөөд байснаас болж хөхний товч бага зэрэг гарчихсан. Аз болж олныг хамарсан дуулиан гараагүй, хэдхэн хүн л мэдсэн. Түүнээс хойш цээж нүцгэн хувцас өмсөхөөс зайлсхийдэг болсон.
Б.ДӨЛГӨӨН