УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн санаачлага, дэмжлэгээр 2006 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн Ховд аймгийн аварга морин хуурч, хамтлаг шалгаруулах “Ихэлийн эгшиглэн” уралдаан амжилттай боллоо.
Манхан сумын соёлын төвд болсон энэхүү уралдаанд тус аймгийн 16 сум, Говь-Алтай аймгийн Тонхил сумаас 130 морин хуурч, ардын авьяастнууд ирж оролцсон бөгөөд хамгийн залуу нь 13 настай, хамгийн ахмад нь 62 хүртэлх настай байв. Оролцогч бүр гурван аялгууг хуурдахын зэрэгцээ хуурын аялгуунд хөөмийлөх, бий биелэх, тууль, магтаал хэлж, язгуур урлагийн янз бүрийн зэмсэг, төрлүүдийг хавсран хэрэглэж байсан нь үзэгч, шүүгчдийн сонирхлыг ихэд татсан байна. Уралдаанд насанд хүрэгчдийн хамтлаг төрөлд Дөргөн сумын "Аргаусун" хамтлаг шалгарч, өргөмжлөл цомын эзэн болсон бол удаах байрт Булган сумын "Айзам", Эрдэнэбүрэн сумын "Ойрод эгшиг" хамтлаг шалгарчээ. Харин хүүхдийн хамтлагийн төрөлд тэргүүн байранд Жаргалант сумын "Ойрод эгшиг" шалгарч, Мөнххайрхан сумын "Цаст алтай", Үенч сумын "Үенчийн эгшиг" хамтлаг удаалсан аж. Морин хуурчдын насанд хүрэгчдийн гоцлол төрөлд Дөргөн сумын морин хуурч Сүхбаатар тэргүүлж, Чандмань сумын морин хуурч Алтангэрэл, Манхан сумын морин хуурч Бямбаа нар удаах байрын эзэд болсон байна. Хүүхдийн морин хуурчдын гоцлол төрөлд Жаргалант сумын III сургуулийн сурагч морин хуурч Түвшиндалай түрүүлж, удаах байруудад Манхан сумын дунд сургуулийн сурагч Билгүүнтөгөлдөр, мөн сумын сурагч Батэрдэнэ нар оржээ.
Өв уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж буй “Ихэлийн эгшиглэн” уралдааныг дараа жилээс орон нутагтайгаа хамтран баруун бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.