Арлын Японы загварын ертөнцөд монгол бүсгүй “Явуу” хэмээх өөрийн нэрийн брэндээ амжилттай гаргаад хоёр дахь жилтэйгээ золгожээ. Баянхонгор аймагт төрж, өссөн Б.Явууцагаан бага байхын л өөртөө хувцас оёод өмсчихдөг, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог, хэвлүүхэн охин байжээ. Аав, ээж нь ч охиноо бүх талаар дэмждэг байж. Дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Үнсгэлжин” хувцас загварын тэмцээнд аймгаасаа шалгарч, улсад өрсөлдөхөөр болоход ээж нь Улаанбаатар луу материал авчрахаар явж, аав нь ажлынхаа өрөөнд оёдлын машин байрлуулан бэлтгэлийг нь базааж байсан түүхтэй.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Японд амьдраад хэдэн жил болж байгаа вэ?
-Би Баянхонгор аймагт дунд сургуулиа төгсөөд, Урлах эрдэм дээд сургуулийн хувцасны загвар зохион бүтээгчийн ангид элсэж орсон. Японд амьдраад яг арван жил болж байна. Токиогийн “Vantan” их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөөд, тэндээ мастер хамгаалсан.
-Аравдугаар сард Японд өөрийн гэсэн дэлгүүрээ нээх гэж байгаа гэсэн. Нээж амжсан уу?
-Яасан сайхан бэлгэ дэмбэрэлтэй асуулт вэ. Японд нэрийн дэлгүүрээ нээх хараахан болоогүй байна. Харин дараа жилийн долдугаар сард Монголдоо өөрийн нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөөд бэлтгэж байна. Сая аравдугаар сард “Явуу” брэндийн хувцаснаасаа эндхийн “Select shop” буюу брэндүүдийн нэгдсэн дэлгүүрт борлуулах гэж байсан ч үйлдвэрийн асуудлаас болоод жаахан хойшилчихлоо. Мөн аравдугаар сард Токиод брэндийнхээ үзэсгэлэн худалдааг хоёр хоног зохион байгуулж, 2014-2015 оны намар, өвлийн загваруудаа толилуулсан.
-Энэ сард бас үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байгаа гэл үү?
-Энэ сарын 20-нд Японы дизайнер Онотой хамтарч Токиогийн “Omote Sando”-д үзэсгэлэн худалдаа зохиох гэж байна. Дараа нь арванхоёрдугаар сарын 3-4-нд мөн энэ газартаа “Явуу” брэндийн 2015 оны хавар, зуны цуглуулгын үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулна. Ингэснээр би энэ жил Токиод брэндийнхээ үзэсгэлэн худалдааг гурав дахь удаагаа зохиох юм. Ер нь эндхийн бүх брэндийн компани жилд 2-4 удаа үзэсгэлэн худалдаа хийж, улирлын бүтээгдэхүүнээ танилцуулдаг. Брэндүүд ихэвчлэн арваас арванхоёрдугаар сард дараа жилийн хавар, зуны загваруудаа танилцуулж, фэйшн шоу, үзэсгэлэн худалдаа зохиодог. Тэгээд нэг, хоёрдугаар сард дэлгүүрүүдээр борлуулах эрх авсан бүтээгдэхүүнээ үйлдвэрт оёулаад, гуравдугаар сараас худалдаанд гаргана гэсэн үг. Дараа жилийн намар, өвлийн загваруудаа харин гурав, дөрөвдүгээр сард танилцуулдаг.
-Японы загварын ертөнцөд өрсөлдөөн хэр ширүүн байдаг вэ. Таны “Явуу” брэндийн загварууд бусдаас юугаараа өөр бол?
-Эндхийн загварын ертөнц маш их өрсөлдөөнтэй гэж япончууд өөрсдөө ярьдаг юм билээ. Би эхэндээ үүнийг сайн ойлгодогг үй байсан юм. Харин одоо өөрөө яг дунд нь ороод ирэхээр хэцүү зүйл алхам тутамд л гарч ирэх болсон. Миний мэдэхгүй, хүч хүрэхгүй зүйлүүд тулгарна, зарим хүнтэй нь ойлголцохгүй байх үе ч гарна. Гэхдээ өрсөлдөөнөөс илүү чухал зүйл нь Японы загварын ертөнцийн бодлого, тогтолцоо гэж том юм бий. Жишээ нь, олонд танигдсан брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн улирал тутам заавал үзэсгэлэн худалдаа, шоу хийж шинэ загваруудаа танилцуулж байх ёстой. Энэ нь байнгын үйлчл үүлэгч, дэлгүүрийн бөөний худалдан авагч нарынхаа хэрэглээг тасалдуулахгүй байхаас эхлээд олон шалтгаантай. Гэтэл жилд 2-4 удаа үзэсгэлэн худалдаа, фэйшн шоу зохиоход маш их хөр өнгө, зардал гардаг. Наад зах нь Японд бэлдцийн үйлдвэрүүд нь даавуугаа 45 метрээс багаар авах бол зарах тун дургүй. 10, 20 метрээр нь зарах үйлдвэр бараг байдаггүй, байсан ч хайчилсны үнэ гэхчилэн баахан өртөг нэмэгдчихнэ. Тиймээс хийх бүтээгдэхүүнийхээ үнийг тооцож байж хувцсаа үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Цөөн хувцас үйлдвэрлэвэл ашиг бага, авсан даавууныхаа хэрээр олныг хийчихвэл үлдэгдэл гарна гээд асуудал их шүү дээ. Энэ мэт саад бэрхшээлээс болоод авьяаслаг дизайнерууд нэг, хоёр жил болоод л үйлдвэрлэлээ зогсоох явдал их юм билээ. Хамгийн гол нь зах зээл, маркетингаа л сайн мэдэрч, судлах хэрэгтэй юм болов уу. “Явуу” брэндийн загварууд юугаараа онцлог вэ гэхээр чамин, тансаг, өвөрмөц материалтайгаас гадна эмэгтэй хүний бие галбирыг илүү тодотгож, өөрт өө итгэлтэй, эрхэмсэг харагдуулдаг. Өмсөх өд биед эвтэйхэн, бас эдэлгээ урт гэдгээрээ онцлог. Би брэндийнхээ хувцсыг хоёр төрлөөр үйлдвэрлэдэг.Нэгдүгээрт, “Collection line” буюу киминогийн материалаар нэг хувь үйлдвэрлэсэн, захиалгат хувцас. Хоёрдугаарт, “Product line” буюу дэлг үүрийн худалдаанд зориулан олноор, жилд хоёр удаа шинээр үйлдвэрлэдэг улирлын загварууд.
-Өөрийг тань Японы нэртэй компаниуд загвар зохион бүтээгчээрээ ажиллуулах санал тавьдаг гэсэн. Одоо ямар компанид ажиллаж байгаа вэ?
-Салбартаа нэр хүндтэй, туршлагатай компаниудаас дизайнераар ажиллах санал аваад эхэндээ “Ажиллаад үздэг юм бил үү” гэж бодсон ч өөрийн брэндээ цаг алдалгүй олон нийтэд таниулах хүсэл маань давамгайлсан. Ер нь Японд сургуулиа төгсөнгүүт өөрийн брэндтэй болсон загвар зохион бүтээгч ховор гэдэг юм билээ. Ихэнх нь туршлага судлахын тулд нэртэй брэндийн компанид ажиллаж байгаад дараа нь өөрийнхийгөө нээдэг гэсэн. Би одоо Токиогийн “Loud Real Estate” компанитай хамтарч ажилладаг. Японы хувцас загварын ертөнцөд нэртэй, туршлагатай хамт олны дунд ажиллаж байгаадаа баярладаг.
-Ирээдүйд Монголдоо үйлдвэр байгуулах зорилготой гэж байсан. Таны яг хүссэн загвар, материалаар бүтээгдэхүүн хийх үйлдвэр манайд байгуулахад хэр хүндрэлтэй бол?
-Монголдоо үйлдвэр байгуулах нь миний том мөрөөдөл. Мэдээж, материал, технологи, цех, ажиллах боловсон хүчин гээд олон асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй л дээ. Эдгээрээс хамгийн гол нь оёдлын технологийн чанар. Дизайнерын загварын ур чадвар, материалын болон оёдол, технологийн чанар гэсэн гурван зүйл дээд зэргийн сайн байсан цагт л жинхэнэ брэнд байдаг. Монголд одоогоор даавууны үйлдвэр алга. Малынхаа арьс шир, түүхий эдийг Хятад руу хямдхан гаргахын оронд өөрсдөө дотооддоо боловсруулж, тэгэхдээ бүр дээд зэргийн нарийн технологийг Монголдоо яагаад нэвтрүүлж болохгүй гэж. Үйлдвэрлэл хөгжүүлье гэхээр хаана ч байдаг жирийн л нэг үйлдвэр биш, зөвхөн Монголд л хийх боломжтой тийм материал, тийм бүтээгдэхүүн гаргамаар санагддаг. “Явуу” брэнд Монголынхоо ноос, ноолуур, нэхий, арьс ширийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэх үүнээ Япон зэрэг бусад оронд таниулж, дэлгэрүүлэхийг зорьдог. Тиймээс эх орондоо үйлдвэрлэлээ хурдан эхлүүлж, Монголд л байдаг тэрхүү сайн чанарын түүхий эдээр чамин тан саг хувцас үйлдвэрлэж, гаднын бусад брэнд манайхаас гуйгаад ирдэг болоосой гэж хүсдэг. Ганцаараа үүнийг хийхэд хэцүү ч бага багаар судлаад явж л байна.
-“Явуу” брэндийн загваруудыг ямар ч насны, ямар ч бие галбиртай эмэгтэйчүүд өмсөх боломжтой юу. Эсвэл...?
-Манай загварууд 30-50 насны, өөрийн бие галбиртаа анхаардаг, дайчин хөдөлмөрч хэрнээ ямагт дэгжин, эрхэмсэг байхыг хүсдэг бүсгүйчүүдэд зориулагддаг.
-Та зураг зурдаг гэсэн байх аа. Гэхдээ л Пикассо зэрэг алдартай хүмүүсийн зургийг хувцсан дээр буулгахад амаргүй биз дээ?
-Би багаасаа уран зурагт дуртай байсан. Aaв маань бас зурагт авьяастай хүн байсан юм. Aaвынхаа зурсан нууран дахь хунгийн зургийг хараад би “Ийм сайхан зурдаг хүн болох юмсан” гэж боддог байж билээ. Дизайнер хүн өөрийн гэсэн тодотголтой жинхэнэ бүтээл урлахад янз бүрийн арга барил ашигладаг. Миний хувьд Явуугийнх гэсэн даавуу, тийм бүтээл хийхийн тулд өөрийнхөө зурсан зургуудаа түлхүү оруулдаг. Энэ оны “Asian Fashion Collection”-д орохдоо Пикассогийн зургаас оруулсан хатгамал, өнгөний зохицолтой хослуулж бүтээлээ хийсэн. Амаргүй юм гэж хаа байх билээ. Гэхдээ ямар ч байсан Пикассогийн үндэслэсэн кубизм шиг уран сайхны чөлөөт зохиомжийг хувцсан дээр гаргах гэж оролдсон минь амжилттай болсон.
-Таны тархин дотор боловсорсон санаа цаасан дээр буугаад, эсгүүр, оёдол, нэмэлт чимэглэл хийгээд эцсийн бүтээгдэх үүн хүртэл бүх шат дамжлагад та өөрөө гар бие оролцдог уу?
-Тэгэлгүй яах вэ. Бодож сэтгэсэн бүтээлийнхээ зургийг гаргахаас эхлээд материал, туршилтын загвар, хэлбэр, хийц гээд бүх шат дамжлагад нь оролцоно шүү дээ. Загварын хэлбэр гэхэд л маш нарийн шалгууртай, дамжлага ажиллагаа ч ихтэй байдаг. Материал бас ялгаагүй. Дизайнерын тархин дотроо бодсон бүтээл материалаар амилдаг. Ганц товч сонгоход хүртэл тэр хувцасны өнгө, хэмжээнд тохирох уу гээд нэлээд юм болно. Энд нэг сайхан мэдээ дуулгахад дараа жилээс “Явуу” брэнд өөрийн гэсэн оригиналь товчтой болох гээд загвараа гаргаж байгаа.
-Таныг загварын ертөнцөд хөтөлж оруулсан, “Би одоо өөрийн гэсэн брэндтэй болох цаг болжээ” гэсэн итгэлтэй хэлэхэд нөлөөлсөн багш нарынхаа тухай ярина уу?
-Сургуульд анх ороод би сэтгэлээр их унаж байсан. Ангидаа ганцаараа гадаад оюутан байсан болохоор багшийн юу яриад байгааг нэг л сайн ойлгохгүй, хичээлээ тэмдэглэж авч ч чадахгүй, мэргэжлийн үг хэллэгийг нь цээжлэх гэж үнэхээр зовсон (инээв). Ангийнхнаасаа хоцроод ирэнгүүтээ “Би ер нь нэг их өндөр үнэтэй сургуульд орчихоод юу хийгээд байна аа. Үүнийгээ төгсөж чадахгүй бол яана аа” гэж бодсон. Тэгээд ханз үсэг гэхээсээ илүү мэргэжилдээ анхаарлаа хандуулаад, хичээсэн чинь хичээлүүд аяндаа “гарт ороод” эхэлсэн дээ. Сүүлдээ бүх курсийн ажлаа илүү бүтээлтэй хамгаалсаар “идэвхтэй Явуу” нэр авсан. Нэг цамцаар хамгаалах ёстой гэвэл би 3-4-ийг заавал хийдэг байсан тул жил бүр курсийн ажлаараа нэгд ордог. Сургуулиа төгсөхөд багш нар маань мастер хамгаалахыг зөвл өсний дагуу үргэлжлүүлэн сурсан. Багш нар маань бүгд Япондоо загварын ертөнцөд байр сууриа олсон хүмүүс байдаг. Эсгүүрийн багш Такэмото гэхэд л “Christian Dior”-ын эсгүүрчин байсан бол дизайны Нака Акира багш маань Японд өөрийн брэндээ 1000 дэлгүүрт борлуулдаг мундаг хүн байгаа.
-Нууц биш бол “Явуу” брэндийн загварын бүтээгдэхүүн хэдий хэр өртгөөр бүтэж, хэдэн төгрөгөөр зарагддаг вэ?
-Нэг коллекшн гаргахад 20-30 хувцас хийдэг. Ойролцоогоор 20 орчим сая төгрөгөөр бүтдэг. Бүх хувцас Японы материалаар, тэндхийн үйлдвэрт оёулдаг учраас тэр зах зээлд тохирсон үнэ ханштай байдаг. Жишээ нь, даашинзнуудаа дунджаар 38000- 50000 иенээр борлуулдаг бол пальто тавиас зуун мянган иений үнэтэй. Дараа жилээс Монголд дэлгүүрээ нээхдээ аль болох эх орныхоо зах зээлд зохицуулах үүднээс бүтээгдэхүүнээ Хятад, Солонгост хийлгэхээр ярилцаж байгаа.
-Үзэсгэлэн худалдаа зохиоход шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Анхны үзэсгэлэн худалдаагаа зохиох санхүүгийн асуудлаа өөрөө зохицуулж байсан. Харин хоёр дахиас эхлээд одоо миний хамтарч ажиллаж байгаа “Loud Real Estate” компани зардал мөнгийг хариуцах болсон.
-Брэнд гэдэг үг бүх хүнд хамаатай байх албагүй гэдэгтэй санал нийлэх үү?
-Нийлнэ ээ. Энэ бол хувь хүний өөрийнх нь үнэ цэнийн тухай ойлголт шүү дээ. Би гэхэд л олон брэндэд дуртай. Монголын маань “Говь” ч гэсэн том брэнд. Гэхдээ би олон нийтэд нийтлэг болсон брэндийн цүнх, гутал, хувцаснаас аль болохоор зайлсхийдэг.
-Ер нь загвар зохион бүтээгчид хувцсаа хэнд зориулдаг юм бэ. Тайзан дээр тэдний хувцсыг өмсөөд гунхаж байдаг хүүхнүүд нийт олны 50 хувьд ч хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр амьдралаас хэт тасархай юм сэтгээд байдаг ч юм шиг?
-Дизайнер болгон өөр өөр зорилготой байдаг. Нэг хэсэг нь зөвхөн туранхай эмэгтэйчүүдэд зориулж хувцас хийдэг байхад зарим нь залууст, өөр нэг хэсэг нь рок стильтэй хүмүүст гэхчилэн. Фэйшн шоу бол тухайн дизайнерын дотоод сэтгэлгээ, өөрийн гэсэн өвөрмөц ертөнцөө бүтээлээр илэрхийлэн гаргах талбар байдаг. Тиймээс тэнд үзүүлсэн хувцас бүрийг хүмүүс гадуур заавал өмсөх албагүй гэсэн үг. Фэйшн шоуны 50 хувь нь үзэгчдэд сонирхолтой үзүүлбэр байх ёстой бол үлдсэн 50 хувь нь тухайн брэндийн имиж дүр төрхийг сурталчлах хувцаснууд байдаг.
-Загвар зохион бүтээгчид өөрсдөө ч бас бүтээгдэхүүн шигээ гоё байх ёстой юу?
-Дизайнер хүн бүр заавал загварлаг байдаггүй байх. Янз бүр дээ. Жишээ нь, “Chanel”- ын Карл Лагэрфельд өөрийн гэсэн өвөрмөц донжтой байхад зүгээр л жирийн өмд, цамц өмсдөг дизейнар олон бий. Харин эмэгтэйчүүд ихэвчлэн өөрсдийн дуртай хувцсаа урладаг болохоор өөрөө имиж нь болж чаддаг байх. Би ч бас өөрийгөө “Явуу” брэндийн дүр төрх, имиж нь байх ёстой гэж боддог.
-Зохиолчид, зураачид таалагдахгүй бүтээлээ урж, шатаах нь бий. Таныг тэгтлээ бухимдуулан байж төрсөн бүтээл бий юү?
-Тийм бүтээл байхгүй дээ. Цаг хугацаа их шаардсан бүтээлүүд бол байна. Бас оёсны дараа харахад миний бодож төсөөлснөөс өөр бүтээл гарвал жаахан гонсойдог.
Л.ГАНЧИМЭГ