Хэнтий аймгийн 16 сумаас цугласан 26 гоо охин, 40 орчим дуучин залуус, бүжгийн 12 хамтлаг реалити шоунд оролцон, авьяасаа сорьж байна. Орон нутагт анх удаа болж буй энэхүү реалити шоуг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо санаачлан, “Залуусаа дэмжье” уриан дор зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 1-нд эхэлж, дуу, бүжиг, мисс гэсэн төрлөөр явагдаж буй эл шоуг гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат, Д.Энхзул, “Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч Ч.Содтуяа, загвар өмсөгч Э.Сэлэнгэ шүүж байна. “Авьяаслаг хэнтийчүүд” шоуны хоёр дахь шат энэ сарын 11-нд Монголын хүүхдийн ордонд болно.