“Том охин минь нохойгоо тас тэврээд, бага нь бүр үнсэж харагддаг” хэмээн ярих тэднийд гэр бүлийн гишүүнээс нь өөрцгүй, улаан зүсмийн гарж (Төвд мастиф үүлдрийн нохой) ноход бий. Зохиолч, орчуулагч Г.Аюурзанатай гарж нохойны талаар ярилцлаа.
-Бичиг цаастай үргэлж зууралддаг хүн нохой тэжээж, тэр тусмаа том биетэй, сүр ихтэй гарж нохойтой гэхээр сонирхолтой санагдлаа. Яагаад энэ үүлдрийг онцлох болов?
-Нохойд дургүй монгол хүн ер нь байдаггүй болов уу. Бага байхад манай нутагт бяруу шиг том ноход байлаа. Хүмүүс “жинхэнэ нохой” гэж шагшихыг олонтаа сонссон болохоор үс хөөвөр ихтэй, сүрлэг нохойг л жинхэнэ нохой гэж ойлгож өссөн. Харамсалтай нь, Баянхонгорт тийм ноход 1980-аад оны эхээс хойш харагдахгүй болсон.
-Та нохойгоо Төвдөөс авчирсан гэл үү?
-Манай гэрийнхэн нохой тэжээх хообийтой. Тиймээс улаан зүсмийн төвд нохойтой болъё гэж зорьсон юм. Хол замд нохой авчрах хэцүү юм билээ. Тээврийн зардал нь их. Эхнэр бид хоёр нохойгоо Бээжин, Эрээн рүү онгоцоор ачуулж, тэндээс машинаар авчирсан. Өчнөөн цаг битүү хайрцагт явсан болохоор гөлөг маань уурлаж, амьсгаадсаар бууж ирж билээ. Нэр хүндтэй үржлийн газраас авсан болохоор бичиг баримт нь бүрэн. Гэсэн ч Замын-Үүдийн гаалиар гөлгийг минь оруулахгүй, их сандаргасан. “Нөгөө юм”- ыг нь төлөхгүй бол бичиг баримт энэ тэрийг манайхан авч хэлэлцдэггүй юм билээ.
-Тэгээд хэдийг өгөв дөө?
-Нохойгоо хаяад явалтай биш. Байсан хэдийгээ шавхаж өгөөд л салахын түүс болсон.
-Нууц биш бол нохойгоо хэчнээн төгрөгөөр худалдаж авсан бэ?
-Аз таарч, хямд авсан. Төвд зохиолч тусалсан юм. Гэхдээ Монголд бол үнэтэй сонсогдох учраас тоо хэлээд яах вэ.
-Нохойныхоо удам угшлыг нэлээд судалсан байх?
-Юшүгийн арслан хэвт гарж гэдэг нохой. Эцэг эх нь хоёулаа Юшүгийн бөглүү хязгаараас үржлийн газарт ирсэн, олон улсын хэмжээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч байсан, алдартай ноход бий. Юшү гэдэг нь Төвдийн гурван мужийн нэг. 1980-аад оны сүүлчээс Хятадын нохой үржүүлэгчид арслан хэвт гаржийг өндөр үнээр авч, үржлийн газруудад аваачсан юм билээ. Миний сонссоноор Бээжингийн дагуул тосгодод үржлийн 100 гаруй газарт төвд гарж дагнан өсгөдөг гэсэн.
-Цэвэр цусны гарж нохой дэлхийд цөөхөн гэдэг. Таных цэвэр цусных уу?
-Энэ үүлдрийн нохой устахын даваан дээр очсон үе бий. Нохойн цус цэвэр, эсэхийг удмын бичгээр баталгаажуулдаг дэлхийн жишиг байна. Миний нохой Олон улсын нохой судлалын холбооны удмын санд бүртгэлтэй.
-Анхны гөлгөө та тосож авсан гэсэн үү?
-Нялх амьтныг гар дээрээ тосож авна гэдэг уярмаар байсан шүү. Тэр тусмаа эхийг нь бээлийн чинээхэн амьтан байхаас миний хүүхдүүд өвөртөлж унтаж өсгөсөн. Эцгийг нь холоос авчирсан болохоор үр хүүхэд шиг минь л дотно санагддаг.
-Эх нь бас гарж уу?
-Тийм. Гөлөг байхад нь Луба гэдэг залуу бэлэглэсэн юм.
-Төвд, монгол банхарт төстэй тал олон гэх юм. Дөрвөн нүдтэй, жинхэнэ монгол банхар их ховордсон гэдэг шүү дээ?
-Угаасаа нэг үүлдэр л дээ. Дотроо бар болон арслан хэвт гэж хоёр төрөлд хуваагддаг. Бар хэвт нь уугуул монгол нохойтой яг ижил, арьс чангатай, үс нь тачир, шигүү, хөдөлгөөн гавшгай. Камын арслан хэвт нь арай зантгар, үс өтгөн, бие илүү бахим байдаг.
-Ер нь төвд, монгол банхарыг үржилд оруулж, өсгөвөл яах бол?
-Үржилд оруулаад дэмий. Тус тусынх нь онцлог шинжийг хадгалж, үржүүлсэн нь дээр гэж боддог.
-Үгэнд ордоггүй, дураараа гэж гарж нохойн араншинг тодорхойлсон байна лээ. Мэдрэгдэж байх юм уу?
-Амьтныг чин сэтгэлээсээ хайрлаж чадвал түвэг болдоггүй. Яг л дүрсгүй хүүхэд шиг ч хайр хүрмээр байдаг. Гарж нохой гаршаагүй, зэрлэг байгальд байхдаа эрт үед сарлаг барьж идэж, уулархаг сэрүүн нутагт зохицсон амьтан учраас байранд хашчихаж болохгүй л дээ. Гүйж харайх орчинтой, болж өгвөл том хашаанд тэжээх хэрэгтэй. Малчдад илүү тохирсон нохой.
-Ийм том биетэй нохой хоол сайн идэх байх даа?
-Сенбернар, Дундад Азийн хоньч нохой зэрэг том биетэй нохойтой харьцуулбал бага иднэ. Нас гүйцсэн гарж хоногт нэг удаа хоёр литр орчим шөлтэй хоол идэхэд хангалттай. Гөлгийг 9-10 сар хүртэл нь сайн тэжээгээд, хоолыг нь аажмаар багасгахад болдог юм.
-Манай улсад төвд нохой тэжээдэг хүн хэр олон бол. Ижил хообийтой хүмүүстэй уулзаж, туршлага солилцдог уу?
-Фэйсбүүкийн “Төвд банхар”, “Монгол гарж нохой” гээд групп байна. Мөн “Харсор”, “Хас банхар”, “Шигтгээ”, “Цахиур” гээд нохой үржлийн газар байгаа. С1 телевизийн продюсер Амараа хэдэн сайхан төвд гаржтай. Монголын нохой судлалын холбооны гүйцэтгэх захирал Амгаланд Монголын хамгийн үнэтэй төвд гарж бий.
-Нохойгоо янз бүрийн тэмцээнд оруулдаг уу?
-Үгүй. Аз жаргалтай байх гэж л нохой тэжээдэг.
-Хятадад гарж нохой баян чинээлгийн бэлгэдэл гэх юм. Энэ нь ямар учиртай вэ?
-Гарж нохой харьцангуй ховор, үнэтэй болохоор хүмүүс бие биенээ дуурайж байхгүй юу. Хэн нэгэн байшин бариад эхэлбэл дагаад л барьдаг. Хурдан морьтой болбол бас л морь мал мэдэхгүй ч адуу сонирхоод эхэлдэг шиг л юм. Эд мөнгө далладаг гэх Намсрай бурхан цагаан гарж хөлөглөсөн байдаг нь ч бас нөлөөлөө биз.
-Тийм учиртай байх нь. Танайх тэгвэл баяжив уу?
-Манайх нохой тэжээгээд баяжсан юм алга. Харин ч нохойн хоол, эм тариа гээд зарлага их шүү. Би хүүхэд байхаасаа нохой тэжээдэг байсан. Манай хүүхдүүд ч амьтанд хайртай. Том хүү маань дунд сургуульд байхдаа загас, яст мэлхий, тоть тэжээдэг байлаа. Төрсөн өдрөөрөө хүссэн зүйлээ авахуул гэхэд амьтан, эсвэл номын дэлгүүр оръё гэнэ. Охин минь нохойгоо тас тэвэрч, бага нь бүр үнсэж харагддаг.
-Монголчууд нэг үеэ бодвол гэрийн тэжээвэр амьтанд мөнгө зардаг болж. Та нохойныхоо вакцин, аминдэмд хэр анхаардаг вэ?
-Улаанбаатар шиг ийм олон золбин нохойтой хот дэлхийд байхгүй байх. Тиймээс гударга, элдэв вирус, нянгийн гаралтай өвчин түгээмэл. Нохойныхоо вакцин, туулгыг тасалдуулж огт болохгүй. Уг нь түүхий яс, мах сайн хоол. Гэтэл монгол малын мах шимэгч ихтэй. Тэгэхээр чанаж болгосон хоол өгсөн нь дээр. Чанасан хоолны эрдэс, аминдэм үгүй болдог учраас нэмэлт аминдэм өгдөг.
-Өмнө нь нэг нохойгоо хулгайд алдсан гэсэн. Олсон уу?
-Олдоогүй ээ.
-Таны фэйсбүүкт “Гөлөг авмаар байна. Хэдээр зарах вэ” гэсэн хүсэлт их байх юм.
-Харин тийм ээ. Миний номыг уншдаг хүмүүс “Ямар ч хамаагүй үнээр нохойн гөлгийг авна” гэдэг. Надад амьтнаар бизнес хийх санаа алга. Гарж нохой жилд ганц удаа, өвөл ороо нь орж, гөлөглөдөг. Ид хүйтнээр гарсан гөлгийг хоёр гурван сар хүртэл нь нялх хүүхэд шиг асарч тойлж өсгөөд, дараа нь таньж мэдэхгүй хүнд зарна гэхээр сэтгэл өвдмөөр, хэцүү юм билээ. Сонирхуулахад, гарж үржүүлэгчдийн ёс зүй гэж олон улсын кодекс бий. Тэнд “Гөлгийг бэлэглэж болохгүй” гэж хатуу анхааруулсан байдаг. Мөнгөөр авсан юмаа л хүн хайрладаг. Үнэгүй авсан юмыг амьд амьтан ч бай ялгаагүй, уйдмагцаа гудамжинд гаргаад хаячихдаг. Тиймээс энэ жил гөлөгнүүдээс ганц нэг гөлгийг хоолны мөнгийг тооцох төдийгээр өгсөн. Охин нохойг зургаагаас олон удаа гөлөглүүлэх муу гэдэг.
-Олон улсын ёс зүйн дүрэмд өөр юу юу гэж заасан байдаг бол?
-Нохойг хоёр нас хүрэхээс нь өмнө нийлүүлэгт оруулахгүй, үүлдэр холихгүй, гөлгийг найман долоо хоног хүрэхээс өмнө эхээс нь салгахгүй гэх мэт манайд бараг мөрддөггүй заалтууд бий.
-Одоо хэчнээн нохойтой болсон бэ. Цаашид өөр амьтан тэжээх үү?
-Өнгөрсөн хавар гарсан нэг гөлгийг өөрөө тэжээж байна. Эрхийн тэнэг амьтан аав, ээжтэйгээ гурвуулаа байна. Нохой хамт байх тусам л хайр татдаг. Боломжтой бол хос үчимбэр тэжээж үзэхсэн гэж боддог. Гэхдээ үчимбэр манай өвлийн хүйтэнд тэсэхгүй байх. Нэлээд их мөнгө зарж, амьдрах орчныг нь бэлтгэх учраас бүтэхгүй биз дээ.
Ч.БОЛОРТУЯА