Зураач У.Нарбаясгалангийн урланд овоолсон мах, хордож үхсэн малын сэг зэм, хээл хаясан хонь, юу ч үгүй болтол нь шулсан хавирганууд өрөөстэй байх нь сэтгэл сэрдхийлгэмээр. Мах, яс дүрсэлсэн “Засаглалгүй засаглал” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд дэлгэснээ дөнгөж буулгаад бүтээлүүдээ урландаа авчирсан нь ийн нядалгааны газрыг санагдуулсан юм. “Цахим ертөнцөд нийгмийн сүлжээгээр л монголчууд амьд байгаагаа мэдэрнэ. Дэлгэцийн өмнө бухимдан суухдаа нэгнийхээ бичсэнийг уншиж урам орно. Найзална, дайсагнана, цоожилно... Тэнд хэн ч давуу эрхгүй. Бүгд оролцох эрхтэй. Бодит амьдралд цахим ертөнцийн баатрууд нам гүм, бие биенээ ч танихгүй. Зүгээр л үл таних гулууз махнууд. Биднийг “нөөцийн махны хууль” зохицуулна. ...Аймаг, сумаар нь хордуулсан ч нам гүм. Гулууз мах хордож харласан хэрнээ хордоогүй мэт хүрлийнэ. Бүр хордуулагчаа өмөөрнө. Яагаад гэж үү. “Нөөцийн мах болчихг үйн тулд. Махан овоолго дунд хэвтэхийн оронд, хамаа алга бусдынхаа махыг мөчлөөд зарж суувал яасан юм бэ. Нутаг нуга, аав, ээж үр хүүхдийнхийгээ ч тэр...” Улс төр судлаач А.Саруул түүний үзэсгэлэнгийн талаар ийн хэлсэн нь тун оновчтой мэт. Зураач “мах”- тай ярилцсанаа хүргэе.
-Яагаад биднийг, нийгмийг махаар илэрхийлснийг юуны түрүүнд асуумаар санагдлаа. Та мах хараад юу мэдэрдэг вэ?
-Политик арт буюу улс төрийн амьдралыг шүүмжлэн зурдаг. Мах бол үхмэл зүйл. Бид шулуулж, мөлжүүлсэн мах шиг үхмэл болжээ. Нийгэм бол нөөцийн мах. Миний зургуудын санаа махчлах, улайг хүнд бүү үзүүл зэрэг үгстэй холбоотой. Америк ардчилалтай золгоод 200 жил болсон хэрнээ одоо л нийгмийнхээ мөн чанарыг олж эхэлж байна. Харин бид энэ нийгмийнхээ бодит чанарт хараахан нэвтэрч амжаагүй. Нэг нам засгийн толгойд гараад хууль баталж, хэрэгж үүлэх гэж байтал хугацаа нь дуусаад өөр нам төр барина. Тэд өмнөх хүмүүсийн үйл хэргийг үгүйсгэн өөр хууль гаргадаг. Энэ явцад ард түмэн туршилтын туулай болж байна.
-Та цаашид мах зурсаар л байх уу, эсвэл энэ удаагийн үзэсгэлэндээ л мах дүрсэлсэн үү?
-Энэ чиглэлээр зурна.
-Байгаль дүрсэлдэг зураачид зургийн сангаа бүрдүүлэхээр хөдөө орон нутгаар аялдаг. Үүнтэй адил та хаагуур явж судалсан бол?
-Би гэрэл зураг дарах дуртай. Нядалгааны газраас авахуулаад хогийн цэг дээрх хүмүүсийн аж амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан. Анх долдугаар сарын 1-ний хэргээс үүдэж ийм төрлөөр бүтээлээ туурвих болсон. Тэр хар өдрийн зургийг баримтжуулж байхдаа үзсэн харсан бүхэн минь гүн сэтгэгдэл төр үүлж, цаашдын уран бүтээлийн хандлагаа өөрчилс өн хэрэг. Биднийг ийн ярих зуур утас нь дуугарав. “Найз нь нэгжг үй ээ. Үзэсгэлэнгээ гаргах гээд байдгаа барчихсан” гэж ярихыг нь санаандгүй сонсчихсон юм.
-Хүмүүс аль болох өөрт таашаал өгөх, гэгээлэг зургууд л худалдаж авдаг юм шиг санагддаг. Таны хэлдгээр улай үзүүлсэн ийм зургуудыг хүмүүс авах нь хэр бол?
-Авахгүй шүү дээ. Гэхдээ миний чин хүсэл бол нийгэм ийм байна, тийм болоосой, тэр асуудал битгий давтагдаасай гэсэн үүднээс дохио сэрэмж болгож зурдаг.
-Тэгвэл өөртөө зориулж зурдаг уу, ард түмэнд хандаж бүтээдэг үү?
-Өөртөө зориулж зурсан нь ард түмэнд хүрэх ёстой. Тэр нь улс төрийн ч сэдэвтэй, байгалийн ч зураг байсан ялгаагүй.
-Амьжиргаагаа залгуулахын тулд яадаг вэ?
-Хааяахан захиалгаар зурна. Улсаас дүрслэх урлагийг дэмжих зөв бодлого байхгүй учир зураачид бор зүрхээрээ л явж байгаа. Аливаа улсын хөгжлийг урлагаар нь тодорхойлдог. Дүрслэх урлагт архитектур, техник технологийн дизайн, үйлдвэрийн бүтээгдэхүүн, хувцас загвар, хоол хүртэл багтана. Тухайлбал, бифштексийн будааг энд, махыг нь тэнд гэж үзэмжтэй тавьдаг нь урлаг. Хамаа замбараагүй таваглачихвал холимог хуурга болно биз дээ. Зураачдыг гадаадад сургаж, өндөр түвшний боловсрол эзэмшүүлэх ёстой. Эсвэл гаднаас чадварлаг уран бүтээлчдийг урилгаар авчрах нь зүйтэй. Дэлхийн хүн бүр кока колаг Америкийнх гэдгийг мэднэ. Кока кола анх америкчуудын бүтээл байгаад олонд түгж бүтээгдэхүүн болсон. Бид ч бас том гүрэн болохын тулд дэлхий дахины оюунд нөлөөлсөн бүтээл хийж, түүнийгээ бүтээгдэхүүн болгох хэрэгтэй.
-Зураачдаа гадаадад бэлтгэх хэрэгтэй гэлээ. Уран зураг гэдэг сургуульд эзэмших боловсролоор хэмжигдэх үү. Монголд сайн зураач бэлдэх боломжгүй гэж үү?
-Уран зургийн академитай болох хэрэгтэй байна гэж зураачид ярьдаг. Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх академитай болчихвол манай зураачид цойлоод л гараад ирнэ. Хятадууд олон мянган оюутнаа гаднын их сургуулиудад тэтгэлгээр сургадаг. Тэд нутагтаа буцаж очоод сурснаа бусдадаа заадаг. Одоо дэлхийд бүх салбарт хятадууд тэргүүлж байна шүү дээ.
-Зурахаа больё гэж бодож байсан тохиолдол бий юү?
-Би Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийг 1998 онд чимэглэх зураачийн мэргэжлээр төгсөөд 2001 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд элссэн. Сургуулиа төгсөөд дэлгүүр ажиллуулж хэсэг завсарласан юм. Дараа нь зургаан сар зураад орхиё гэж шийдэж байлаа. Яагаад гэхээр байнгын орлоготой байсан хүн гэнэтхэн мөнг өгүйдэхээр шооконд орно биз дээ. Тэгээд хамгийн сүүлийн бүтээлээ хийгээд больё гэж шийдсэн. “Холхи газраас гялалзан харагдах өнгөт од” бүтээлээрээ “Сюрреализм Монголд” зураачдын нэгдсэн үзэсгэлэнд оролцоход “Цагаан дариум” музейн куратор Г.Энхжаргал эгч “Чамд цаашид уран бүтээл хийх чадал байна” гэж урам өгснөөр 2009 оноос тууштай зурж эхэлсэн.
-Таны зургуудаас хүмүүс юуг мэдрээсэй гэж хүсдэг вэ?
-Аяга гэсэн сэдвээр үзэсгэлэн дэлгэе гэж бодъё. Тэнд заавал бидний мэддэг аягыг дүрслэх албагүй. Яриагаар, дүрс бичлэгээр илэрхийлж болно. Эсвэл бүр сонин, ондоо ертөнцөөр илэрхийлж, нээрэн л аяга юм байна гэтэл нь тайлбарлаж болно. Миний хэлэх гээд байгаагийн мөн чанарыг нь л зөв ойлгоосой гэж хүсдэг.
-Урлагийнхан нийгмээсээ түрүүлж сэтгэх ёстой гэдэг дээ.
-Магадгүй хоцорч сэтгэдэг байж ч мэдэх юм.
-Яагаад?
-Манай урлагийнхан арилжааны шинжтэй зүйл их хийдэг болжээ. Нийтийн дуучид яг юу хийгээд байгааг ойлгодоггүй. Цомгийг нь сонсохоор бүгдээрээ л ижилхэн аав, ээж, нутаг ус, хайр дуулсан байдаг. Бүр больё, тэр сэдв үүдээрээ л дуулаг гэж бодъё л доо. Тэгвэл түүнийгээ урлагийн түвшинд хийх ёстой байх.
-Та нийгмээсээ түрүүлж байна уу, эсвэл хоцордог уу?
-Хоцорч байгаа байх. Би нийгэм өөрчлөхөөр хувьсгалч хүн биш байж болно. Жаахан ганцаардаад байдаг юм. Гэхдээ намайг дэмждэг хэсэг хүмүүс бий. Тэднээсээ урам авч амьдарч байна. Би мах зураад л байдаг. Хэн ч ойлгохгүй, дэмжихгүй бол шургаад л унана. Магадгүй амиа хорлохыг ч хүсэх юм бил үү, хэн мэдэх вэ.
-Амьдралын утга учрыг төгс гэгээрчихсэн уран бүтээлчид амиа хорлосон тохиолдол олон. Танд амиа егүүтгэмээр санагдаж байсан удаа бий юү?
-Зарим амиа хорлосон уран бүтээлч зүгээр л үхлээрээ шоудсан байж мэдэх юм. Тэдний өөрсдийгөө илэрхийлэх арга зам нь тэр ч юм бил үү. Бидэнд бол энэ шал дэмий зүйл.
-Амь гэдэг зүгээр л шоу хийчихмээр хямдхан гэж үү?
-Тийм ч байж болно.
-Бүтээлээ туурвиж байхдаа хүний амины тухай боддог уу?
-Барилгын ажилчнаас “Та нар яг ямар байшин бариад байгаа юм бэ” гэж асуухад мэдэхг үй хүн байна гэнэ. Өдөржин тоосго өрөөд шөнийн бор хоногтоо харьж, маргааш нь дахиад л нөгөөхөө давтаж байгаа нь хүний амьдрал мөн үү. Амьд хэрнээ үхмэл байгаа хэрэг. Хүн болж төрснийх, амьд байгаагийнхаа хэргийг гаргаж, утга учиртай, чөлөөтэй амьдрах хэрэгтэй.
-Таны амьдралын үнэ цэнэ юу вэ?
-Хамгийн гоё нь хайр.
-Уран зураг заавал гоо сайхантай байх ёстой юу?
-Миний зургууд тийм ч гоо сайхантай эд биш. Гэхдээ ямар ч шинэ урсгал гарч ирсэн гоо сайхантай байх ёстой. Тухайлбал, Пикассо, Сальвадор Далигийн уран бүтээлүүдэд дүрслэгддэг шиг далий нүүртэй, урт хөлтэй хүмүүс амьдрал дээр байдаг бол бид айна биз дээ. Тэгэхээр уран зургийн хэлээр, ном горимоор нь хэтрүүлэг ашиглавал гоо сайхан л харагдана.
-Ингэхэд яагаад улс төр сонирхох болсон бэ?
-Одоо болж байгаа улс төрийн энэ жүжгүүдээс хүмүүс уйдсан байх. Оюутолгой, Тавантолгойн орд, нарийн бүдүүн цариг гээд л элдэв асуудлын талаар цэнхэр дэлгэцээр хүмүүс дээр дооргүй яриад л байдаг. Яг анхаарч сонсохоор хариултыг нь өгч цэг тавьж байгаа хүн байдаггүй. Зүгээр л хэрэлдээд бужигнаад л байна. Үүний хариултыг олох гэж л ийм зургууд зурдаг байх.
-Та мах уу, амьд хүн үү?
-Мах л юм даа. Энэ нь манай төр засгийн ч, нийгмийн, ер нь бидний буруу.
-Мах болохгүйн тулд яах ёстой вэ?
-Хүмүүс бид ажилдаа ахиц гаргаж, оюунаа хөгж үүлж дор бүртээ л хичээх хэрэгтэй. Тухайлбал, оюутнууд өндөр түвшинд боловсрол эзэмших ёстой бол ээж хүн хүүхдээ сайн хүмүүжүүлэх хэрэгтэй.
-Тэгвэл та сайн бүтээл туурвиж байж үхмэл байдлаас ангижрах юм байна, тийм үү?
-Загатнасан газраа маажсан, сэтгэлд тултал хүрсэн бүтээл хийж чадахгүй байна.
-Зурж чадахгүй юм гэж байдаг уу?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Тууштай л хичээвэл болохгүй юм гэж байхгүй.
-Үнэхээр авьяастай зураач бүтээлүүдээ хэнд ч үзүүлж байгаагүй атлаа байшинтайгаа шатчихаж гэж бодъё л доо. Тэгвэл тэр хүнийг зураач гэх үү?
-Харамсалтай, гэхдээ зураач л гэх байх. Хэдийгээр түүний зургийг хүн үзээгүй ч өөрөө бүтээлээсээ таашаал авч байсан, үзэгч шүү дээ.
Б.ДӨЛГӨӨН