Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаад байгаа билээ. Уламжлал ёсоор энэ сарын 7-нд түүхэн жүжгийн сар нээлтээ хийх гэж байна. Театрын үзвэрийн жилийн нээлт энэ өдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх бөгөөд театрын өмнөх талбайд ахмад уран бүтээлчидээс эхлээд улс төр, спорт зэрэг олон салбарын алдартнууд хуран чуулж, уран бүжигчдийн болон морьтон баатруудын үзүүлбэр зэрэг олон олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна.
Ирэх баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-ны 18.00 цагаас тус театрын тайзнаа Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тоглох юм. Энэхүү жүжиг энэ сарын 21, 23-нд 18.00 цагт, 22, 29, 30-ны 17.00 цагаас тус тус тоглогдох аж.
Мөн "Эдип хаан" эмгэнэлт драмын жүжиг ирэх лхагва гариг буюу энэ сарын 5-нд 15.00 цагаас, Б.Шүүдэрцэцэгийн зохиол, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан” үндэсний түүхэн жүжгийг энэ сарын 8, 9-нд 17.00 цагт тус тус тоглоно.
Д.Равжаагийн "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжгийг энэ сарын 14-нд 19.00 цагаас, 15, 16-нд 17.00 цагт тоглох бол сарын төгсгөлд буюу энэ сарын 28-ны 19.00 цагаас Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга "Оролмаа эх" жүжгийг тоглосноор түүхэн жүжгийн сар өндөрлөх юм.