Жил бүр Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг Япон Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ жил УИХ-ын гишүүн Су.Батболд, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо болон МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр нарт олгохоор шийдвэрлэсэн билээ. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “Хайрын эгшиг” бие даасан тоглолтынх нь үеэр МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрт уг өргөмжлөлийг гардуулав.
МУГЖ Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь 1990 онд мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа Япон улсаас эхэлсэн бөгөөд Японы цагаан сарын битүүний үдэш NHK телевизийн зохион байгуулдаг урлагийн оддын тоглолтод оролцож байсан цорын ганц Монгол хүн билээ. Тэрээр хөгжмөөр дамжуулан хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэрээ оруулсаар ирсэн. Ардчиллын эхэн үе буюу 1990 оны эхээр соёл урлагаар дамжуулан Монгол орноо сурталчилан Монголын тухай ойлголтыг улам нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1996 оны нийгмийн хямралын үед “Оюунтүлхүүр сан” байгуулж олон япон хүмүүсийн дэмжлэгтэйгээр өнчин болон өвчтэй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасаар ирсэн төдийгүй Японы зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүүхэд залуусыг Монголдоо урьж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг олон сайн үйлсийг хийж ирсэн билээ.