Америкийн “Christian Science Monitor” сэтгүүлийн Парис дахь сурвалжлагч, урлаг судлаач Карлтон Лейкийн бичсэн ярилцлага/нийтлэлийг энэ удаагийн “Ховор яриа” онцолж байна. 1957 оны зун Лейк Францын Канн хот дахь Пабло Пикассогийн гэрт очжээ. Тэр үед 75 настай байсан кубизмын “эцэг” өөрөөсөө 46 насаар дүү залуу эхнэртэйгээ “Калифорни” хэмээх хуучны тансаг шилтгээнд амьдраад хоёр жил болж байж. Шинэ байранд нүүж орсноосоо хойш Пикассо хэр баргийн хүн хүлээж авдаггүй байлаа. Гэхдээ өмнөд Францын цэлмэг тэнгэр, таатай уур амьсгал дор, аль нэг улсын үндэсний музейг санагдуулам гэртээ түүний амьдрал яг л урьдынхаараа үргэлжилж байв. Өөрөөр байх ч аргагүй биз. Гойя, Веласкес нарын нутагт мэндэлсэн, зураач, дүрслэх урлагийн багш эцэгтэй, “Миний хүү цэрэг болбол жанжин болно. Сахил хүртвэл Пап лам болно” хэмээн хэзээд өөрийнх нь талд зогсох ээжтэй, “Харандаа” гэж хэлд орсон, 1800 гаруй зураг зурж, 1200 гаруй баримал урлахдаа уран зургийн ертөнц болоод урлагийн хандлагыг бараг л орвонгоор нь эргүүлчихсэн түүн шиг хүнд гагцхүү язгууртны мэт амьдрал л зохих учиртай байв. 91 наслахдаа Пикассо хөгширсөн нь үгүй. Энэ тухайгаа тэрбээр “Амьдралаас даалгасан хоёр том үүрэг надад байлаа. Нэг нь урлагаар дамжуулж, хүнийг оюун санааны “тоос”-ноос нь салгах, нөгөө нь өсөж том болох байсан” гэжээ. Эхнийхийг нь тэр хангалттай сайн биелүүлсэн. Харин үргэлж шинийг эрэлхийлж, “Залуухан байх гэж их олон жилээ зарцууллаа” гэж хэлснээс нь үзвэл удаах даалгавраа тэр биелүүлж чадаагүй болов уу.
Канн бол тав тухтай, цэвэр цэмцгэр, хэн бүхэнд халуун, дотно мэдрэмж төрүүлдэг сайхан хот билээ. Пабло Пикассог “олж авах”-аар Каннын зах руу зориход 14.00 цаг болж байсан тул эрхэм зураачийг би ид ажиллаж байгаа, эсвэл үдийн хоолоо идэж байгаа гэж таамаглан гэр лүү нь очихоо түр азнаж, хотоор жаахан сэлгүүцье хэмээн шийдэв. Тэгээд хөлөө цуцтал явж байгаад, Пикассогийн байшин байх гудамжинд оройхон очсон юм. Тэгэхэд зэргэлдээх байшингуудаасаа онцгойрч харагдах, хашаа, үүдийг нь гялалзсан хараар будсан, хаалганых нь дэргэд “La Californie” гэсэн бичигтэй боржин чулуун самбар хадсан, 1900-гаад оны үеийг санагдуулам гурван давхар байшин шуудхан нүднээ туссан нь миний зорьсон газар болох нь тодорхой байв. Хаалганд нь тулаад байшинг сонжиж зогстол хүрэн үстэй, хөх даашинзтай, нүүр дүүрэн инээмсэглэсэн сайхан эмэгтэй үүд нээсэн нь Жаклин Рок байлаа. Пикассотой амьдрах болсон энэ залуу эмэгтэйн зургийг би олон удаа харж байсан юм.
Пикассо залуу байхаасаа л шөнө ажилладаг, ихэвчлэн үүр цайтал зурж, өдөржин унтаж даджээ. Харин энэ удаа ажил нь орой дууссан уу, эсвэл шөнөжин ажиллаад ааш муутай байна уу, Пикассо намайг хүлээж авахаас татгалзав. Дараа өдөр нь үдийн хэрд би эргэж ирлээ. Зураачийн “өргөө”-ний үйлчлэгч бололтой, нэг настайвтар эмэгтэйд би өглөөхөн бичсэн зурвасаа өгөв. Энэ удаад намайг арай ч буцаахгүй байх гэж санасан тул үүд хавиар нь эргэлдлээ. Гэтэл бараг хагас цагийн дараа үйлчлэгч эмэгтэй над руу нэг юм даллав. Очтол “Ноёнтон хэнийг ч хүлээж авах боломжгүй байна. Гэхдээ тантай дуртайяа холбогдоно. Утсаа үлдээнэ үү гэж хэлүүлсэн” гэлээ. Дараа өдөр нь ням гариг байсан ч би зорьсон хэргээ бүтээхээр “La Californie” харш руу утасдвал харилцуурын цаана Жаклин хатагтайн дуу сонсогдов. Чингээд удаан хөөрөлдсөний эцэст маргааш нь буюу даваа гаригийн их үдэд ноён Пикассотой уулзахаар тохиролцлоо.
Долоо хоногийн эхлэл биш, харин төгсгөл шиг санагдах тэр нэгэн налгар өдөр би өмнөх хэдэн өдөр нь үүдээр нь эргэлдэж, ажиж сонжихоос өөрөөр ойртож чадахгүй байсан хар, төмөр хашааны хүнд хаалга цэлийтэл нээгдэхийг харж билээ. Жаклин хатагтай надад найр тавин гар сунгаж, “Тавтай морил” хэмээн их л эелдэг дуугарав. Англиар тэр маш сайн ярих аж. Өндөр таазтай, олон арван зураг, барималтай, хэд хэдэн том өрөөгөөр дамжсаны эцэст гэрийн эзэгтэй намайг нэг жижгэвтэр өрөөнд суулгав. Өрөөнд байх хачин сонин, гоёмсог чамин бүхнийг нэгбүрчлэн тогтоох гэсэн шиг нэг булангаас нөгөө рүү нь намайг харцаа гүйлгэн, биеэ барьж суутал Жаклин хатагтай “Пикассо ирлээ” гэж хэлэх нь тэр ээ. Суудал дээрээ эргэж хартал тунгалаг, гялалзсан нүдтэй, 75-тай гэхэд эрүүл, чийрэг биетэй намхан эр зогсож байв. Тод улбар шар өнгөтэй, сул даавуун өмд, улаан хүрэн, ноосон цамц, түүнтэй нь өнгө хорших хүрэн бор хантааз өмсөж, шороон саарал шаахай угласан тэрбээр шаламгай нь аргагүй ухасхийж, гар бариад, зочны том өрөөнд намайг урилаа. Ширээнд суусныхаа дараа Пикассо янжуур асаагаад “Та намайг барьчихлаа. Одоо надаар яах гэж байна” хэмээн инээмсэглэн асуув.
Сүүлийн үед зургуудыг нь ихэд таашаах болсноо, бас өөрийнх нь талаар бичсэн олон хүний өгүүлэл, нийтлэлийг уншаад уулзахсан, ямар хүн байдгийг харахсан гэж их удаан бодож байгаагаа зүрхэлж хэлэв. Тэгээд “Надаас ямар нэг асуулт хүлээлгүй, өөрийнхөө болоод уран бүтээлийнхээ талаар илэн далангүй ярина уу. Тэгвэл хөгийн зүйл бичиж, шившиг болохоос аврагдана” гэж ирсэн зорилгоо хошигнон байж тайлбарлалаа. Пикассо тэгтэл ёжтой нь аргагүй хөхөрч байна. “Сүрхий шударга нөхөр байх нь. Миний талаар хүмүүс дандаа л хөгийн юм бичдэг. Ганцаардана гэж айлтгүй” хэмээн уур амьсгалыг зөөллөж, намайг тайвшруулахаа ч мартсангүй. Түүний дуу намуухан атлаа хааяа цангинаж дуулдах юм. Маш хурдан ярих агаад испани аялга нь байсхийгээд цухалзах ч францаар ямар ч өөгүй, тун ончтой, уран цэцэн ярина. “Хөгийн” байхгүй гэдгээ амласан болохоор би коммунизмаас яриагаа эхлэв. Эрх чөлөөг бүхнээс илүү дээдэлж, бүхэл бүтэн хоёр, гурван үеийнхэнд чөлөөт сэтгэлгээний бэлгэ тэмдэг байсан түүн шиг хүн яаж яваад Коммунист намын гишүүн болчихсон нь сонирхлыг минь татаад болсонгүй. Энэ тухай асуутал царай нь үл мэдэг хувьсхийн, төв царайтай болсон Пикассо “Оросын орчин цагийн реалист зургууд л таны санаанд буугаад байна уу” гэж хариу асуув. “Тийм ээ” гэж хариулсан ч би өмнөх асуултаа лавшруулж, Сталиний хөргийг хүртэл зурж байсныг нь дурдаадахлаа. “Олигтой хөрөг болоогүй л дээ. Гэхдээ Коммунист намын гишүүний хувьд Сталинийг өөд болсны дараа юу ч юм хийх нь зүйн хэрэг гэж бодоод л зурсан юм. Хэрэв өөр хүн таалал төгссөн бол магадгүй цэцэг илгээх байсан биз. Цэцэгтэй адилтгавал тэр хөрөг эзэндээ хүрэх замдаа хатаад, хорчийчихсон л хэрэг” хэмээн Пикассо “хэргээ цайруулав”. Тэгснээ мартсанаа санах мэт толгойгоо өргөж, хуруугаа гозолзуулаад ийн ярилаа.
“Ийм зүйл ярьсных, нэг юм тодруулчихъя. Намайг болоод миний зургуудыг анархист үзэлтэй холбох гэсэн оролдлого нэлээн гарсан. Уг нь би хэзээ ч анархист байгаагүй юм шүү. Би бол бүтээлч хүн. Барилгатай зүйрлэвэл миний зургууд байнга дээшилж, адар, туурга нь өндөрсөж байгаа. Үүнийг мэдэхгүй байвал, хараад хараад ойлгохгүй бол үзэгч л буруутай болохоос, ойлгогдохгүй байгаа миний зургууд буруугүй. Ер нь бүх зүйлд шошго зүүх нь утгагүй. Жишээ нь, нэг хүн улаан өнгөний талаар ярьж гэж бодъё. Чухам ямар улаан өнгө вэ гэдгийг тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй. Хэдэн мянган төрлийн улаан бий шүү дээ. Тэгэхээр юмс, үзэгдлийг бусдын үгээр таньж, мэдэх аргагүй байгаа биз. Ингэж боддог хүн анархист байж болох уу. Би эрх чөлөөнд л итгэдэг хүн. Гэхдээ дүрэм журам, жам ёс гээч зүйлд захирагддаг эрх чөлөөний тухай ярьж байгаа юм шүү. Харин миний сул тал шиг харагдаад байгаа коммунист үзлийн тухайд насаараа баримталж ирсэн зарим зарчимтай минь яв цав нийцдэг. Сталиний талаар та асуух гэж байгаа байх. Түүнийг хэчнээн муу, муухай хүн байсныг ч хэлэх гэж байж мэднэ. Гэхдээ та тэгж бодож байгаа болохоос, яг ч сайн мэдэхгүй шүү дээ. Би ч гэсэн сайн мэдэхгүй хэрнээ түүнийг муу хүн гэж боддог. Түүнд итгэж, найдаж байсан нь миний алдаа. Тэглээ гээд би үзэл бодлоосоо няцахгүй. Энэ чинь үнэнхүү сүсэг бишрэлтэй, бурханд итгэдэг хүн есөн шид нь бүрдсэн, нүгэл хураасан ганц хуврагтай таараад шашин шүтлэгээсээ татгалзахтай адил”. Энэ үеэр Жаклин нөхөр лүүгээ дөхөж “Намаасаа гарахгүй гэдгээ хэлсэн нь дээр байх” гэж зөвлөлөө. Пикассо ч толгой дохиж “Тийм шүү. Тийм бодол алга. Польш, Унгарт байдал хүнд байгаа нь үнэн. Гэсэн ч Коммунист намаас би нүүр буруулахгүй” гэв. Тэгснээ над руу хачин сэжигтэй харц чулуудаад “Ер нь америкчууд та нар коммунизмын юуг нь сонирхоод байдаг юм бэ? Тухайн хүн коммунист байна уу, үгүй юү, ер нь ямар хамаа байна” гэсэн ч хариу хүлээсэн янзгүй эхнэр лүүгээ эргэж, харцаа өөр тийш хандуулав. Яг цагаа олж би өрөөний буланд байх жаазлаагүй, эмэгтэйн хөрөг харлаа. Пикассо хайрт Жаклинаа зуржээ. Уулзаж, учирч явсан бүсгүйчүүдээсээ магадгүй түүнийг л тэр хамгийн олон удаа зурсан байх. Зураг дээрх эмэгтэйн нууцлаг, дур булаам төрхийг анхааралтай ажиж байгааг минь анзаарсан Пикассо “Би нэг түүх ярьж өгье” хэмээж, нам гүмийг эвдэв.
“Дайн дууссаны дараа Парис дахь манай хуучин гэрт америк цэргүүд их орж, гардаг байлаа. Их нөхөрсөг, яриа хөөрөөтэй залуус байсан. Зарим нь эхнэр, хүүхдээ ярина. Тэгтэл нэг эр хөдөөний охин шиг төрхтэй, цонхигор, туранхай эмэгтэйн цээж зураг гаргаж ирээд “Миний эхнэр” гээд үзүүлдэг юм байна. Зургийг нь харж байгаад би тэсэлгүй “Эхнэр чинь их жижигхэн биетэй юм” гэтэл “Жижигхэн биш ээ. Энэ зураг л жижигхэн байхгүй юу” гэж билээ.” Ингэж яриад Пикассо нулимсаа гартал хөхрөв. Энэ яриа биднийг гоо сайхан болоод түүнийг хүмүүс хэрхэн өөр өөрсдийнхөө хүлээж авдаг тухай мэтгэлцэхэд хүргэсэн юм. Пикассод гитарын олон зураг байдгаас 1926 онд зурсан “Гитар” нэртэй нэгэн содон бүтээл бий. Дүрслэх урлагийн сургуульд сурч байхдаа олон зураачийн бүтээлийг хуулбарлаж, зураач болоход хэрэгтэй бүх л зүйлийг зурсан ч үнэн хэрэгтээ юу ч сураагүй болохоор энэхүү “тэрслүүд” нээлтээ харуулах гэж тэрбээр уг зургийг зуржээ. Гитар шиг харагдахгүй Пикассогийн гитарыг яаж ч харж, юу ч гэж тайлбарлаж болно. “Урлаг бие хүнд л хамаатай. Тухайн хүний хувь ганцхан онцлог илрэх цэгээс л урлаг эхэлнэ” гэж тэрбээр ярилаа. Түүний өөр нэгэн онцгой бүтээл болох “Герника”-гийн талаар асуухгүй өнгөрч чадсангүй. “Энэ зураг маш алдартай болсонд дайн дажнаас гадна Испани орны тухайн үеийн нөхцөл байдал их нөлөөлсөн шиг санагддаг” хэмээн намайг бодлоо хэлтэл Пикассо яаран хүлээн зөвшөөрсөнгүй. “Нэг талаар тийм. Гэхдээ намайг өөрийгөө ямар их “асааж” зурсан нь мэдэгддэггүй гэж үү? Парис дахь хөлсний байрандаа “Герника”-г зурж байхдаа би оюун санаагаараа маш их ядарч, амсхийх боломж гарвал л хээр очоод хэвтчихдэг байсан. Дуусгасныхаа дараа нэг хэсэг цэцэг, жимснээс өөр юу ч зурж чаддаггүй байлаа”. Энэ үг нь надад Прүстийн тэмдэглэлийг санагдуулсан юм.
Марсель Прүстийнхээр бол ямар ч уран бүтээлч амьдралдаа ганц л гоц бүтээл туурвидаг, эсвэл тийм бүтээл төрүүлэх учиртай нэг л онцгой санаагаа хэд хэдэн бүтээлдээ ахин дахин шингээдэг. Энэ тухай ярьтал Пикассо Прүстэй санал нийлж “Юуг ч ерөнхийлөн ойлгож болно. Ямар ч зүйлийг бүх нийтийн өмч болгож болно” гэснээ гэнэтхэн дуу алдаж “Бурхан минь. Би өмнө нь хэнтэй ч ингэж их ярьж үзээгүй” хэмээн толгой сэгсрэв. Гэрийн эзэгтэй ч бас нөхрөө ер бусын илэн далангүй байгааг хэлээд над руу харан “Та азтай юм” гэлээ. Харин надад “Ингэж аз таарахыг мэдсэн бол дуу хураагуураа авчрах минь яав даа” гэхээс өөр зүйл бодогдсонгүй. Америк сэтгүүлчид “дассан” ноён Пикассо дараа нь намайг студидээ оруулж, зурж буй бүтээлүүдээ харуулсан юм. Сонин содон зүүд шиг санагдсан, тэнд үзсэн бүхнээ харамсалтай нь би үгээр илэрхийлж чадахгүй нь. Тэгээд ч надад итгэн харуулсан зарим дутуу бүтээлийнх нь талаар олон зүйл ярихыг үл хүснэ. Юутай ч ЮНЕСКО-гийн байр ашиглалтад ороход тэнд залрах шинэхэн баримлаа хүртэл харуулсныг л хэлж чадах байна. Студиэс нь гараад гэрийн эзэн, эзэгтэй хоёр надад цэцэрлэгт хүрээлэнгээ үзүүлэв. Тэнд хүртэл зураачийн бүтээлүүд байх ба хамтдаа ердөө “Хүрэл” гэгддэг, тун энгийн нэртэй, ямаа болоод эмэгтэй хүний толгой, бүтэн бие нь дүрслэгдсэн Арабелла нэрт эмэгтэй гэсэн гурван дүртэй цуваа том баримал нүдэнд тусна. Пикассогийн хэлснээр энд өнгөрсөн жил их цас унажээ. Арабелла цасан дунд ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байсан гэнэ. “Их хүйтэн өвөл болсон. Гэхдээ хуучин ч гэсэн байшин маань их сайн баригдсан болохоор биднийгээ дааруулаагүй. Тааз нь хэчнээн гоёмсог, цонх нь ямар саруулхан гэж бодно. Ийм орчинд зураг зурахаас өөр яах вэ” хэмээн тэрбээр ярилаа. Бид гурав буцаад урланд оров. Түрүүхэн над руу цоо ширтээд байсан, Пикассогийн хараахан гүйцээж амжаагүй, туранхай жаалхүүгийн модон сийлбэр-баримал хэзээ мөдгүй үсрэх гэж байгаа мэт харагдана. Түүнийг хармагцаа би явах хэрэгтэйгээ ойлгов. Өвгөн зураачид ч гэсэн хийх ажил их байгаа байх. Намайг гаргаж өгөхдөө Пикассо амьд сэрүүн болоод амьсгал хураасан найз нарынхаа талаар эхнэрийн хамт надтай хэдэн үг сольж амжсан юм.
Ажлынх нь өрөөнд, торонд байх хоёр цагаан тагтаа, цэцэрлэгт нь цасанд дарагдан зогсох Арабелла бүсгүй, талийгч болоод өнө удсан ч санаа, сэтгэлд нь хадаатай, магад нөгөө ертөнцөд очоогүй ч байж мэдэх уран бүтээлч найз нөхдийнх нь талаар бодоод би Пабло Пикассо гэх суутныг аз хийморьтой, амар амгаланг хэдийнэ олсон хүн юм гэж дүгнэв. Гэрийнхээ үүдийг нээж, надад хувийн амьдрал болоод уран бүтээлээ дэлгэн харуулахдаа тэр ч гэсэн хосгүй суутан атлаа эгэл хүн, энгийн эр атлаа давтагдашгүй уран бүтээлч гэдгээ надад “хэлэв” бололтой. Тэднийхээс явахдаа бид дахин уулзаж, би түүнийг америк маягийн оройн зоогоор дайлахаар болов. Пикассог испани хэлний хатуу “р” үсгийг давхардуулан байж “Au revoir” гэхэд эхнэр нь англиар “Баяртай” хэмээж намайг гаргаж өглөө. Каннын төвөөс хөлсөлсөн хөнгөн тэргэндээ суун, машин зам руу эргэх хүртэл хөтлөлцөж зогсоод гар далласан хэвээр зогссон Пикассогийнхны дүр толинд туссаар байж билээ.
Г.ЛХАГВА