Жүжигчин Ц.Баясгалан. Тэр бол театрын уран бүтээлч. Театрын тайзандаа дэндүү хайртай, мэргэжилдээ үнэнч сэтгэл нь зах зээлийн үеийн хүнд шуурганд ч жиндээгүй юм. Ажил амьдралын гараагаа эхлүүлсэн театртаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, энд бий болгосон туршлагаараа өөрийгөө хөгжүүлж, олон улсын хэмжээнд Монголын драмын урлагийг таниулсан анхны жүжигчин. Косовод болсон моно жүжгийн олон улсын уралдааны гран приг хүртэж, мөрөөдөж ч байгаагүй амжилтаа гаргачихсан азтай нэгэн. Саяхан Кыргызэд болсон олон улсын фестивальд тэр бас л амжилттай оролцож, цаашид эх орондоо моно жүжгийн фестиваль зохион байгуулах яриа, хэлэлцээр хийгээд иржээ. Бэрхшээл тохиолдох бүрт сөрж зогсоод, тэр ч бүү хэл даваад гарчихдаг түүнийг “чанга” эмэгтэй гэж онцолмоор санагдлаа.
-Хол яваад ирсэн хүнээс сонин сайхан мэдээлэл сонсохыг хүсэж байна. Олон улсын фестивальд оролцсоноос гадна цаашид ч олон оронд тоглох урилга хүлээн авсан гэж дууллаа.
-Аравдугаар сарын 16-23-нд Кыргыз улсын Бишкек хотноо болсон “Импульс” моно жүжгийн фестивальд оролцоод ирлээ. Энэ бол уралдаан биш. Харин олон улсын уралдаанаас шагнал хүртэж байсан шилдэг жүжигчид оролцдог наадам юм билээ. “Эхийн сэтгэл”, “Муур”, “Амок” зэрэг сайхан жүжгүүд тоглож, тэдний тайзны шийдэл тоглолтын онцлогийг харж судлах боломж олдлоо. Энд уран бүтээлээ үзүүлсэн дөрөв дэх хүн нь би байсан. Энэ наадмыг олон сэтгүүлч, урлаг судлаач нар үздэг юм байна. Нэгэн сэтгүүлч монгол хэл мэддэггүй хэрнээ миний жүжгийг үзээд сэтгэл нь хөдөлж уйлсан гэсэн. Дараа жилийн наадамд намайг хүндэт зочноор урьсан. Кыргызээс аяны богц дүүрэн ирсэн. Олон улсын уралдаан, наадмын урилга хүлээн авч, УДЭТ-ын жүжгүүдийг тэдгээрт оруулцах боломжийг эрэлхийлсэн. Мөн ирэх жил Монголд моно жүжгийн олон улсын фестиваль зохион байгуулахаар боллоо. Энэ фестивальд Германы жүжигчин “Одиссей”, Польшийн жүжигчин “Гамлет”, Косовогийн жүжигчин “Амок”, Кыргызийн жүжигчин “Эхийн сэтгэл” жүжгээр оролцоно. Жил бүр Астана хотын ойн баярын үеэр болдог наадамд “Чөлөөт хос” жүжгээ санал болголоо. Зохион байгуулагчид бичлэгийг нь үзэж байгаад шийдвэр гаргах юм. Дарио Фогийн зохиолоор хийсэн “Чөлөөт хос” жүжгийг Ч.Найдандорж найруулагч маш өвөрмөц байдлаар найруулсан. Олон оронд энэ жүжиг тоглож байсан ч тэр бүхнээс Монголынх огт өөр болж чадсан. Бас энэ сарын 24-нд Молдавт болох наадамд оролцох гэж байгаа. 20 гаруй орны уран бүтээлчид оролцох юм. Зөвхөн моно жүжиг биш драмын бүх төрлөөр хүм үүс оролцох юм. Хоёрдугаар сард Германы Хановерийн наадамд оролцоно. Дөрөвдүгээр сард Македоны уралдаанд уригдсан ч шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Олон уралдаан наадамд оролцохыг хүсэж байгаа ч тайз, хөгжмийн ажилтнаа хувийн зардлаараа авч явдаг учраас хүчрэхгүй болох гээд л байна.
-Уралдаанд оролцохдоо хувийнхаа зардлаар явдаг юм уу?
-Тийм ээ. Гэхдээ зөвхөн хувийнхаа эрх ашгийн төлөө бус Монгол Улс, УДЭТ-ын нэрийн өмнөөс оролцдог. Косовод уралдаанд оролцохын тулд тавьсан өрөө дарж амжаагүй байгаа ч Кыргыз рүү дахин мөнгө зээлээд яваад ирлээ. Гэхдээ мэдээж хэцүү л байна.
-Косовод болсон уралдаанд гран при хүртсэн гээд Засгийн газрын мөнгөн шагнал олгох болсон тухай мэдээлж байсан. Шагналаа авч амжаагүй байгаа юм уу?
-Одоохондоо өгөөгүй л байна. Төр улс минь драмын урлагийг анхаарч 2008 онд ийм уралдаанд гран при хүртвэл 65 сая төгрөгийн шагнал олгоно гээд шийдчихжээ. Харамсалтай нь мөнгөгүй болоод тэр үү, эсвэл засаг, төр солигдох тухай яриа гараад тэр үү өгөхгүй л байна.
-Батламжаа ч аваагүй юү?
-Ямар ч гэсэн би энэ болзлыг хангасан. Батламж өгөөгүй байгаа. Гэхдээ яагаад тэгж буруу ойлгосныг мэдэхг үй ч намайг 65 сая төгрөг авчихлаа гээд цахим хуудсуудад бичиж, зарим хүн “Өөр том шагнал хүртсэн хүмүүс мөнгө аваагүй байхад энэ жүжигчин яагаад авч байгаа юм бэ” гэж бичсэн байсан. Өршөөгөөрэй, би өнөөдрийн байдлаар татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг шагнал болгон аваагүй яваа шүү. Дашрамд хэлэхэд, харин биднийг дэмжиж дараа дараагийн олон улсын уралдаан, наадамд эх орноо төлөөлөн оролцоход туслах хүсэлтэй хүн байвал холбогдоорой. Зөвхөн өөрөө бүх зардлаа хариуцаад явах амаргүй юм байна аа.
-“Гэгээн Муза” наадмын хүрээнд шилдэг моно жүжиг шалгаруулах болж, хэд хэдэн жүжигчин өрсөлдөн, монголчуудад энэ төрлийг танилцуулж байсан. Тэгвэл өдгөө моно жүжиг гэдгийг монголдоо Баясгалан гэдэг хүний нэртэй л холбон ойлгохоор болж байна. Та ийм амжилт гаргана гэж мөрөөдөж байв уу?
-Энэ тухай би үнэндээ мөрөөдөж ч байгаагүй. Тийм болохоор Драмын мэргэжлийн жүжигчдийн төв, ардын жүжигчин С.Сарантуяа эгч болон “Гэгээн Муза” академидаа баярлалаа. Анх надад “Эдит Пиаф”-ын зохиолыг өгч, “Чи нэг хийгээд үзээч” гэж санал болгосноор би олон улсын түвшинд хүртлээ хол явсан байна. Би хоёр гурван жилийн өмнө театрынхаа тайзан дээр “Ану хатан”-гаа тоглоод л явах тухай төсөөлж байсан. Тэгж яваад Ану хатангаа булаалгаад л, киноноосоо “жийгдээд” л...
-“Ану хатан” уран сайхны киног олон улсын зах зээлд борлуулж байгаа тухай дуулсан уу. Харамсалтай нь киноныхоо найруулагчийн нэрийг авч хаяад, оронд нь зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийнхөө нэрийг бичсэн гэдэг мэдээлэл нэлээн шуугиулж байгаа.
-Би А, Ш үсгээр эхэлсэн нэр үгний тухай бодохыг ч хүсэхгүй байгаа шүү.
-Та анхнаасаа кинонд нь ч Ану хатны дүрд тоглоно гэж байсан юм уу?
-Байхаар барах уу. Кино хийх мөнгөө хамт босгох гээд хүлээн авалт хүртэл хийгээд явж байлаа. Ингэж яваад хаягдаж, надад том цохилт болсон. Аз болж ийм хүнд цохилт мэдэрсэн болохоор түүний цаана гарахын тулд хичээсэн. Би их хор, шартай хүн юм байна лээ. Ганц хүний жүжигтэй болох гэж зориод, үргэлжлээд олон улсад гарчихлаа.
-Та шинэ сонирхолтой олон зүйл турших юм аа. Өнгөрсөн зун “Тэнгэрийн аялгуу” жүжгээ байгальд нь тоглосон байх аа.
-Монгол эхийн бүүвэйн дууны үүслээс сэдэвлэсэн “Тэнгэрийн аялгуу” жүжиг үнэхээр сайхан уран бүтээл. Хүүхэд, хөгшидгүй үзэхэд ихийг ойлгоно. Энэ жүжгээ олон удаа тоглож, хүмүүст хүргэхийг хүсэж байгаа ч ажил амжихгүй юм. Ганцхан удаа энэ жүжгээ байгаль дэлхийдээ тоглож, цэцэг барьж, моддыг налан, тэнгэрийн ододтой ярих боломж тохиосон. Жүжигчин хүнд ч ийм тоглолт дээд зэргийн таашаал өгдөг юм билээ. Өмнө нь тайзан дээр тоглоход үзэж байсан хүмүүс тэнд очиж үзээд өөр зүйл мэдэрсэн тухайгаа ярьж байсан. Харамсалтай нь бичлэг хийж амжаагүй. Гэхдээ дараа дахин тоглох боломж тохиох байх аа.
-Та шуналгүй юм уу?
-Айхтар шунал байхгүй ээ. Нэг машинаа зургаан жил унаж байгаа хэрнээ солих тухай бодож байгаагүй. Бие даасан хоёр жүжгээ тоглоод мөнгө олох боломж байгаа ч тэгж явъя гэж шамдахгүй юм. -Жүжигчид мөнгө олох ямар арга зам байна, бүгдийг нь л ашиглаж байна шүү дээ? -Би кино, сурталчилгаанд нэг их тоглодоггүй. Би театртаа ажилламаар байна. Хамгийн сүүлд “Чөлөөт хос” жүжигт тоглоод гайхамшигтай аз жаргал мэдэрсэн. Жүжигчин хүнд ч амттай сайхан бүтээл боллоо. Надад мөнгөний шунал байхгүй. Харин Монголын жүжигчид моно жүжиг тоглоод, олон улсад гараасай гэдэг ганцхан шунал байна.
-Та хүмүүстэй хамтран ажиллахдаа ямар зан чанарыг нь чухалчилдаг вэ?
-Чин сэтгэлээсээ хандаж, худлаа ярихгүй байгаа хүнтэй л хамтран ажилладаг.
-Үнэнч сэтгэлийг хэрхэн олж хардаг юм бэ?
-Илт мэдэгдэнэ дээ. Би олон жил, янз бүрийн дүр судаллаа. Нэг үгээр бол бид хүн судлаач шүү дээ. Үнэн, худал яриа, муу, сайн санааг мэддэг болсон байна. Азаар бурхан намайг хардаг болохоор сайн хүмүүстэй учруулдаг юм. Бас би хүнээс их мөнгө нэхдэггүй, сэтгэлээрээ ханддаг болохоор чин үнэнчээр ажиллах хамтрагчаа олдог байх.
-“Ану хатан” киноны гол дүрээ алдаад хүнд цохилтод орж байсан гэлээ. Хувийн амьдралтайгаа холбоотойгоор түүнээс хүнд цохилт мэдэрч байсан уу?
-Мэдрээд, даваад гарчихсан. 18 жилийн өмнөх явдал. Нэгэн насаа хамт элээнэ гэж бодож байсан ханьдаа итгэл алдраад, ганцхан үнэт эрдэнэ болох хүүгээ аваад салж байлаа. 18 жил хүүгээ ганцаараа өсгөж, хүний дайтай хүн болгосон. Миний хүү ШУТИС-ийн барилгын инженерийн хоёрдугаар дамжааны оюутан. Хүнийг хайрладаг сайн хүн болон өсөж байгаа.
-Одоо нөхөртэйгээ холбоотой байдаг уу?
-Хүүтэйгээ л хааяа ярьдаг байх. Надтай холбоогүй ээ.
-Өдий олон жил яагаад дахин гэр бүлийн амьдрал зохиогоогүй юм бэ?
-Тэр их сонин. 18 жилийн өмнө хоёр тийшээ болсон хэдий ч бид гурван жилийн өмнө л гэрлэлтийн баталгаагаа цуцлуулсан. Манай нөхөр нэг хэсэг гадагшаа явж, бас ирээд алга болчихоод салж чадаагүй л явсан. Тийм болохоор үнэнч зангаараа нөхөртэй мэт өөрийгөө төс өөлөөд байсан юм болов уу.
-Та үнэнч хайр дурлал, үлгэр жишээ гэр бүлийн амьдралыг харуулсан жүжгүүдэд тоглодог хэрнээ өөрөө тэгж сайхан дурлахыг хүсдэггүй гэж үү?
-Хүсэж байна. Он гараад хүнтэй суух байлгүй дээ (инээв). Тэр болтол зав байхгүй. Гэрлэлтээ цуцлуулснаас хойших гурван жил би ямар ч завгүй байсан. Тэгээд ч хүн намайг яаж эргүүлдэг, би ямар хариу өгөх гэдгийг би сайн мэддэггүй юм аа. Боломж тохиогоогүй л яваа юм байлгүй дээ.
Ж.СОЛОНГО