УДБЭТ-ын хамт олон 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж DVD-д эмхэтгэн “Нотны сан-г гаргалаа.
Тус театрынхан өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг өнгөрсөн оны 10 дугаар сараас MCS компаний санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэхүү нотын санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчийн бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн энэ бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн хадгалахаас гадна, ССАЖЯ, Монголын соёлын өвийн төвд нэг хувийг хадгалуулах аж.
Энэ төслийн үр дүнд театрын урын санд байгаа үндэсний сонгодог бүтээлүүдийн эх нот найдвартай хадгалагдах боломжтой болон, улмаар дэлхийн аль ч театрт тоглоход нотны хувьд ямар нэг асуудалгүй болж Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах сайхан боломж нээгдэж байгаа юм.
“Үндэсний сонгодог дуурь, балетын нотын сан”-г хүлээлгэн өгөх үйл ажиллагаа маргааш УДБЭТ-т болно.