Онцгүй зан байдалтай хүн амжилтанд хүрч чадах болов уу? Чадна. Гэвч хүн бүр ямар зан байдалтай буюу ямар хандлагатай байхаас шалтгаалан амжилтын хэмжээ нь өөр өөр байдаг аж.
Небраска мужийн Линкольны сонсогчдод Кларенс Дарровын "Би хорин настайдаа хожим буюу яг одоо юу хийхээ мэддэг байсан бол амиа хорлох байсан" гэж хошигнон хэлсэн тухай хэд хоногийн өмнө уншсан юм. Дарров амжилтанд хүрсэн өмгөөлөгч төдийгүй нэртэй зохиолч байсан боловч, энэ үгнээс нь харахад түүнийг маш гутранги хандлагатай байсан гэж хэлмээр байна.
Түүнчлэн Зигмунд Фред өөрийн бичсэн "Соёл иргэншил дундах дургүйцэл" хэмээх номондоо "Амьдрал хэцүү, баяр хөөргүй бол, түүнчлэн амьдрал зовлон гунигаар дүүрэн учраас үхэх л биднийг авраасай гэж хүсдэг бол урт наслах ямар хэрэгтэй юм бэ?" гэж асуужээ. Түүний ололт амжилт биш чухам ийм зан байдал нь түүний амьдралыг үзэх үзэлд нөлөөлсөн нь тодорхой харагдаж байгаа юм.
Зан байдал яагаад чухал вэ?
Таагүй зан байдалтай хэдий ч мундаг чадвартай юм уу халуун эрч хүчтэй байхад амжилтанд хүрч болох ч тийм хүний амжилтын давтамж бага байх төдийгүй амжилтанд хүрлээ гэхэд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болох бизээ. Тийм хүн тодорхой амжилтанд хүрч чадсан ч аз жаргалыг мэдэрч чадахгүй. Тиймээс таагүй зан байдалтай хүн амьдралдаа том амжилтанд хүрэх нь тун ховор байдаг гэнэ..
Харин эсрэгээрээ авъяас чадвар юм уу урагшлах хүчээрээ энгийнээс доогуур боловч сайн зан байдалтай бол гайхалтай ажлыг хийж гүйцэтгэж чаддаг. Аливаа зүйлд зөв хандлагатай байдаг бол амжилтын хэмжүүрийн нэг илэрхийлэл мөн.
Бидний өдөр тутмын амьдралд зан байдал буюу хандлага яагаад тэгтлээ чухал болохыг эрдэмтэд ингэж тайлбарлажээ.
Ажлыг эхлэх үеийн хандлага үр дүнд юунаас ч илүү нөлөөлдөг
"Төгсгөл нь сайн бол бүхэлдээ сайн" гэсэн үг байдаг. Миний бодлоор энэ үгний адил чухал үг бол "Эхлэл нь сайн бол бүхэлдээ сайн" гэсэн үг юм. Мэс засал хийх гэж байгаа эмч, тэмцээнд тамирчдаа бэлтгэж буй дасгалжуулагч, номлолд бэлдэж байгаа номлогч, том хэмжээний бизнес хийхээр яриа хэлэлцээрт орж байгаа бизнес ч гэх мэтчилэн амжилтанд хүрсэн хүмүүсийг харвал энэ үг яагаад чухал болохыг мэдэж болно. Өөртөө итгэлтэй хүн амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг. Харин гутранги хүн сөрөг үр дүнд хүрэх магадлал их байна.
Ямар нэгэн шинэ ажил эхлэхийн өмнөх таны хандлага ямар байдаг вэ? Хөөрч догдлох ч юм уу нухацтай ханддаг, эсвэл гутранги байдаг уу? Хэрэв гутранги байдаг бол өөрт учирсан ямар нэг онцгой тохиолдлоос болоод тийм байдаг уу? Тэр тохиолдол таны амжилтанд асар их нөлөөлдөг бол, та өөрийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Надтай хамт энэ номыг бичилцсэн Чарли Вэтзэл саяхан хянан засварлах талаарх тогтсон үзлээ өөрчилсөн юм. Хэвлэлийн газар ажилладаг олон хүн ном зохиол бичих юм уу хянан засварлах ажилд дуртай байдаг боловч тэрээр хянан засварлахаас ном зохиол бичихэд илүү анхаардаг. Хянан засварлах ажилд дургүй байдаг шалтгаанаа тайлбарлахдаа, англи хэлний найруулга зүйн багш байх үеийнх шигээ оюутнуудын шалгалтын материалыг дүгнэхтэй адил санагддаг гэж тэр хэлсэн. Бид хамтдаа бизнесийн ёс зүйн талаарх номон дээр ажиллаж байх үед хэвлэлийн компаниас түүнд хянан засварласан эх хувийг нягталж, редакторын зассан агуулгыг шалгаад үнэн зөв болсон эсэхийг дүгнэж өгөөч гэсэн хүсэлт тавьжээ. Өмнө нь тэр иймэрхүү ажил хийхээр ном бичих цагаас нь хумсалж байгаа мэт санагдан, хянан засварлах ажилд дургүй байжээ. Гэхдээ энэ удаад тэр хандлагаа өөрчлөхөөр шийджээ. Тиймээс тэр хянах ажилд үдээс хойш (үдээс өмнө эх бичиг ажилтай учраас) хэсэгхэн цаг гаргадаг байснаа өөрчилж, долоо хоногийг бүхэлд нь хянан засварлах ажилд зарцуулахаар шийдсэн бөгөөд энэ цаг хугацааг эх бичмэлийг засаж шинэчлэн, эх бичмэлийн түвшнийг нэг шат ахиулах боломж гэж үзэхээр болов. Эцсийн дүнд хянах ажил илүү сонирхолтой болж, үр дүн нь ч сайжирчээ.
Аливаа ажлыг хийхдээ, ялангуяа хийхийг хүсэхгүй байгаа боловч чухал ажил бол уг ажлыг хийх дүргүй байгаа мэдрэмждээ биш чухал ажил гэдэгт нь анхаарлаа хандуулаарай. Бас тухайн ажлыг хийхэд гарч болох асуудалтай тал биш боломж бололцоог анхаараарай. Ингэж чадвал таны хандлага ч мөн сайжрах болно. Хэрэв таны амьдралын хандлага ийнхүү сайжрах юм бол хүссэн зорилтоо хэрэгжүүлэх магадлал ч өндөр болно.
Бусдад хэрхэн хандах нь чухал
Нэг өдөр айлын том охин ээжтэйгээ зул сарын баярын өмнөх их хямдралын хугацааг ашиглан энд тэндхийн дэлгүүр хэсч явжээ. Ээж нь хүн их байна, барааны чанар муудчихаж, үнэ нь санасанд хүрч хямдраагүй байна, хөл өвдөж байна гэхчлэн янз бүрээр гомдоллож байв. Тэгж байгаад ээж нь их дэлгүүрийн нэг ажилтнаас болж таагүй байдалд орсныхоо дараа охиндоо, "Би дахиж энэ дэлгүүрээр орж ирэхгүй. Тэр эмэгтэй над руу ямар зэвүүн харсныг чи харсан биз дээ?" гэж хэлэв.
Охин нь хариуд нь "Ээжээ, та өөрөө эхлээд түүн рүү тэгж харсан шүү дээ" гэв.
Бид бусдад яаж хандаж байна гэдгээс шалтгаалан бидэнд хандах бусдын хандлага ч өөрчлөгдөнө. Хэн нэгэнтэй уулзаад инээмсэглэвэл тэр хүн ч бас танд инээмсэглэлээр хариу барина. Хэрэв та дайрч довтолбол тэр хүн ч бас тань руу дайрч довтлох болно. Өдөр бүр уулздаг хүмүүстэйгээ сайхан харилцаатай байхыг хүсвэл бусдад үргэлж сайнаар ханд. Ингэж чадвал олон сайхан үр дүнд хүрнэ.