Монголын хөгжмийн зохиолчдыг төлөөлөн олон улсын хэмжээний уралдаанд байнга “шандас” сорьж алдраа дуурсгаж байдаг нэгэн бол хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр. СУИС-ийн багш, Улсын филармонийн хөгжмийн зохиолч тэрбээр хамгийн сүүлд ОХУ-ын Калуга хотод болсон “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдаанд оролцож тусгай байр эзэлжээ. Өмнө нь 2010 онд Москвад болсон С.С.Прокофьевын нэрэмжит залуу хөгжмийн зохиолчдын IY уралдааны тусгай байр, Италийн Болонья хотод болсон олон улсын хөгжмийн зохиолчдын XYI уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртэж байсан түүний амжилт хөгжмийн хүрээллийхнийг гайхашруулдаг юм. Харамсалтай нь Монголын соёлын бодлого хэдийнэ алдагдаж, уран бүтээл туурвиж байгаа гол хүнээ урамшуулахаа болиод уджээ.
Түүний бүтээлүүдийг олон улсад хүлээн зөвшөөрч шагнаад байхад улс нь анхаарах ч сөхөөгүй байх жишээтэй. Тэглээ гээд залуу хөгжмийн зохиолчид тогтолцооны шинэчлэл хийхийг шаардсангүй. Байгаа бололцоондоо тохируулан, орчноо үүсгэж бүтээж туурвисаар л явна. Түүний морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан нэгдүгээр концертыг морин хуурч Д.Шинэцог тоглосон бол хоёрдугаар концертийг нь Д.Жигжиддорж амилуулан олны хүртээл болгожээ. Д.Шинэцог Австрийн Вена хотноо болсон Ф.Шубертын нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн шагналыг хүртэхдээ ч энэ зохиолыг тоглосон байдаг. 2010 оноос хойш Ш.Өлзийбаярын зохиосон дуу, бичсэн хөгжмийн зохиолууд нь “Морин хуур”, “Алтан намар” наадамд шалгарч, тэрбээр “Гоо марал” шагналыг ч хүртсэн байдаг.
-Галуга хотноо болсон “XXI зууны хөгжмийн зохиолч” уралдаанд ямар бүтээлээрээ оролцсон бэ?
-2010 онд зохиож, нийтийн хүртээл болгосон Морин хуур, найрал хөгжимд зориулсан концертоороо оролцлоо. Энэ зохиол “Алтан намар” наадамд шалгарч байсан. “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог өнгөрсөн жил Австрийн Вена хотноо болсон Ф.Шубертын нэрэмжит уралдааны гран приг хүртэхдээ энэ зохиолыг тоглосон. Дараа нь Төрийн ордонд мөн тоглож байсан. Олон газар эгшиглэсэн, амжилттай яваа бүтээл л дээ. Энэ уралдааны тухай хөгжмийн зохиолч найз Цэн.Эрдэнэбатаасаа сонссон юм. Түүнийг уралдаанд оролцож байгааг дуулаад би ч бас бүтээлээ илгээж үзье гэсэн юм. Язгуур урлагийг орчин цагийн ололт амжилттай холбосон гэдэг шалгуураар энэ зохиолд тусгай байрын шагнал олгож байгаа юм билээ.
-Хөгжмийн зохиолчид уралдаанд оролцохдоо заавал тухайн улсдаа очих шаардлагагүй. Харин бичлэг явуулчихдаг юм байна, тийм үү?
-Тийм ээ. “Youtube” хуудсанд байгаа бичлэгийг нь ноотныхоо хамт илгээсэн. Энэ уралдаан зургаан шүүгчтэй. Ерөнхий шүүгч нь Сергей Сломнимский. Энэ цаг үед амьдарч байгаа шилдэг хөгжмийн зохиолч. 30 симфони бичсэн 80 гаруй настай хүн бий. Одоо СанктПетербургийн хөгжмийн консерваторид хөгжмийн зохиомжийн хичээл заадаг юм.
-Энэ жил ямар шинэ уран бүтээл хийв?
-Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан хоёрдугаар концертоо бичсэн. Энэ зохиол сонгодог гурван ангитай. Морин хуурын чуулгын хөгжимчин Д.Жигжиддорж тоглож, ардын жүжигчин Ц.Батчулуун гуай удирдсан. Энэ зун “Цэн тогоруу” , “ Эх орон дуудаж байна” гэдэг хоёр киноны хөгжмийг зохиосон. Өнгөрсөн жил Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулгад зориулан “Оргилуун оркестр” удиртгал бичсэн.
-Улсын филармони хэзээнээс хөгжмийн зохиолчийн орон тоотой болов оо. Өмнө нь зохиолчгүй байсан санагдах юм.
-Өмнө нь орон тоо байсан юм билээ. Жанцанноров гуай ч ажиллаж байсан түүхтэй. Сүүлийн үед энэ орон тоонд хүн ажиллуулаагүй байж байгаад надад санал тавьснаар 2012 оноос хойш ажиллаж байна.
-Та мэргэжлийн хөгжмийн урлагийн хамгийн том найрал хөгжмүүдийг нэгтгэсэн байгууллагад ажиллаж байгаа учраас бусад хөгжмийн зохиолчоос илүү давуу талтай байдаг уу?
-Гурван өөр хэв маягаар тоглодог оркестртой болохоор баялаг л даа. Би багадаа морин хуур тоглодог байсан учраас Морин хуурын чуулга ойр дотно санагддаг. Мөн хөгжмийн зохиолч хүн зайлшгүй симфони найрал хөгжмийг мэддэг, түүнд зориулж зохиол бичдэг учраас давуу талтай болж байгаа. Сүүлийн үед би жааз хөгжим сонирхдог болсон. Бүгдтэй нь ямар нэг байдлаар холбогдож ажиллах сайхан байдаг.
-Энэ жил “Алтан намар” хөгжмийн наадам болохгүй. Хөгжмийн зохиолчдод л хамгийн хэцүү байгаа байх даа.
-Түүхэндээ анх удаа байгаа нь энэ. Эмгэнэл шүү дээ. Хөгжмийн зохиолчид жилдээ ганц удаа ургацаа хурааж тэндээс шилдгийг нь сонгон улсын санд худалдаж авдаг байлаа. Нийтдээ 50 сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ энэ бол нэг л зохиолын үнэ юм шүү дээ. Манайхан жилдээ 5-6 зохиолыг ийм үнээр улсын санд авдаг. Уг нь бид энэ мөнгийг нэмүүлэх ёстой гэж ярьж байсан. Гэтэл бүр наадам ч үгүй болох нь. ССАЖЯ илүү зардлаа танахад л “Алтан намар” наадам өртчихөж.
-“Алтан намар” танаасанд өртөхөөр жижиг наадам уу?
-Цар хүрээ, утга агуулга нь өргөн. Хөгжмийн зохиолчид том хэлбэрийн бүтээлээ жилдээ ганцхан удаа оркестроор тоглуулж, үзэгчдэдээ сонсгох боломж нь энэ байсан. Ийм бүтээлүүд нийтийн дуу биш болохоор хаа дуртай газраа, дуртай хөгжимчн өөрөө тоглуулчихаж болдоггүй. “Алтан намар” наадмын хүрээнд симфони найрал нь хөгжмийн зохиолчдын бүтээлийг нэг удаа албан ёсоор үнэ төлбөргүй тоглодог. Үнэхээр харамсалтай санагдаж байна.
-Нэг концерт, симфони, дуурь, балет бичихийн тулд хөгжмийн зохиолч хэр их хөдөлмөр, цаг хугацаа зориулдаг вэ?
-Ерөнхий төлөвлөгөө хурдан гарч болох ч механик ажиллагаа нь маш их. Найралжуулахын тулд симфони оркестрын хөгжим болгонд тохируулна. Гаргахыг хүсэж байгаа аялгуу маань бусад хөгжимд дарагдах вий гэж тооцоо хийнэ. Энэ ажиллагаанд олон цагийг зориулдаг. Нэг сар, түүнээс илүү хугацаа зориулах нь ч бий. Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг дуу шиг сэтгэлийн хөдөлг өөнөөр биччихдэггүй. Няхуур ажиллаж, бүтээлийнхээ гүнд орж, шатаж байж хийдэг учраас энэ хөдөлмөрийг хэмжихэд хэцүү. Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг олон удаа сонсож хянадаг учраас “хий нь багасдаг”.
-Сүүлийн жилүүдэд таны бүтээлүүд жил бүр л улсын санд орж байгаа байх аа?
-Тийм ээ. Улсын санд хөгжмийн бүтээл худалдан авахад миний бүтээл багтаад л байгаа.
-Ямар зохиолоо хамгийн өндөр үнээр худалдсан бэ?
-Улсын санд жил бүр бүтээл худалдан авдаг 50 сая төгрөгийн 10 саяыг нь “Дөрөө” модерн балетаар авсан. Ерөнхийдөө хуваарилалт нь тэгш байдаг ч симфони, дуурь, балетийг арай илүү үнэлдэг.
-Та үндэсний хөгжмийн зэмсгүүд болон аялгууг бүтээлдээ шингээгээд байгаа санагддаг. Үүнийг таны бүтээлийн онцлог гэж хэлж болох уу?
-Олон улсын хэмжээнд миний зохиолыг үнэлээд байгаа шалтгаан нь тэр шүү дээ. Үндэсний соёл, язгуур хэв шинжээ шингээж байгаа учраас бусдын анхаарлыг татаж байгаа юм. Тэд нар шиг бичвэл гүйцэхгүй.
-Та ямар зохиол бичихийг хүсдэг вэ?
-Миний бүтээлүүд хүнд хэрэгтэй байгаасай. Хөгжимчид миний зохиолыг тоглож, эргээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэдний тоглолт гарч, үзэгчид сонордож байгаасай. ОХУ-д сурч байхдаа тус улсын хөгжмийн зохиолчдыг их сонсдог байсан бол эх орондоо ирээд Б.Шарав, Н.Жанцанноров, З.Хангал гээд үндэсний шилдэг хөгжмийн зохиолчдоо сонсож суралцаж байгаа юм. Сонгодог хөгжмөөс XX зууны хоёрдугаар хагасын үеийн бүтээлийг түлх үү сонсдог. Шинэ соргог ямар хөгжим гарч байгааг бас сонсоно. Хэт авангардад автахгүй.
-Бүтээл туурвих эрч хүч, эх үүсвэрийг хаанаас олж авдаг вэ?
-Аялна, судална. Байгальтайгаа ойр байж их зүйлийг мэдэж авна.
-Та ямар үед хамгийн идэвхтэй ажилладаг вэ. Монголын хөгжмийн зохиолчид ихэвчлэн залуудаа шилдэг бүтээлүүдээ туурвидаг.
-Нэг зохиол бариад авбал дуусгана гээд л “нухна”. Зүгээр яваад байвал бас тэгээд л нэг хэсэг явчихна.
-Эхэлсэн ч дуусдаггүй зохиол гэж байна уу?
-Байна. Үнэхээр буруу эхэлсэн зохиол явдаггүй.
-Буруу эхлэл гэж юуг хэлэх бол?
-Үргэлжлэн хөгжих боломжгүй гэсэн үг. Зөв ноотоо олоод эхэлбэл зохиол хөгжөөд явна. Тийм тохиолдол олон байдаг. Бичиж үзсэн хүн л мэднэ.
-Та захиалгаар хөгжим бичдэг үү?
-Бичнэ.
-Бусдын санаанд нийцүүлж, захиалгаар бичих хэцүү юү?
-Хэцүү гэхээсээ илүү хариуцлага ногдож байгаа юм. Надад итгээд захиалсан хүний итгэлийг алдахгүйн тулд хичээдэг. Бас мөнгөнөөс илүүтэй энэ далимд сайн бүтээлтэй болно оо гэж боддог. Морин хуур, найрал хөгжимд зориулсан концертийг би Д.Шинэцогийн захиалгаар бичсэн. Тухайн үедээ мөнгө аваагүй хэдий ч зохиол маань “Алтан намар”-т шалгарч, Шубертын уралдаанд оролцож амжилт гаргасан.
-Хөгжмийн зохиолч хүн зөвхөн авьяастай байгаад сайн бүтээл туурвихгүй юм шиг ээ.
-Боловсрол чухал. Аливааг томоор харах чадвартай байх ёстой. Донжтой сайхан дууны аялгуу хийчихдэг хэрнээ том болгож хөгжүүлдэггүй хүн байна. Бас онцлоод байх аялгуугүй хэдий ч томоор олж хардаг зохиолч ч бий. Хөгжмийн зохиолч хүн олон талын мэдрэмжтэй байх хэрэгтэй.
-Хөгжмийн зохиолчдын хувьд Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэх ямар уралдаан байдаг вэ?
-Би тийм уралдаанд шалгарсан шүү дээ.
-Галугад болсон уралдаан уу?
-2010 онд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан “Вариаци Токката” бүтээлээрээ Италийн Болонья хотод болсон олон улсын хөгжмийн зохиолчдын XYI уралдааны гуравдугаар байрт шалгарсан. Энэ уралдааны ерөнхий шүүгч нь алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе байсан. Гэхдээ Засгийн газрын тогтоолын хавсралтад энэ уралдаан байхг үй учраас манайхан тоогоогүй. Тэр хавсралтын ихэнх нь спортын тэмцээн байсан. Урлагийнхнаас М.Глинк, П.И.Чайковскийн уралдаан болон циркийн тэмцээнүүд л жагсаалтад багтжээ. Хөгжмийн зохиолчдод хамаатай ганц ч уралдааны нэр байгаагүй.
-Энэ дүрэм, журмаа шинэчилж болдоггүй юм уу?
-Тухайн үед би шинэчлэх хэрэгтэй гэж бодоод өөрийнхөө олж судалснаар жагсаалт гаргаж өгсөн л дөө. Гэхдээ ажил хэрэг болоогүй. Хөгжмийн зохиолч Сэр-Од бас тийм жагсаалт гаргаж өгсөн гэсэн.
ОХУ-ын Москва хотын Соёл урлагийн их сургууль, Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргэсэн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр дэлхийд Монголын хөгжмийн зохиолчид, хөгжмийн урлагийг таниулах бүтээлтэй болохын тулд хичээн ажиллаж байгаа гэсэн. Бодсоноо тэр бүр ил гаргадаггүй, өөртэйгээ ярилцаж, үр дүн гарсны дараа нь бусдад хэлдэг нь түүний онцлог байх. Хийх гэж байгаа ажил бий гэх ч түүнийхээ тухай ганц ч үг унагахгүй байгаа нь бас л нууцлаг. Гэхдээ тэр удахгүй маш том ажил, уран бүтээл эхлүүлэх байх. Сайхан мэдээ удахгүй дуулдана гэдэгт би итгэсэн.
Ж.СОЛОНГО