Хүн ертөнцийг түмэн өнгөөр хүлээн авч мэдэрдэг. Гэвч аль нэг өнгийг мэдрэх, харах нь тухайн хүний сэтгэл зүйн онцлогоос шалтгаалаад өөр байдаг билээ. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илүү таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм.
Эрдэмтэд аль хэдийн бүх амьд амьтад гэрэлтдэг, түүнийг цахилгаан соронзон талбайд харж болдгийг нээжээ. Тэр дундаа хүмүүс биеийн болон сэтгэл санааны ерөнхий байдлаас болж янз бүрийн өнгөтэй цахилгаан соронзон цацруулан гаргадгийг судалж тогтоосон байна.
Таны хувцасны ихэнх нь ямар өнгөтэй байна вэ? гэдгээс бүх зүйл шалтгаална. Хэрэв та аль нэгэн өнгөнд бусдаас илүү дуртай, эргэн тойрны эд хэрэглэлд тань ямар өнгө зонхилж байна вэ? Энэ л таныг илэрхийлэх танаас цацарч буй өнгө аж.
Цэнхэр өнгө
Үнэнч шударга, уян сэтгэлтэй хүмүүсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл ногоон туяа цацран харагддаг байна. Хэт их сэтгэлийн зовиуртай, бодлогоширонгуй хүн нь гүн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрлахгүй хэт баяр баясгалантай хүмүүсийн өнгө нь улаан ягаан эсвэл цайвар ягаан хөх байдаг. Аль ч шашны бурхан ихэвчлэн цэнхэр өнгө дүрслэгдсэн байдгийг судлаачид тогтоосон. Орчин үеийн био энерги судлаачид цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж тэр ч байтугай өвчин намдаагч, биеийн халуун цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрүүнийг мэдрэх боломж олгодог. Цэнхэр өнгө мөн тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчүүд эхэвчлэн цэнхэр хөх өнгө цацраана.
Улаан өнгө
Улаан өнгийг хараад цухалддаг хүмүүс голдуу ганцаардмал байх дуртай хүмүүс. Улаан өнгө нүдний хувьд хамгийн ядаргаатай төдийгүй оюун санааны системийг цочрооно. Энэ өнгө агшин зуур хүний анхаарал татах боловч, маш хурдан сонирхол буурна.
Ягаан өнгө
Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хүмүүсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хүмүүст төдий л таалагдахгүй.
Ногоон өнгө
Ногоон өнгө тайвшруулагч өнгө агаад түүнд дуртай хүмүүс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмүүлэх бөгөөд энэ нь тэдний амьдралд амин чухал зүйл юм. Ногоон өнгөнд дургүй хүмүүс “Би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их байгаад байгаа юм биш биз”гэж бодоход гэмгүй.
Хөх өнгө
Хөх өнгө хүний сэтгэлийн тайвшралыг мөн илэрхийлэх ба орчин тойрны үймээн, бужигнаануудыг ч анзаарахгүй байж чаддаг. Энэ өнгөнд дуртай хүмүүс даруухан харин өөртөө жаахан итгэл муутай улс.
Шар өнгө
Шар өнгө амьдралын баяр баясгалантай ухаалан хүмүүсийнх. Энэ өнгөнд сониуч, нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хүмүүс дуртай. Харин гутрангуй ганцаардмал зожиг хүмүүсийг цухалдуулдаг. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжүүлэн, бадрангуй сэтгэлийг хөгжөөнө.
Улбар шар өнгө
Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхүйтэй мөрөөдөгч хүмүүсийнх ажээ. Амжилтанд хүрэх гэсэн эрмэлзэл нь голдуу үр дүнгүй болдог.
Чернилэн ягаан өнгө
Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хүмүүс энэ өнгөнд дуртай. Ид шидэнд итгэгсэд голдуу энэ өнгийг эрхэмлэнэ.
Хүрэн өнгө
Хүрэн өнгө сэтгэл хангалуун бус түгшүүртэйг илтгэнэ. Өөрийнхөө зовиур, сэтгэлийн түгшүүрээ дотроо нуусан хүмүүс энэ өнгөнд дуртай аж.
Саарал өнгө
Саарал өнгө идэвхигүй өнгө гэж үздэг ба голдуу өөртөө итгэл муутай шийдвэр гаргаж чаддаггүй, хэт сэжиглэмтгий хартай болгоомжтой хүмүүсийн өнгө. Хөнгөндүү тэвчээр хатуужил муутай хүмүүс энэ өнгөнд дуртай.
Хар өнгө
Хар өнгө өөртөө итгэлгүй амьдралыг бараанаар хүлээн авдаг нэг их аз жаргалгүй хүмүүсийнх.
Цагаан өнгө
Энэ өнгө нь бусад өнгөтэй адил элдэв цухалдал төрүүлдэггүй. Гэвч бидний цацраадаг болоод дурладаг өнгөнүүд маань сэтгэл санаа, биеийн байдал, цаг агаараас хүртэл хамаардаг ажээ. Нас ахих тусам бас өөрчлөгддөг гэнэ. Мөн бидний зан төрх, жилийн улирал, цаг үеийн хувцасны маяг хүртэл нөлөөлнө. Гэхдээ л энэ бүхэн бидний сэтгэл санаа бодлын тухай мэдээлэл агуулж байгааг мартаж болохгүй.