Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байгаа. Аравдугаар сард Х.Билэгжаргал агсны “Ламбугайн нулимс” дуурийг үзэгчдэдээ толилуулсан бол арваннэгдүгээр сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь байх нь. Энэ дуурийн шинэчилсэн тоглолт ирэх сарын 1, 2-нд болох юм.
Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдарсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн энэ дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байжээ.
Энэ удаа ССАЖЯ-ны Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцасыг нь бүрэн шинэжилжээ. Дуурийг ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн тохируулгыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хийжээ. “Хөхөө Намжил” дуурийн шинэчилсэн тоглолтыг Ц.Мөнхболд удирдах юм. Мөн ерөнхий хормейстер Н.Дашбямба, ерөнхий балетмейстер Д.Дашлхагва нар найрал дуу, бүжгүүдийг нь шинээр найруулан бэлтгэжээ. Ерөнхий зураачаар Г.Ганбаатар ажиллан өвөрмөц шийдэлтэй тайз бүтээж байгаа бөгөөд хувцасны зураач Г.Оюун 100 шахам хувцасыг шинэчлэн хийсэн гэнэ. “Хөхөө Намжил” дуурийн гол дүрд гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр нар дуулна.