“...Алтан намар он жил улиравч дурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан...”
Жил жилийн намар ардын жүжигчин Б.Зангад ийн дуулах нь өвөл хаяанд ирснийг, “Алтан намар” хөгжмийн наадам болж буйг илтгэдэг. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын II симфони, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын төгөлдөр хуурт зориулсан II симфони, морин хуурын концерт, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын морин хуурт зориулсан симфони найрал хөгжмийн анхны концерт, С.Гончигсумлаагийн IV симфони гээд өнгөрсөн зууны шилдэг бүтээлүүд энэ наадмаас л төрсөн. “Би тэтгэврийн хөгшин учир надад тодорхой ажил, ногдсон үүрэг гэж үгүй. Гэхдээ, Монголын хөгжмийн зохиолчдын “Морин хуур”, “Алтан намар” наадмыг хүсэн хүлээж, алгасахгүй оролцдог” хэмээн ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа хэлсэн нь наадам ямар үнэ цэнэтэйг илтгэнэ.
Тэгвэл 32 жилийн түүхт намрын эгшиг энэ удаа тасрах таагүй мэдээ байна. Тодруулбал, Хөгжмийн зохиолчдын хувьд сар шинэ, үндэсний их баяртай дүйцэхүйц нэр хүндтэй, Монголын сонгодог хөгжмийн урын санг баяжуулдаг ач холбогдолтой наадмыг улс санхүүжүүлэх мөнгөг үй учраас өнжөөхөд хүрээд байгаа аж. Энэ тухай ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзулаас тодруулахад, наадмын чанарыг сайжруулах хэрэгтэй гэж хөгжмийн зохиолчдод бурууг чихэв. Тэрбээр “Алтан намар наадмын нэр хүндийг өсгөх, уран бүтээлийн чанарыг сайжруулах зорилгоор хоёр жилд нэг удаа ССАЖЯ-ны оролцоотойгоор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнийгээ Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд хоёр сарын өмнө хэлсэн. Жил бүр энэ наадмыг зохион байгуулахад тус холбоо яамнаас дэмжлэг авдаг. Зөвхөн улсаас санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байгаад яах вэ. Хүсвэл энэ холбооныхон өөрсдөө наадмаа жил бүр хийж болно. Бид хориогүй. Улсын санд шилдэг бүтээлүүдийг 50 сая төгрөгөөр худалдаж авдаг хэвээрээ. Энэ тухай Соёл урлаг хөгжүүлэх сангаас асуусан нь зүйтэй. Мэргэжлийн холбоод өөрсдөө бодлогоо ярилцан, саналаа ССАЖЯ-нд хүргүүлэх чиг үүрэгтэй болгоё гэсэн бодол бий. Хөгжмийн зохиолчдын холбооныхон аль нь зөвийг ярилцан, саналаа хэлж болно. Яаманд хэдэн хүн суучихаад шийдвэр гаргаад байдаг юм биш” гэв.
Хөгжмийн зохиолчдын холбоо ямар байр суурьтай байгааг гүйцэтгэх захирал Д.Чулуунаас лавласнаа хүргэе.
-Хөгжмийн зохиолын чанарт цаг хугацаа нөлөөлдөг үү?
-Улсын эдийн засаг хэцүү учир наадам ийн тасалдаж байна. Хөгжмийн зохиолчид чанаргүй бүтээл туурвиад байгаа юм биш. Авьяасыг хугацаагаар хэмждэггүй. Манайхан нэг жилд багтаж ядсан олон бүтээл хийдэг. Одоо ч гэсэн наадам хэзээ болох тухай өдөр, шөнөгүй л асууж байна. Засгийн газрын төсөв хүнд болсныг үнэнээр нь хэлэхгүй, хөгжмийн зохиолчдын бүтээлийн чанартай холбон тайлбарлаж буй нь буруу. Манай холбооны ерөнхийлөгч Бямбабаяр сая Соёл урлаг хөгжүүлэх сангийн дарга Н.Батмөнхөөс энэ талаар асуухад “Төрд одоогоор мөнгө байхгүй. Танай зохион байгуулдаг наадам. Та нар хийдгээрээ л хий. Шилдэг бүтээлд олгодог 50 саяыг дараа нь нөхөж олгох байлгүй” гэж хариулсан юм билээ. Хөгжмийн зохиолчдын бүтээлд олгох 50 сая төгрөг энэ жил төсвөөс хасагдсан гэж Баянзул надад хэлсэн. Наадам зохион байгуулж чадахааргүй болсон гол шалтгаан үүнд бий. Уг нь бид л зохион байгуулж байгаа болохоос биш, цаад мөн чанартаа төрийн ажил хийж байна. Гэтэл хэдэн завтай нөхөд дуртайдаа наадам хийж байна гэж ойлгож байгаа хүмүүс бий.
-Хөгжмийн зохиолчдын холбооныхон хүсвэл өөрсдөө жил бүр наадмаа зохион байгуулж болно гэсэн. Танайх цаашид хэрхэх вэ?
-ССАЖЯ өнжөөд нэг дэмжир гэж байгаа ч бид жил бүр хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газрын 2014 оны есдүгээр сарын 18-ны 291 дүгээр тогтоолын 2.2-т заасны дагуу энэ удаагийн “Алтан намар” наадмыг санхүүжүүлэх боломжгүй болохыг уламжилж байна” гэсэн мэдэгдэл бидэнд аравдугаар сарын 2-нд ирүүлсэн. Наадмыг ССАЖЯ-наас дэмжихг үйг эрт мэдсэн бол бид өр зээл тавиад ч болтугай зохион байгуулах байсан. Одоо ивээн тэтгэгч хайж байтал шинэ жилтэй давхацна. Энэ жил өнжихөөс өөр аргагүй боллоо. Баянзулын хэлдгээр дэмжихгүй болсныг хоёр сарын өмнө хэлсэн байлаа ч тийм богино хугацаанд зохион байгуулна гэдэг хэцүү. Нүүрээ улайлган байж ивээн тэтгэгч хайна. Тэд удирдах зөвлөлийнхөө хурлаар оруулна гэж сар болно. Уг нь Улсын филармони Монголын хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг байнга тоглож, олонд сурталчилж байх ёстой. Тэд “Алтан намар” болохоор л монгол зохиолчдын бүтээл тоглож, бусад үед орхигдуулдаг тал бий. Уг нь бид хөгжимчдийн түүхий эд болох уран бүтээлийг бэлтгэдэг. Гэтэл урдаас мөнгө нэхдэг буруу зуршил тогтжээ. Тухайлбал, “Алтан намар” наадмаар шалгарсан шилдэг бүтээлүүдийг Улсын филармонийн хөгжимчдөөр тоглуулахын тулд 3-4 сая төгрөг төлж, бас тайзыг нь түрээсэлдэг. Монголын хөгжмийн түүхэнд үлдэх, шилдэг бүтээл үүдийг тодруулсны төлөө мөнг ө нэхдэг урвуу жишиг тогтсон нь ССАЖЯ-ны бодлого алдагдсаны илрэл.
Б.ДӨЛГӨӨН