“Шөнө амталсан нулимс” жүжиг үзсэнээс хойш ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн тухай төсөөлөл минь хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр ой тойнд бат суусан юм. Өрх гэрийнхээ ноён нуруу, дээлтэй хоймор нь болсон монгол эр хүний мөн чанарыг сэтгэлд гүнзгий “хадаж” өгсөн учраас тэр. “Хүний амь”, “Амин мөр” кинонд гардаг шигээ тийм айхтар дүрийг ахиад хэчнээн ч удаа бүтээсэн байсан жирийн үзэгчийн сэтгэл хөдлөлд автан, “түүний” хүн чанарт эргэлзэх орон зай үлдээгээгүй билээ. Монголын театр, кино урлагийн хойморт заларсан энэ эрхэм “Эсрэг дүрийн цаана ч эерэг зүйлүүд байдаг” гэсэн нь зөвхөн урлагт бус, амьдралд ч бидэнд бас хамаатай аж. Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн түүнийг “Сүүлийн 20 гаруй жил буюу Монголын урлагийн түүхэн хөгжлийн хүнд хэцүү үед драмын театрын ихэнх жүжгийн гол дүрийг бүтээж, энэ урлагтаа үнэнчээр зүтгэж ирсэн хүмүүсийн нэг бол Пүрэвдоржийн Цэрэндагва. Тэр уран бүтээлдээ ч, амьдралдаа ч зарчимч хандлагатай, хүн чанарыг эрхэмлэдэг хүн” хэмээн тодорхойлсон байдаг.
-Угийн эерэг дүрийн жүжигчин гэж байдаг уу. Царай төрх, зан араншингаасаа болдог ч юм уу, “Энэ бол цаанаасаа эсрэг дүрд тохирохоор заяасан жүжигчин” гээд байдаг. Эерэг, эсрэг гэсэн ангиллын алинд нь ч шууд өмчлөгдөхгүй, ямар ч найруулагчаас дүр авч чаддаг жүжигчин бол Та. Энэ нь жүжигчний ур чадвартай холбоотой юу?
-Миний бодлоор жүжигчин хүн эсрэг ч бай, эерэг ч бай, аливаа дүр бүхэнд хувьсан өөрчлөгдөх чадвартай байх ёстой. Түүнээс биш, бурхан хүнийг бүтээхдээ энэ эсрэг талынх, тэр эерэг дүрийнх гэдэггүй болов уу. Нөгөө талаар бид эсрэг, эерэг дүр гэдэг ойлголтыг халахаар хугацаа өнгөрлөө. Энэ бол бидний сэтгэлгээнд байсаар байгаа том алдаа. Аливаа юм хоёр талтай. Найруулагч надад “Энэ эсрэг дүр шүү” гээд өгвөл би тэр хүний эерэг тал нь юу байж болох вэ гэдгийг боддог. Бусдад муу хүн шиг харагддаг ч тэр нөхөр цаанаа өчнөөн сайхан эерэг зүйл бодож явахыг үгүйсгэж болохг үй. Эсрэг дүрийн доторх тэр нууцлаг ертөнцийг нээж гаргах нь надад хамгийн сонирхолтой байдаг. 1990-ээд онд бидний эерэг эерэг гэж гүйсээр байж сонгосон нийгэм одоо харин эсрэг болчихож байгаа юм биш үү. Тиймээс аливаа уран бүтээлч оногдсон дүрдээ хэт туйлшран зүтгэхгүй байх зарчмыг би баримталдаг. Эерэг юм шүү гэж бодоод л тоглоод байвал тэр нь дүр бус роль хэвээрээ үлдэнэ. Тэгэхээр аливаа сайн, саар зүйлийг орон зай, цаг хугацааны дотор өөрөөрөө дамжуулаад илэрхийлэн гаргаж чаддаг хүнийг жүжигчин гэх байх.
-Таны дотор орших сайн, саар чанарыг дэнсэлбэл найруулагч ямар дүр оноож жүжигчинд өгөх бол?
-Хүн өөрийгөө тийм, ийм гэж дүгнэх нь таатай эд биш. Тэр тусмаа хүнийг ямраар ч “будаж” болдог болсон энэ үед бүр утгагүй. Гэхдээ хувь хүнийхээ хувьд би юуг нандигнан хадгалж, тээж тэвэрч, үүр дүүрч явахаа сайн мэднэ.
-Энэ хугацаанд таны бүтээсэн дүрүүдээс аль нь танаас гарч болох хамаг л авьяас, хүч чадал, мэдрэмжийг шавхсан бэ?
-Бүгд л шавхсан. Жишээ нь, би Жалханз хутагт, Манлайбаатар Дамдинсүрэн, Данзан нарын тухай мэдэхгүй. Сонссоны хувьд бол сонссон. Тиймээс тэдний дүрийг бүтээхийн тулд адаглаад сайтар судлах хэрэгтэй болдог. Энэ бол жүжигчин хүний мэргэжлийн онцлог. Өнөөд өр манайхны зарим нь тэр хүмүүсийг айхтар мэддэг, бараг л өвөр түрийдээ орж явсан ухааны юм ярьдаг. Би тэгж хэлж чадахгүй.
-Кинонд тоглох санал хүлээж авахдаа Та юуг нь голлон анхаардаг вэ. Энэ дүрд үнэхээр л би хэрэгтэй юм байна гэсэн үүднээс тоглодог уу. Эсвэл энэ бүтээлийн сэдэв, санаа монголчуудад маань хэрэгтэй юм, үүнийг хүмүүст хүргэхэд би тусалж дэмжих ёстой юм байна гээд саналыг нь хүлээж авдаг уу?
-Энэ бол уран бүтээлч хүний зайлшгүй бодох ёстой зүйл юм. Аливаа уран бүтээлд хамтарч ажиллах урилгыг би хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг. Яагаад гэхээр “Энэ уран бүтээлч юу хийх гээд надад хандав. Иргэний хувьд юунд эмзэглээд, түүнийгээ уран бүтээлийн аргаар илэрхийлэх гэсэн юм бол” гэдэг нь сонирхол татдаг. Тиймээс надад санал тавихаас нь эхлээд зохиолоо авчирч өгөхөд нь хүртэл үүнийг анхаардаг. Үзэгчдэд тухайн киноны хэлэх гээд байгаа санаа миний сэтгэлд нийцвэл урилгыг тэр болгон буцаахыг хүсдэггүй. Аль болохоор хамтарч ажиллахыг хичээдэг.
-Сүүлийн үед кино хийж байгаа хүмүүс олны танил эрхмүүд, нэр хүндтэй жүжигчдийг яаж ийгээд бүтээлдээ тоглуулчихвал хүн их үзнэ гэсэн бодолтой байх шиг санагддаг. Та тэдэнд үнэрхэж чаддаг уу?
-Ер нь манай жүжигчид ямар ч уран бүтээлд сэтгэлийн дуудлагаараа ханддаг гэж бодож байна. Хэдэн төгрөгөөр тоглох вэ гэдэг бол хоёрдугаар асуудал. Гэхдээ нэгэнт бидний сонгосон нийгэм өөрөө мөнгийг тахин шүтэж байгаа энэ үед “Би бол ийм хүн. Ах нь үнэгүй шахам тоглоод өгье” гэвэл утгагүй. Тиймээс тэр хүмүүсийнхээ саналыг сонсоод, боломжийн байвал тоглоно. Хамгийн гол нь тэдний хийх гэж буй бүтээлийн сэдэв, агуулга нь миний дотроо эмзэглэж явдаг тэр зүйлтэй давхацсан тохиолдолд мөнгөний тухай дараагийн яриа үүснэ. Энэ бол ганц Цэрэндагвын тухай ч биш, мэргэжил гэж нэг юм байгаад, уран бүтээлч хэмээн нэрлэгдэж яваа бүх хүний баримтлах ёстой зарчим болов уу.
-Таныг дуучин, жүжигчин Д.Лхагвын найруулсан “Мухар гудамж” кинонд тоглож байгаа гэж дуулсан. Тухайлбал, энэ киноны утга санаа таны дотор байдаг ямар эмзэглэлийг хөндөв?
-Нэгдүгээрт, энэ баг миний хувьд шинэ ертөнц. Эдгээр залуусын санаж, сэрж, сэтгэж байгаа зүйлүүдийг өөр дээрээ тусгаад харахаар би хаахна явна вэ гэдгээ мэдэх толь болж байгаагаараа онцлог. Нөгөө талаар тэдний санаж, сэрж, сэтгэж байгаа тэр зүйлүүд миний доторх эмзэглэлийг хэрхэн нээж гаргах нь вэ гэдэг асуулт намайг түлхэх гол түлхүүр, хөшүүрэг болсон. Мухар гудамж байдаг уу, байдаг. Ямар хүн мухар гудамж руу ордог юм бэ. Ямар нь тэндээс маш хурдан гардаг юм гэдэг асуултад маш энгийнээр хариулт өгснөөрөө энэ бүтээл сонирхолтой. Бидний зарим нь өөрөө ч мэдэлгүй явж байгаад мухар гудамж руу орчихдог. Нэг зүйлийн төлөө улайран зүтгэсээр яваад мухарт тулах хэсэг ч байна. Өөр нэг хэсэг нь “Энэ замаар явж болохгүй шүү” хэмээн хүмүүс анхааруулаад байхад зөрүүдэлсээр мухар гудамжинд орчихоод, “Намайг эндээс гаргаадах” гэж хашгирдаг. Манай нийгэмд ийм хүн өчнөөн байна. Энэ цаг үед монголчууд юунд халаглан орилоод байгаа юм бэ. Өөрсдийнх өө гаргасан алдааг хэнд нялзаах гээд байна вэ. Энэ олон асуултыг өнөөдөр бид өөрсдөөсөө асуух болчихсон юм биш үү. “Мухар гудамж” киноны уран бүтээлчид энэ асуудлыг нийгэмд хөндөн гаргаж ирсэн нь үнэхээр сайн хэрэг. Өнгөц харахад жижиг юм шиг хэрнээ энэ бол цаанаа асар өргөн утга санаа агуулсан бүтээл.
-Жийгээ найруулагчийг байхад кино найруулах болоогүй гэдэг бодол тань хэвээрээ юу?
-Хэвээрээ байлгүй яах вэ. Юманд эрэмбэ дараа, дүрэм журам, ах захаа хайрлах, хүндэтгэх ёс гэж байх ёстой. Үүнийгээ алдвал бид адгууснаас юугаараа ялгарах юм бэ. Би хэчнээн авьяастай байлаа гээд ганцаараа бол хэн ч биш шүү дээ. Багаар ажиллах зарчим гэж сүүлийн үед манай эрхэм төрийн түшээд уриалан ярих боллоо. Хаанаас олж ухаарсан юм мэдэхгүй. Үнэндээ бол багаар ажиллах зарчмын үлгэр жишээ нь театр, кинонд байдаг юм. Намайг хутагт болгохын тулд нүүр будах, гэрэлтүүлэг тавих, хувцас зөөхөөс эхлээд тэнд бүхэл бүтэн баг ажиллаж байна. Гэтэл би тэр дунд өөрийгөө харуулах гээд ганцаараа өвчигнөөд байвал юунд хүрэх вэ. Тэр олон хүний ажил хөдөлмөрийг үнэлж, багийнхнаа хүндэтгэн, хайрлах хэрэгтэй. Өнөөдөр уран бүтээлчид үзэгчдээр сайн, муугаа үнэлүүлнэ гэдэг болж. Битгий тэгж гэнэнтээрэй. Ингэж хэлснээрээ би үзэгчдийг үл ойшоож байгаа юм биш. Яагаад гэхээр үзэгчид тэр бүтээлийг үзэх тухайн цаг, орон зайны дотор төрсөн сэтгэгдлээ л хэлнэ. Энэ бол тэр хүмүүсийн эрх. Үүнийг үгүйсгэхгүй. Харин мэргэжил гэж байдаг бол чамтай хамтарч ажилласан хамт олныхоо, судлаач шүүмжлэгчдийн үгийг сонсох хэрэгтэй. Тэр л чамайг өсөж өндийхөд тус болно. Найруулагчийг би бурханчлан шүтдэгийн учир нь тэр хүмүүс араншин муутайдаа, авьяасгүйдээ орилж хашгичаад, хүн доромжлоод байдаг юм биш. Миний алдааг арав байвал долоо болгоё, долоог нь гурав болгоё гэж оюунаа ширгээж, чөмгөө дундартал зүтгэж байгаа хүм үүс. Найруулагчдыг хүндэтгэхгүй бол алдас болно. Багаар ажиллах зарчмын тухай их ярьдаг мөртлөө жинхэнэ багаар ажилладаг газраа олж харахгүй байгаад нь гайхдаг.
-Таныхаар Монголын театр урлагийн өнөөгийн өнгө төрх ямар байна вэ?
-Театрын тухай ярихаар мөнгөгүй байна, ажиллах нөхцөл тааруу л гээд байдаг. Нэг талаасаа үнэн. Гэхдээ хүн амынх нь бараг тал хувь нь талхны мөнгөө хүчрэхгүй шахуу болчихоод байхад бид мөнгө яриад яалтай билээ. Тэглээ гээд бас гараа хумхиад сууж болохгүй. Даяаршил гэж хуйлраад байгаа энэ үед монголчууд тэр зүйл рүү юутай орох вэ гэдэгт хариу өгөх нэг эд эсийг нь хамгаалдаг газар бол театр. Учир нь монгол хэлний ярианы хөгжил байна уу, мөхөл нүүрлэчихэв үү гэдгийг харах толь нь театр байдаг. Гэтэл монгол хэл мөхлөө гээд байдаг хүмүүс өнөөдөр театрт үзэгддэг болов уу. Гэхдээ тэр хүмүүсийг ядаж жаахан ч гэсэн юм олж харсных нь төлөө баярладаг. Огт юу ч анзаарахгүй, бусдыг дагаж дэвэрч гүйгээд байгаа хүмүүс хаана очоод эрэг мөргөж унах бол. Бид ирээд үйн хөгжил дэвшил гэж ярихын зэрэгцээ энэ маань үнэхээр зөв зам уу гэдгийг эргэж хармаар санагддаг.
-Та саяхан нэлээд хэдэн телевизээр гарсан “Ёс зүй” нэвтрүүлгийг үзэв үү?
-Үзсэн. Энэ олон жилийн дараа одоо л ёс зүй гэж ярьж байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ ядаж ганц нэг хүн ч гэсэн үүнийг эхлүүлсэн нь сайн хэрэг юм даа. УИХ-ын танхимд ёс зүй ярьж байгаа хүн өнөөдөр байна уу. Бид ямар нийгмийн тогтолцоог хүлээн зөвшөөрөөд хорь гаруй жил болчихов гэдгээ хүн бүр бодох хэрэгтэй байна. Хэн ч албадаагүй, бид л өөрсдөө үүнийг сонгосон. Тиймээс нэгэнт сонгосон нийгмийнхээ тогтолцоог сайжруулж, алдаагаа засахын төлөө бид өөрсдөө хичээх ажиллах ёстой. Бидний амьдралд хэн саад болоод байгаа юм бэ. Түүнээс биш хорь гаруй жилийн өмнөх сонголтоо одоо зөв, буруу гэж дүгнэхэд оройтсон. Харин энэ нийгэмд өөрсдийгөө хүн шиг аваад явахад суралцах хугацаа бол үлдсэн. Жишээ нь, би өөрийнхөө сонголтоор хань ижилтэй болчихоод, эцэст нь хэн нэгэн рүү буруугаа түлхэж болохгүй биз дээ.
-Сонголтынхоо хариуцлагыг өөрөө хүлээх ёстой гэж үү?
-Тийм ээ. Нийтийн жижиг ердөө л энэ. Гэхдээ бид нийгмийнхээ тогтолцоог бий болгохдоо өөрийн ухаанаар бүтээх үү, өрөөлийн үг, сэтгэлгээ, түлхээсээр явах уу гэдэг гол асуудал. Үнэнийг хэлэхэд, бид өнгөрсөн хугацаанд дуураймал сэтгэлгээ, эшлэлийн онолоор явлаа. Яг ийм замаар явсан тохиолдол бүхэндээ Монгол Улс хэн нэгний идэш болсон гашуун түүх бий. Тиймээс улс орноо үнэхээр өөд нь татъя, дэвжүүлье гэж байгаа бол өнгөрсөн түүхээ эргэж харах ёстой шүү.
-Манай монголчууд нийтлэг үнэт зүйлээ алдчихаад байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Бусдыг мэдэхгүй юм. Надад бол үнэт зүйл бий. Би өөрийн гэсэн үнэт зүйлтэй байсан учраас өдий зэрэгтэй явна. Харин миний үнэт зүйлийг нулимах гэж оролддог нийтлэг шинжийг хараад инээд хүрдэг. Ерөөс бидний хөгжилд садаа болдог гол зүйл нь нэгнээ үл хүндэтгэх, үл анхаарах, биенээ эс ойшоодог явдал. Ижий, аавыгаа хайрлаж, хүндэлж сураагүй хүн хажуу дахь ханиа жаргаана гэдэг юу л бол. Би нэг зүйлийг ярих дуртай. Тэр нь монгол хүний амин ухаан. Энэ амин ухааныг сургуулиас, танхимын боловсролоор олж авдаггүй юм. Түүнийг дөрөв, тав, найман ханатай гэрт байна уу, эсвэл орд харш, бүр урц, жодгороос ч өвлөн авч болдог. Хар багадаа эцгийн гэрээс амин ухааныг олж авсан хүн хойшид энэ замбуулин хорвоод зөв амьдрах чадвартай нэгэн болж төлөвшдөг юм.
-Тэр амин ухааныг үр хүүхдэдээ суулгахын тулд бид яах ёстой вэ?
-Үр хүүхэдтэйгээ л ажилла. Аавын аяганы тухай би бас ярих дуртай. Зарим нь намайг хоцрогдсон нийгмийн үлдэгдэл гэсэн. Хамаа алга. Аавын аяга хэмээх ойлголтоос монгол хүний амин ухаан эхэлдэг байж болох шүү дээ. Аавын аяганд ижийгээс өөр хүн хүрч болохгүй, тэр аяга үргэлж дүүрэн байх ёстой, тухайн гэр бүлийн хамгийн амттай, шимтэй бүхний дээж тэнд байдаг гэдгийг харж өссөн хүүхэд олон зүйл ойлгоно оо доо. Адаглаад л том болохоороо аав шигээ мундаг хүн байхыг хүснэ. Цаашлаад аавын аягаар дамжуулан тэр хүүхэд хүнийг хүндэтгэх ёс, эрэмбэ дарааллаа мэдэх зарчим, өмчид хандах хандлагад суралцдаг. Яагаад өнөөдөр манай нийгэмд ёс жаяг, эх захаа мэдэхгүй хүмүүс нэмэгдээд байна гэхээр аавын аягагүй өрхийн тэргүүн олширсны гай. Би тэгж л боддог.
-Таныхаар эр хүн ямар байх ёстой вэ?
-Эр хүн гэхээрээ л заавал нэг их сүрхий амьтан болох гээд тал тал тийшээ үсчээд байх хэрэггүй гэж боддог. Эр хүн хэлсэн үгэндээ эзэн байх ёстой. Үүрсэн ачаагаа даах тэнхээтэй байх хэрэгтэй. Гуравдугаарт, хажуу дахь ханиа хайрлах ухаантай байвал бол оо. Өөр юу хэрэгтэй юм. Нийгмийнхээ ачааг үүрнэ дүүрнэ гэхгүй болохоор өчүүхэн санагдаж байна уу. Энэ гурвыг чаддаг байхад бусад нь аяндаа болно. Ханиа зөв сонгоод, түүнийгээ үнэн сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадвал эр хүний их том үнэлэмж тэр байгаа юм даа. Өнөөдөр миний сайн сайхан яваа нь, олон түмэнд хэлэх үгтэй, тийм гавьяатай мууж байгаа нь бүгд ханийн минь хайр халамж, нөмөр нөөлөг, түшиг тулгуурын ач юм.
-Дөчин жилийн өмнө таны төсөөлж байсан ирээдүй, одоогийн тань амьдрал хоёрын хооронд хэр зөрүү байна вэ?
-Их л сайхнаар харж байсан даа. Дөчин жилийн өмнө би өөрийнхөө амьдралыг, улс орныхоо ирээдүйг ч гүйцэд болчихсон алим шиг төсөөлж байлаа (инээв). Гэтэл эргээд хартал нэлээд хэсэг нь хорхойд идүүлчихэж. Хүн ер нь амьдралдаа их юм үздэг гэдэг. Би ч бас өөрийнхөө амьдралыг чамлахааргүй юм үзчихсэн, адармаатай өнгөрч байна гэж боддог. Хийж бүтээхийн төлөө л шудрагаар хөдөлм өрл өж ирсэн энэ амьдралдаа би баярладаг.
-Хууль журмаараа бол та тэтгэвэрт гарах хэдийнэ болсон байх аа?
-Нас бол бололгүй яах вэ. Гэхдээ бас театртаа ажиллах хэрэгцээ байна. Энэ нь Цэрэндагва гэдэг хүндээ ч байгаа юм биш. Ерөөс театр гэдэг ухагдахуун бүрэн бүтнээрээ байхын утга учир нь эндээс эхтэй. Энэ театрт ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл бүгд байдаг. Энд цэцэг цэврүү шиг нь ч байна, чийрэг залуу нь ч бий. Манай удирдлагууд театрынхаа энэ зарчмыг баримтлаад, мэргэжлийн хувьд ачаа даах тэнхэлтэй яваа өдий насны хүмүүсээ ажиллуулдаг болов уу гэж боддог. Түүнээс биш хуулиа дагавал “Та тэтгэвэрт гарсан хүн. Одоо замаа бод оо” гэх эрх тэдэнд бүрэн бий. Гэхдээ заавал тэр үгийг хүлээлгүй, Цэрэндагва өөрийгөө одоо болно гэж үзвэл наана нь түрүүлээд явах тэнхэлтэй байх ёстой. Явахад мэдээж хэцүү л дээ. Зөвхөн театр ч гэлтгүй, ер нь ямар ч хүн хамт олноосоо холдоход амаргүй. Гэвч хүн өөрийнхөө хүч чадал, хэмжээ, багцааг мэддэг байх нь их чухал шүү. Урьд нь эндээс гараад явчихсан хүмүүсийн дунд театртаа зайлшг үй ажиллах ёстой жүжигчид байсныг алийг тэр гэх вэ.
-Өөрийнхөө хэмжээ, багцааг мэдэрсэн зарим нь зах зээлийн зарчмаар хөдөлмөрөө үнэл үүлэх гээд театраас гарч байна. Тэгэхээр энэ бол тухайн хүний театраа гэсэн сэтгэлийн хэр хэмжээтэй холбоотой юм биш үү?
-Сэтгэл гэж бодно уу, хоцрогдол гэнэ үү, авьяасгүй ч гэсэн бай хамаа алга. Ямар ч гэсэн намайг тосож аваад, өсгөж өндийлгөн өдий хүргэсэн алтан үеийнхэн болоод одоо надтай хамт ажиллаж байгаа нөхдийн минь “Жүжигчин гэдэг мэргэжил, театр хэмээх зүйлийн утга учрыг мэдэхийнхээ хувьд чи байх ёстой газраа байсан нь дээр” гэсэн дуудлага юм болов уу даа.
-Та анх тайзан дээр гарахдаа том алдаа гаргасан гэдэг. Магадгүй таны эмээн бодож байсан шиг зүйл болоод театраас хөөгдсөн бол амьдрал тань хаашаа эргэх байв?
-Хэрэв театраас хөөгдсөн бол Цэрэндагвын амьдрал тэгээд л дуусаа. Тэр үеийн миний айдас, зовлон шаналал бол юу ч биш шүү дээ. Хамгийн олзуурхууштай нь тэр алдааг минь өршөөн хэлтр үүлж, засаж залруулах боломж олгосон ахмад үеийнхний билгийн нүд, оюун ухаанд мөргөх өөс өөр аргагүй. Алдаа гаргахг үй хүн хаана ч байхгүй. Гагцхүү тэр нь дараагийн зөв алхмын ивүүр болж өгдөг зүйл болохоос түүгээр далимдуулан уран бүтээлчийг театраас хөөх шалтгаан хараахан биш юм байна. Харин кино бол аюултай. Театрын жүжиг шиг маргааш нь засна гэж байхгүй.
-Урьд нь тоглосон кинонуудаа үзэхээр танд алдаатай зүйл анзаарагддаг уу?
-Байлгүй яах вэ. Жүжигчин болгонд байдаг биз. Гэхдээ би “Тэр кинонд тэгээд алдчихаж” гэж энд ярих нь өнөөгийн нийгэмд зохимжгүй юм байна. Өмнө нь бид алдаагаа илэн далангүй ярьж, нэгнээсээ үг дуулаад, дараагийн уран бүтээлдээ засаж залруулдаг байсан. Харин одоо бол миний алдаа бүхэн бусдын хоолоо олж идэх арга болчихоод байгаа учраас өдий насандаа тэрийг яриад юу хийх вэ. Тухайн үед миний алдааг хэлж чадаагүй байж одоо түүн дээр минь дөр өөлөх гэж буй хүмүүсийн идшийг зэхэх хэрэг алга. Гэхдээ зөв сэтгэлтэй хүний алдааг засах ивүүр болохдоо би хэзээд бэлэн.
-Танайх одоо хэдэн ач, зээтэй болсон бэ. Тэднийгээ хэр зэрэг эрхлүүлдэг өвөө вэ?
-Би арав гаруй ач, зээ, зээнцэртэй хүн. Намайг хэр зэрэг өвөө вэ гэдэгт миний хань, үр ач нар маань хариулт өгөх байх.
-Тэдэндээ юу гэж захидаг вэ?
-Хүн байгаарай л гэдэг.
-Балчир зарим нь танаас буцаагаад “Өвөө, хүн байх гэж юу юм бэ” гэвэл юу гэх вэ?
-Аав, ээжийгээ хүндэтгэж сур. Эмээ, өвөөдөө хайртай гэж үнэнээсээ хэлж бай. Худлаа ярьж болохгүй. Хулгай гэж нэг муухай юм байдаг гэнэ, түүнээс хол байгаарай л гэнэ дээ.
-Та хамгийн сүүлд хэзээ уйлснаа санаж байна уу?
-Хамгийн том ахыгаа өөд болоход уйлсан. Гэхдээ тэвчсэн. Урьд нь ижийгээ бурхан болоход нулимсаа хэчнээн барих гээд ч тэвчиж чадаагүй. Харин ахынхаа ажил явдал дээр намайг биеэ барихад миний хань, үр хүүхдүүд их дэм болсон. Монголчууд бурхны оронд зорьсон хүнээ нулимсаар үдэхгүй гэдэг ч тэвчиж болдог, болдоггүй хүн гэж байдаг юм билээ...
-Таны ах, соёлын гавьяат зүтгэлтэн П.Сандуйжав гэдэг сайхан хүнээр бид хичээл заалгаж байсан. Таныг бодоход их намуухан дуутай хүн байж билээ.
-Ах маань үнэхээр л дуу цөөтэй хүн байсан даа. Харин нэг хэлмээр санагдсан зүйлээ бөөнд нь туучихдаг. Миний ах надад нэг л удаа хатуухан үг хэлчихээд явсан. Тэр нь “Чи насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо. Хүний үгийг өөрийн болгож, эргүүлээд бусдад өөрийнхөөрөө дамжуулах гэж чи их л зовно доо” гэсэн. Намайг анх мэргэжлээ сонгож байхад ах минь л хамгийн их дург үйцсэн. Муу ээж минь “Энэ хүүхэд өөрөө мэдэг. Та нар битгий адлаад бай” гэсэн тулдаа эсэргүүцэхээ больсон байх. Эх хүний зөн совин гэж их хүчтэй юм байдаг бололтой. Би ахаасаа түрүүлж төрд үнсүүлсэн. Тэр үед ч ах маань ямар нэгэн юм хэлээгүй.
Л.ГАНЧИМЭГ