Орос, Монгол улсын хилийн дагуу нутагладаг аргалийн хамтарсан тооллогыг хил орчмын бүсэд 10 дугаар сарын 20-30-ны хооронд явуулахаар боллоо.
ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарын уулзалтаас ийм шийдвэрийг гаргажээ. Хамтарсан тооллогын үр дүнд Алтайн аргалийн хоёр орны хил дамнан нутагладаг бүх газар орныг судлах гэнэ.
Энэ удаагийн тооллогод оролцох хүмүүс болон техникийн тоогоор хамгийн өргөн цар хүрээтэй болох бөгөөд тооллогын дүнг үндэслэн аргалийн тоо толгойн талаарх бүрэн мэдээлэл авахаар төлөвлөж байна гэж тэрбээр тэмдэглэжээ.
Тооллогын урьдчилсан дүнг 11 дүгээр сарын 15-нд, харин эцсийн дүнг 12 дугаар сарын 15-нд гаргах ажээ.
Оросын талаас “Сайлюгем” үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Катуны болон Алтайн дархан цаазат газар, “Архар” бүс нутгийн байгаль орчны олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, Монголоос Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалттай газрын нэгдсэн захиргаа тооллогод оролцоно.