Үздэг хардаг, эмчилдэг эдгээдэг, салгадаг нийлүүлдэг, үхүүлдэг амьдруулдаг гээд л бүхнийг чаддаг нууц авьяастай хүмүүс зөвхөн Монголд л байх аж. Хаа сайгүй л мэргэлдэг, шившилдэг улсууд тодорч, бараг айл бүр бөө удгантай болчихсон гэхэд нэг их маргах хүн үгүй биз ээ. Тэдэнд хийж чадахгүй зүйл үнэхээр байхгүй. Хүүхэдгүйг хүүхэдтэй, нөхөргүйг нөхөртэй болгож, өвчтэйг нь эдгээж, өрнөөс нь салгана гээд л мундаг хүмүүс дээ.
Гэвч...
Хэрэв эдгээр хүмүүс үнэхээр л чадахгүй юм байхгүй, бэрдээс илүүсэн бол Монгол улс мандан бадрах ч амархан л даа. Харамсалтай нь 1990 оноос ардчилал мэндэлж байх үед, бүр тэрнээс ч өмнө байсан Монголын асуудлууд өнөөдөр яг хэвээр байгаа нь хачирхалтай. Хөгждөггүй, хөдөлдөггүй, хээгүй, хийрхүү, хойрго Монгол.
Шашин бол маш өргөн цар хүрээг хамарсан ухагдахуун бөгөөд хүн бүр шашин шүтэх эс шүтэх эрхтэй. Манай Монголчуудын олонх нь их, бага тодорхой хэмжээний шүтлэг, сүсэг бишрэлтэй хүмүүс. Гэвч өөрт нь ямар нэгэн гай зовлон, хэцүү зүйл тохиолдсон үед лам, мэргэ төлөгч, зурхайч нарыг барааддаг хүмүүс бүр ч олон. Харин тэдний хүсэл зориг, итгэл үнэмшлээр нь тоглож бохир бизнес хийх хүн өдрөөс өдөрт нэмэгдсээр. Тэр ч бүү хэл сүлжээний үзмэрчид хүртэл байдаг ажээ.
“Зуд болоход нохой цаддаг Зовлон ирэхэд лам цаддаг” гэдэг үгийг зүгээр л хэлчихээгүй нь лавтай. Угаас хүндхэн байгаа энэ нийгэмд хүний зовлонгоор бизнес хийгээд суух, өөрсдийгөө ид шидтэнгүүд, үзмэрч лам гээд нэрлэчихсэн, хэдэн өгүлбэр нийлүүлж үлгэр зохиогоод л мөнгө олоод сурчихсан хүмүүсийг тэгээд одоо яах вэ?
Энэ мэт хүмүүсийн жишээ Улаанбаатарын гудам бүрт тааралдна. Тэр дундаа “Гандан Дэгчилэн Хийд”-ийг тойроод үздэг хардаг өнөөх хүмүүсийн ажлын байр, амьдардаг газар нэг алхаад л байх аж. Сүржин том хаягаар өөрсдийгөө тунхагласан шидтэнүүдийн бөөгнөрөлийг эндээс харж болох юм.
Гэхдээ өвдөж зовсон, итгэж найдсан сүсэгтэн олны зовлонгоор бизнес хийх нь шашны ёсонд байж болох уу. Түүнчлэн орхимжоо чирчихсэн, эрхээ зүүчихээд согтуу явж байгаа лам нар ч зөндөө л харагддаг. Тэгэхээр энэ бүгд шашны номд байж болохоор ариун явдал уу? Үгүй байх.
Монгол Улсын Төрийн шагналт, бурханы гавьяат, их дарь эх, тэргүүн лам. Эд бол нэг мэргэн хүнийх нь л цол гуншингийн жишээ. Үүнээс ч аймар хаягтай үзмэрчдийн байшин зөндөө бий. Үнэхээр агуу Монгол Улсын иргэд байгаа биз. Дээрээс нь эдгээр шидтэнүүд маань дотроо өрсөлдөнө. “Сезон” нь орсон үед гэртээ ч орох завгүй халтуур хийнэ. Жил бүрийн тодорхой үеэр “Гандан Дэгчилэн хийд” олны хөлд дарагдана. Жилийнхээ заслыг хийлгэж, хийморь лундаагаа сэргээлгэхээр ирсэн иргэдийн цуваа тасрахгүй. Энэ үеийг л Жинхэнэ сезон нь орсон үе гэнэ. Тэд чөлөө завгүй ажиллаж гарна даа. Мэдээж үнэгүй юм гэж байхгүй нийгэм хойно уншуулсан, аргалуулсан үйлчилгээ бүхэндээ тариф тогтоогоод таван цаасыг нь салгачихаа мэддэг хашир толгойнууд.
Нэгэнт л иргэдэд үйлчилдэг газар болохоор шашны үйлчилгээ явуулах байгууллага гээд хэлчихэд буруутахгүй л болов уу. Үйлчилгээ хийлгэсэн, мөнгөө төлсөн л бол бага ч болов үр дүн гарах л ёстой. Харин энд бол эсрэгээрээ. Заслыг нь хийсэн, номыг нь уншсан, мөнгөө авсан л бол дараа нь ямар үр дүн гарах нь хэнд ч хамаагүй. Би эдгэхгүй байна, ажил минь бүтэхгүй байна гээд заргалдаад ирэх хүн ч байх биш. Ирсэн ч шашин гэдэг сүсгийнх. Сүсэглэж чадаагүй байна хэмээх мунхаг үгээр ам таглаад л гаргана. Тэгээд л боллоо, бүх зүйл урьдын хэвэндээ.
Г. Оюунт