БЛИЦ:
• Биеийн өндөр 184 см.
• Үнэгнээс үхтэлээ айдаг.
• Шарсан мах, хар кофе, бөөрөлзгөний чанамалд нугасгүй.
• Авто машинаас илүүтэй мотоцикльд дуртай. Нэг ч удаа машин худалдаж авч үзээгүй.
• Газрын теннис тоглох дуртай.
• Зурах хообийтой
Британийн залуу жүжигчин Бенедикт Камбербэтчийг BBC-гийн цуврал “Шерлок” киноны Шерлок Холмсын дүрээр нь хүмүүс андахгүй болсон гэж болно. Тэгээд бас дэлхийг шуугиулсан Жулиан Ассанжийн тухай “Тав дахь засаглал” киногоор нь сайн мэднэ. Жүжигчний гэр бүлд төрсөн, нэг үгээр Бенедиктийг “төрөлхийн” урлагийн хүн гэж болно. Аав нь түүнийг жүжигчний мэргэжлээр хол явна гэж үнэлж, урамшуулж байсан хэдий ч, тэрбээр энэ замаар явах гэж яарсангүй. Их сургуулиа төгсөөд бармен, зөөгч хийж, дараа нь Төвдөд очиж, жил гаруй лам нарт англи хэл зааж байжээ. Ингэж өөрийн хүссэнээр ертөнцийг харж чаддаг болсны дараа Манчестерийн их сургуулийн театрын урлагийн дамжаанд, мөн Лондоны хөгжим, драмын академид сурчээ. Урлагийн сургууль төгсөөд “Би өөрийгөө олсон жүжигчин болтлоо тайзан дээр л гарна” гэж хэлсэн тэрбээр үнэхээр эхний хэдэн жил кинонд тоглохоос татгалзаж байжээ. Ийм нэгэн жүжигчнийг “Esquire” шинэ дугаарынхаа зочноор урьж, дотоод ертөнцийг нь уудлахыг оролдсон байна.
•Хэрэв үнэхээр авьяастай бол залуу жүжигчид М.Скорсезегийн кинонд гол дүр бүтээх боломж нь бий. Бен Кингсли, Хелен Миррен, Энтони Хопкинс нарын мундагчууд шиг өөрийгөө харуулах гэж олон жил гүрийж, зогсоол бүр дээр бууж, унаагаа сэлгэх шаардлага байхгүй болж. Энэ нэг талаараа сайн хэрэг шүү.
•Анх гэрээ хийсэн агентлаг маань намайг бусдын адил сурталчилж, зарлах шаардлагагүй гэж итгэж байсан. Харамсалтай нь хагас жилийн турш би бүтэлгүйтэж, тэдний тооцоолсноор байж чадаагүй учраас гэрээгээ цуцалсан. Тэгээд дараагийн агентлагийн продюсер “Чи өөрийг өө Камбербэтч гэж зарлуулаагүй шалтгаан нь юу байв. Энэ нэр л чам руу олны анхаарлыг татна” гэж билээ.
•Мадоннатай танилцахад тэрбээр “Бенедикт гэж ямар хачин нэр вэ” гэж гайхахад нь би бас “Мадонна гэдэг ч бас сонин л нэр байна” гэж хариулсан.
•Бурхан намайг сонирхолтой царайгаар шагнасан.
•Бусдын сэтгэлийг татаж чаддаг хүмүүсийг дур булаам гэдэг байх.
•Нэр алдар гэж хачин зүйл. Өөрөө ч олж харж чадахгүй байгааг нь хөндлөнгийн хэн нэгэн анзаарсан байх жишээтэй. Чамд огт байхгүй зүйлийг ч хөндлөнгийн хүмүүс бий болгож чаддаг нь бүр хачирхалтай.
•Холливудынхны ойлгодог шиг нэр алдартай байхыг би хэзээ ч зориог үй. Тийм зүйл рүү тэмүүлэх ч үгүй, гэхдээ “хүрээд” ирвэл зугтахгүй.
•Лондонд би жаргалтай байдаг. Гэрээсээ гараад чөлөөтэй алхана, музей, галерей, театр гээд бүх зүйл өмнө минь байдаг. Харин Америкт бол тэс өөр дүр зурагтай. Жишээ нь чи жүжигчин байгаад Лос-Анжелест амьдардаг бол өдрийн ихэнх цагийг бассейнд өнгөрүүлж, бас киноны зохиолтой “ноцолдоно”. Тэндхийн хүмүүс ядаж унадаг дугуйгаар ч явдаггүй.
•Амь өрссөн зүйл амьдралыг улам үнэтэй болгодог гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Нэг удаа киноны зургийн ажлаар Өмнөд Африкт очлоо. Хоёр нөхрийн хамт орчин тойронтой танилцахаар явах гэтэл хүмүүс хориглосон. Ялангуяа шөнө байрнаасаа хамраа ч цухуйлгах хэрэггүй гэсэн боловч бид тоогоогүй. Машинаа асаагаад гараад шидлээ. Замд хүн байтугай амьтан ч харагдахгүй, зэлүүд юм. Гэтэл урд дугуй хагарчихдаг байгаа. Гэтэл торох ч зүйлгүй байсан зам дээр гэнэт буу зэвсэгтэй баахан хүн гараад ирсэн. Тэгээд “Гараа дагзандаа аваад хэвт” гэж орилолдоод, бидний халаасыг нэгжиж байснаа “Мөнгө чинь хаана байна. Өвсөө яасан” гэж асуусан. Тэгснээ биднийг машинаас холдуулахаар нь “За ингээд үхдэг байж” гэж бодоод “Та нар биднийг алж болохгүй” гэж хэдэнтээ орилсон. Юу ч хамаагүй хэлэх хэрэгтэй гэж сэтгэл минь хэлээд байсан юм. Дээрэмчид үг дуугүй тууж байснаа биднийг олсоор холбоод зам дээр хаяад явцгаасан. Тэр үед амьд үлдсэндээ баярлаад цээж минь задрах гэж байгаа мэт болж билээ.
•Тачаангуй байна гэдэг янз бүр. Хошин шогийн мэдрэмжтэй байх нь бас л тачаангуйн шинж гэж боддог.
•Нас барсан алдартай хүмүүсээс хэнтэй нь уулзахыг хүсэх вэ гэдэг чинь хачин л сонсогдож байна. Хэрэв тэгж болдог бол Гитлерийг сонгоно. Түүнд сайн зураач гэдгийг нь сануулаад, улс төрөөр биш, уран зургаар оролдвол илүү амжилтад хүрнэ гэж хэлнэ.
•“Тав дахь засаглал” киноны зураг авахаас өмнө би Жулиан Ассанжтай уулзахыг хүссэн ч тэрбээр татгалзсан. Яагаад гэдгийг нь би ойлгосон.
•Хүмүүс бие биенийхээ санал, хүсэлтийг байнга сонсож, хүндэлдэг байсан бол амьдрал тэс өөр байх боломжтой.
•Ассанж, Сноуден, Мэннинг нар маш их зүйл хийсэн. Тэдний асуусан асуултыг өдгөө жирийн америкчууд өөрсдөдөө тавьдаг болжээ.
•Би заримдаа дэмий чалчсаныхаа төлөө үгэндээ ороогдох гээд байдаг юм.
•Би цэрэг биш, улстөрч, бас тагнуулч ч биш. Ван Гог шиг биш ч, зурах үнэнхүү хорхойтой, төгөлдөр хуур, хийлээр муухан тоглочихдог жирийн л жүжигчин.
•Би хүссэн зүйлээ л хийдэг.
•Сайхан хөгжим сэтгэл, тархийг юу юунаас илүүтэйгээр сэргээж, урам зоригоор хөглөдөг.
•Би “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэйгээ улам мэдрэх боллоо.
•Чи өөрийн зуршлаас хэр холдож чадна төдий чинээгээр амжилтад хүрнэ. Хувийн тав тух гэдгийг мартах хэрэгтэй гэсэн үг юм уу даа.
•Хундагатай дарсанд минь ялаа орчихсон, амь тавин тийчигнэж байна. Аймаар, жигшүүртэй гэж үү, тийм ч байж мэднэ. Гэхдээ тэр амьтан аз жаргалтайгаар төгсөж байгаад нь би баярлана.
•Сайн үйл бүтээсэн ч, үгүй ч чамайг үзэн ядаж, хараах нэгэн заавал гарч л таарна.
•Би найзын хүрээгээ тэлэхийг хүсдэггүй. Түүний оронд намайг урьд нь ямар байсан тэр чигт нь хүлээн авч, ойлгодог эртний андуудтайгаа байсан нь дээр.
•Аз жаргал гэдгийг би сэтгэл амар амгалан байх гэсэн энгийн ойлголт гэж боддог.
•Хэн нэгэнд ямар нэгэн зүйл зөвлөх хэрэгтэй гэвэл би бүр бүхэл бүтэн үеийнхэнд зориулан “Илүү энгийнээр л амьдрах хэрэгтэй. Энгийн бүхэн энгийн л байдаг” гэж хэлнэ.
Э.ХАНА