“Цэцгэн дагина”, “Насны ганцхан хань”, “Аялгуут сайхан морин хуур” мину гэх мэт олон дуу нь хэдийнэ олны танил болсон ч, дуучныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл эдгээр дуунуудыг амилуулсан залуу дуучин Б.Отгонтогтох тун удахгүй анхны бие даасан тоглолтоо хийж та бүхэнтэй учран золгох гэж байна. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Анхны юм бүхэн хэцүү хэрнээ, хамгийн сайхан дурсамжийг үлдээдэг. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Хүмүүс “Цэцгэн дагина”, “Насны ганцхан хань” гээд дуунуудыг маань мэддэг л дээ. Тэгсэн хэрнээ дуучныг нь тэр бүр таньдаггүй юм. Тиймээс нэгэнтээ уран бүтээлч, урлагийн хүн болсон л юм бол одоо бие даасан тоглолтоо хийж ард түмэнтэйгээ уулзах хэрэгтэй гэж олон хүн зөвлөсөн. Олон сайхан хүмүүс, багш нар маань, найз нөхөд, ах дүү, гэр бүлийнхэн маань тусалж дэмжээд “Цэцгэн дагина” анхны бие даасан тоглолтоо хийхээр зориг шулуудаад бүтэн жилийн турш бэлтгэлээ. Ингээд аравдугаар сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр бэлэн болоод байна.
-Залуу дуучдын хувьд анхны тоглолт гэдэг цаашдын уран бүтээлийн замнал болдог. Тэгээд ч олон сайхан уран бүтээлчдээс дэмжлэг авч байна уу?
-Тийм ээ. Би 2007 онд Ардын жүжигчин А.Дашпэлжээ багшийнхаа удирдлаган дор дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшиж төгссөн. Намайг дэмжиж тоглолтонд маань оролцож буй багшдаа баярлалаа. Мөн дуучин Баттөр, Отгонгэрэл, Түмэнжаргал, Түмэн-Өлзий, цэнгээнт бүжгийн Улаан сарнай хамтлагууд оролцоно. Энэ мэт олон сайхан хүний тусламж дэмжлэгийн хүчинд тоглолт маань босч байна.
-Тоглолтоо яагаад “Цэцгэн дагина” гэж нэрлэх болсон юм бэ. Мөн энэ тоглолтоос уран бүтээлчийн хувьд та юу хүлээж байна вэ?
-Энэ дууг хоёрдугаар дамжааны оюутан байхдаа дуулсан. Энэ цагаас хойш “Цэцгэн дагина” дуу маань намайг олон сайхан хүнтэй танилцуулж, уулзуулж учруулсан учраас ингэж нэрлэсэн юм. Мөн энэ тоглолт бол миний хувьд цаашдын амьдрал, уран бүтээлийн минь жимийг зурах чухал алхам болно. Тиймээс залуу хүний хувьд намайг дэмжиж, олон хүн ирж үзээсэй гэж л хүсч байна.