Ховд аймгийн уугуул иргэн Дуламсүрэн охин оюутан болж, анх удаа нийслэл Улаанбаатар хотод хөл тавина. Түүнээс хэдэн жилийн өмнө хот бараадсан найз Мөнгөө нь түүний нүдийг тайлж, хотын охин “болгоно”. Гэвч хотын амьдралд хөл алдаж, мөнгөтэй залуугийн зугаа болсон хөөрхий цайлган охин эцэстээ амьдралыг ухаарч, өөрөө өөртөө хариуцлагатай амьдрах, бусдын амьдралыг хүндлэх ямар чухал болохыг ойлгож, хөлөө олдог. Энэ бол өчигдөр үдэш мэндэлж, үзэгчдийн хүртээл болсон “I Love UB” буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” цоо шинэ мюзикл. Гадаадын зохиолуудыг шинэчлэн найруулж тавьдаг байсан манай уран бүтээлчид нийслэлийн үзэгчдийн цангааг тайлах Монгол хэв маягийн, тэр тусмаа Улаанбаатарын хэмээх тодотголтой анхны мюзиклийг нийслэлийнхээ 375 жилийн ойд зориулан “Улаанбаатар” чуулгын тайзнаа ийнхүү нээв.
Мюзиклийн зохиолыг бичсэн авъяаслаг уран бүтээлч Тайвансайханы Нипонь “Аливаа улсын нийслэл бүрт овоглогддог алдартай уран бүтээлүүд байдаг. Энэ дагуу рок Мөнхсайхан ах маань санал тавьснаар зохиолоо бичсэн. Зохиолын гол санаа нь залуучууд өөрөө өөртөө, амьдралдаа, дор бүрнээ хариуцлагатай байвал улс орон маань “Москва нулимсанд дургүй” зохиолын Монгол хувилбарыг бүтээхийг хичээсэн манай уран бүтээлд дуу, бүжиг, амьд хөгжим хосолсноороо анхдагч бөгөөд онцлог” хэмээн тодотгосон юм. “Үйлсийн сайхан Улаанбаатар” дуу төрөх үед нийслэлийн залуус бүгд хөдөлмөрлөж, сайхан амьдралын үндэс нь ажил хөдөлмөр гэдгийг ойлгосон байсан үе. Одоогийн манай залууст хөдөлмөрч зан илүү давамгайлаасай гэсэн үүднээс энэ нэрийг өгснөө зохиолч маань нэмж хэлсэн юм. “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклийг ОХУ-ын Буриад улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, комикм цувралын мастер гэгддэг Олег Юмов найруулж, Р.Мөнхсайхан уран сайхны найруулагчаар ажилласан бол хөгжмийг “A Sound” хамтлагийн саунд инженер Б.Мөнхболд найруулжээ. Түүнчлэн бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажилласан байна. Гол дүрд залуу дуучин “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар болон “Улаанбаатар” Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглолоо. “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл 29-н хүртэл үргэлжилнэ.
Р.Оюун