Бүсгүйчүүдийн өмнө эр зориг, дайчин шалмагаа гайхуулан бухтай тулалддаг эрсийн тухай өгүүлэх “Гранада” дууг дэлхийн алдартай уран бүтээлчид дуулж ур чадвараа сорьдог гэдэг. Тэгвэл Монголын анхны попера хамтлаг “Нюанс” эл дуугаар нэрлэсэн “Гранада” попера концертоо ирэх сарын 18, 19-нд ДБЭТ-т толилуулах нь. “Sueno imposible”, “Surender”, “Un amore cosi grande” тэргүүтэй алдарт бүтээлүүд эгшиглүүлэх тоглолтод ДБЭТ-ын балетчид, “Улаан сарнай”, “Стар дэйнс” бүжгийн хамтлагууд оролцоно. Энэ удаагийн “Миний бага нас” буландаа тус хамтлагийнхныг урилаа.
ЭХНЭРТЭЙГЭЭ ЗУРГАДУГААР АНГИАСАА НАЙЗАЛСАН, ӨВӨӨ ЭМЭЭГИЙН “АМЬ”
Хамтлагийн ахлагч М.Амарсанаа Улаанбаатарт төрсөн ч, түүний хүүхэд насны гэгээн дурсамжууд Дорнод аймагтай холбоотой. Тэдний гэр аймгийн төвд байсан бөгөөд Цагаан-Овоо сум дахь өвөө, эмээгийндээ очих хамгаас дуртай байжээ. Таван настай байхдаа л аав, ээжээрээ замын машинд суулгуулаад өвөөгийнх рүүгээ явдаг байсан гэнэ. Нэг өдөр өвөөтэйгөө аргал түүж байжээ. Өвөө нь “Миний хүү тэргэн дээрх аргалуудаа юмаар даруулаад сайн боочихоорой” гэжээ. Амарсанаа ч хүүхэд хойно захисныг нь тааруухан хийснээс болж харих замдаа цөмийг нь асгасан байна. Энэ үед өвөө нь “Аливааг хийсэн шиг хийж сур” гэж зэмлэсэн нь түүнд том сургамж болжээ. Дэггүйтэх дуртай хүү гудамжныхаа найзуудтай талцаж чулуугаар байлдан, байнга л духандаа булдруутай явдаг байсан гэсэн. “Алдалгүй онодог мэргэн баатар болох гэсэн үү, цахилгааны шон дээрх шаазан эд ангийг нь хагалж тоглоно. Бас ундааны шил эгнүүлж тавиад чавхаар харвадаг байсан” хэмээн Амарсанаа хүүхэд насаа дурссан.
Хүсэн мөрөөдөж авсан хамгийн том бэлэг нь украин унадаг дугуй. Тэр үед аавынх нь цалин 400 гаруй төгрөг байсан ч түүнд 392 төгрөгөөр дугуй авч өгчээ. Олон жил унасан хайртай дугуйгаа даанч хожим хулгайд алдсан гэнэ. Багаасаа л дуулах дуртай байсан тэрбээр есөн настайдаа Дорнодын “Солонго” чуулгад оржээ. 10 настайдаа МҮЭ-ийн Соёлын төв ордонд дуулсан нь түүний гарсан анхны том тайз . Энэ үеэр “Аав, ээжийн ач”, “Ёохор хатариш” нарын дууг дуулж, тоглолт үзэж байсан А.И.Филатова гуайд цэцэг өгч байсан гэнэ. Номын сайн нөхөр, “Пионерийн ордон”-ы алт, хүрэл медаль гээд олон шагнал авч байжээ. Мөн марк, их захидал, чихрийн цаас, тэмдэг цуглуулдаг байснаа одоо ч нандигнан хадгалдаг гэсэн. Үргэлж гутлын болон нусны алчуур биедээ авч явж, хумсаа авдаг нямбай хүү байсан учир долдугаар ангидаа сургуулийнхаа соёлч сурагчаар шалгарчээ. Түүний хамгийн дуртай, гойд сайн суралцдаг байсан хичээл нь түүх, дүрслэх урлаг. Багаасаа дуу хөгжим хөөж, хааяахан хичээлээ завсардуулснаас болж тооны хичээлдээ гурав, дөрвийн хооронд дэвхэрдэг байсан гэнэ. Амарсанаа эхнэртэйгээ зургадугаар ангиасаа л найзалж, нэгнийхээрээ орж гардаг байсан юм билээ.
Эхнэр нь наймдугаар ангиа төгсөөд хотод Хөнгөн хүнсний техникумд суралцсан бол Амарсанаа есдүгээр ангид орж, аймагтаа үлджээ. Ийн тэд захиагаар харилцдаг энгийн сайхан найз байгаад сургуулиа төгссөн жилээ нэг гэрт орсон гэнэ. “Бидний үед хайртай, дуртай гэж нялуун үг хэлэхгүй. Цаг агаар ямар байна вэ, дулаан хувцаслаарай, хоолоо сайн идээрэй гэх мэтийн энгийн хэрнээ халамж мэдрэгдсэн үгстэй захиагаар харилцдаг байлаа” гэж тэрбээр ярив.
ЦИРКИЙН “ТУУЛАЙ”
М.Боргилчулуун 220 мянгатын унаган хүү. Хоёр ах, хоёр эгчтэй учир тэр хавийн атаманууд дээрэлхэнэ гэж үгүй. Өвөл Дунд гол, Цэнгэлдэх хүрээлэнд тэшүүрээр гулгаж, зун нь “гүйдэг маатик”, хөлбөмбөг тоглон, ундааны лаазанд шохой хийн шүдэнз зураад таван давхар хэртэй өндөрт нисгэдэг байсан бага нас түүнийх. Боргилчулууныг хүүхэд байхад цирк ан амьтадтай, хүмүүсийн хөл тасардаггүй үе байжээ. Хүүхэд тийш нэвтрэхэд үнэгүй байдаг ч харгалзах хүнгүй бол оруулна гэж үгүй. Ингээд танихгүй ах, эгч нар циркийн тоглолт үзэх гэхэд дагуулж орохыг найзуудын хамт гуйдаг байсан гэнэ. Тоглолт дуусахад тэд цирк дотор нуугдаж тоглон, хөөцөлддөг байж. Боргилчулуун “Тэр үед хүүхдүүд чихрийн цаас цуглуулж тоглодог байлаа.
Монголд ихэнхдээ Оросын чихрүүд байдаг, барууных ховор. Манай эгч хааяахан гадаад явахдаа чихэр, бохь авчирна. Би ийм гоё чихэр идсэн гээд л найзууддаа цаасыг нь гайхуулна. Тэр үеийнхэн бохио ам, амаараа дамжуулж зажилдаг байсан. Өнгийн харандаа хугалж зажлаад бохиндоо өнгө оруулдаг байлаа” гэв. Түүний аав автобус баазад насаараа хангамжийн механикчаар ажиллажээ. Тэрбээр багадаа аавынхаа мэргэжлийг өвлөнө, жолооч болно гэж боддог байж. Тиймдээ ч ажил дээр нь очиж, жолооч ах нартай цагийг өнгөрөөх дуртай байсан гэнэ. Аав нь ажил ихтэй үедээ түүнийг дагуулж явахгүй. Ажлынх нь автобус 07.10 цагт Улсын их дэлгүүрийн өмнөөс хөдөлдөг байж. Түүнийг дагуулж явдаггүй өдөр тэрбээр аавыгаа гэрээс гаруут байрныхаа нөгөө талаар тойрч ажлын автобусанд нь суучихдаг байсан гэнэ.
31 дүгээр сургуульд сурдаг байсан Боргилчулуун салаан дарга байжээ. Нэг удаа Чулуун нэртэй ангийнх нь хүү сахилгагүйтээд, үгэнд нь орохгүй болохоор үсдээд чирч гэнэ. Энэ үйлдлийг ангийн багш нь харчихаад бүчийг нь долоо хоног хураажээ. Тэр үед бүч, ялангуяа ангийн дарга нарын бүч нэр төрийн илэрхийлэл байсан учир энэ нь хэцүүхэн шийтгэл байсан нь ойлгомжтой. Аав, ээж нь бүчээ яасныг нь түүнээс асуухад “Цүнхэнд байгаа” гэж долоо хоног аргалснаа тэр ер мартдаггүй гэнэ. Хожим Чулуунтай сайн нөхөд болжээ. Тэд сагс тоглоход гар нийлнэ. Долдугаар ангидаа тэднийх дээд ангийнхнаа бүгдийг сагсан бөмбөгөөр хождог байсан гэсэн.
ШУВУУ БОЛОХЫГ ХҮСДЭГ ЗАЛЬЖИН ХҮҮ
Хамтлагийн отгон гишүүн Д.Дүйнхэржав 1986 онд Дундговь аймгийн Мандалговьд төржээ. Гурван эгчтэй түүний сэвлэгийг таван нас хүртэл нь үргээгээгүй учир эцэг, эхийнх нь найзууд “Танайх дөрвөн охинтой бил үү” гэж андуурдаг байжээ. Бага насны дурсамжаас нь хамгийн тод санагддаг нь даахиа авахуулсан өдрийнх гэсэн. Найрын үеэр түүнд дугуй өгсөн нь багадаа авсан хамгийн гоё бэлэг. Гэрийнхэн нь түүнийг Дүүнээ гэж дуудна. Дүүнээ багадаа нэлээд зальтай байсан тухай ээж нь үргэлж дурсдаг гэсэн. Нэг өдөр ээж нь гэртээ юм оёж, тэрбээр тоглож байж. Авдар дээрх бурхны өмнө тавьсан алимыг авах гээд л эргэлдээд байсныг ээж нь ажиглалгүй яах вэ. Ингээд зальт хүү алимыг санамсаргүй унагаж жүжиглэхэд өнөөх нь орон доогуур өнхрөөд орчихож. Хүү ч араас нь мөлхөн орж хэсэг хугацааны дараа гарч ирээд алимыг байранд нь тавьжээ. Ээж нь гайхаад өндийн хартал алимны цаад талыг нь идчихсэн байжээ. Бас нэг удаа эгч нартайгаа тоглож байгаад униа хугалчихжээ. Тэд эд мөрийн баримтаа нуусан ч оройдоо л баригдсан гэнэ.
Сар шинийн битүүний өдөр Дүүнээ ширээн дороо орчихно. Учир нь энэ өдөр тэднийх идээ будаагаа засахад тэрбээр ширээн дороо суугаад дээрээс унасан чихэр, самар, ааруулыг түүж иддэг байсан юм билээ. Гантай зун тэднийх худаг бараадахаар нүүдэл суудал болжээ. Ээж, аав нь өглөө эрт гэрээ ачаалаад хөдлөхөд Дүүнээ өвөө, ах нартайгаа араас нь малаа туугаад очих болжээ. Гэтэл усгүй удаан явснаас болж тэрбээр мориноосоо унаад ухаан алдчихсан гэнэ. Хүүгээ ирэхгүйд эхийн сэтгэл зовниж ах нарыг нь хойноос нь явуулжээ. “Хэрвээ араас хүрээд ирэх байлгүй дээ гэж ээж тайван суусан бол би өдийд үгүй болсон байхыг үгүйсгэхгүй. Эх үрийн хүйн холбоо гэж үнэхээр байдгийг мэдсэн” хэмээн тэр хэлсэн. Түүнийг аймагтаа нэгдүгээр ангиа төгссөн жил тэднийх хот руу нүүж, Багануурт суурьшжээ.
Хүүгийн ангийнхан дэггүй, нэг харахад самбар, дахин очиход хаалгаа унагаачихсан байдаг учир багш нар ч тогтдоггүй байж. Хөдөлмөр, физик, хими, биеийн тамирын хичээлдээ илүү дуртай тэрбээр бас зурах авьяастай. Түүнийг хүүхэд ахуй цагт янз бүрийн оддын зурагтай дэвтэр дөнгөж гарч байж. Дүүнээ тийм дэвтрийн зургийг нь дуурайлган зурдаг байсан гэнэ. Тээврийн жолооч аавыгаа дагаж орон нутгаар явдаг байсан нь түүний хамгийн сайхан дурсамжуудийн нэг. Дүйнхэржавыг төрөхөөс таван жилийн өмнө Гүррагчаа сансарт ниссэн. Сансар, од эрхсийн тухай хөгшин залуу, хөдөө хотгүй ярьдаг байсан болоод ч тэр үү, хүү энэ үед шувуу болон нисэхийг мөрөөддөг байж. Харин хожим өөрийгөө хөндлөнгийн нүдээр ажиглаж, ярилцаж үзэхийг хүсдэг болсон гэнэ.