Хүний хүү ижийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам
Минийх болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гогдон хэлж байна
Аа яадаг юм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа
Дотогшоо би өмөлзлөө (П.Бадарч “Эхийн сэтгэл”)
Би одоо хорин настай. Бусдын адил цэцэрлэгт явж, сургуульд сурч, их сургуулиа төгсөөд байна. Гэхдээ мөн л бусдын адил ажил хийгээгүй. Яагаад бусдын адил хэмээн тодотгосныг та хэдийнэ гадарлачихсан байх. Дөнгөж диплом өвөртөлсөн намайг ажлын туршлага байхгүй гэх шалтгаанаар хаа ч авдаггүй юм байна. Яах вэ би өөрөө тийм ч мэрийлттэй хүн биш л дээ. Ганц хоёр газраар ороод л тийм хариулт авсан даруйдаа шантарчихсан. Одоо гэрийн дээдийн комьпютер удирдлагын анги гээд л үе тэнгийхэнтэйгээ маазраад л гэр зуур байдаг. Эцэг эх маань намайг хэзээ ч мөнгөөр дутааж байгаагүй. Бага байхад Солонгост байсан юм л даа. Хүссэн пүүзээ үнэтэй ч хамаагүй авахуулж, дуртай гар утсаа барьдаг байсан би харахад сайхан том залуу, харин цаанаа айлын бага. Аав, ээж минь Солонгосоос ирээд нэг хэсэг мөнгөгүй болсон л доо. Учир нь аав маань тэнд хортой нөхцөлд ажиллаж, хүнд юм өргөснөөс болж, хөдөлмөрийн чадвараа аллдсан юм. Одоо нэг байгууллагын манаачаар ажилладаг. Би найзууддаа манаач гэж хэлэх үнэхээр дургүй. Манайх хотхонд амьдардаг, бас ч гэж дажгүй машин хөлөглөдөг байхад би аавыгаа манаач гэж яаж хэлэх юм бэ? Хааяа ажил дээр нь очоод л бензиний мөнгө нэхэж аваад хэдэн найзуудаа суулгаад дарвиж гарна гээч..
Өдөр ирэх тусам л ээж, аавын өмссөн хувцас өнгө муудаж, нүүрэн дээрх үрчлээс нь нэмэгдэж буйг би яагаад ч юм анзаардаггүй явж. Харин нэг ч төгрөгний орлоггүй би улам л гялалзсаар.
Нэг өдөр тог тасарсан юм. Би яах вэ дуу сонсоод хэвтэж байгаад санамсаргүй хартал миний өмнө огт харж байгаагүй үрчлээтсэн бор гар чичирхийлэн хэдэн бор төгрөг тоолох нь лааны гэрэлд харагдав. Хэдэн задгай төгрөг их л хичээн байж тоолон тус тусад нь ангилан байгаа тэр хүний гарыг би таньсангүй. Юу билээ хэмээн гайхаж, гэнэт хөнжлийнхөө булангаар ажтал аав минь хөлс хүчээ урсган олсон мөнгөө байр, гэрэл, миний хэрэглэдэг интернэтийх мэтээр хувиарилж суусан юм. Сүүлд өөртөө мянган төгрөг л аван, үлдсэн мөнгөө хажууд ирээд орны толгой дээр тавьчихаад аз жаргалтай нүдээр намайг харан инээмсгэлэн зогсоход, унтаж буй дүр эсгэн хэвтэх миний нүднээс анх удаа л ухаарлын нулимс урссан нь тэр орой байв. Хүүгээ харан зогсох аав минь тэгтэл “Цог гэм” муухай зүүд зүүдлээ юм байхдаа миний үр хэмээн өнөөх үрчлээтсэн муу гараараа яг л нялх үеийнх шиг минь толгой илэв. Тэр шөнөжингөө би элдвийг бодоод унтаж чадаагүй юм.
Бензиний л мөнгө л нэхэх гэж хааяа очдог, аавынхаа ажил руу нь би маргааш нь нууцаар очиж, ажиглав. Мянгахан төгрөг авч явсан аав минь буцалсан усаар өл дардаг ажээ. Аргагүй шүү дээ, байгаа мөнгөөрөө автобусанд суудаг байлгүй. Би яагаад ганц ч удаа хүргэж өгч байгаагүй юм болоо. “Хөгшөөн” гээд дуудах найз нөхдөдөө би учир шалтггаангүй олон удаа үйлчилж байлаа. Заримдаа найзыгаа ганц нэг охин найрах гэсэн хэрэггүй зүйлд нь ч би дагалдан угаагаараа үйлчилдэг байв. Өгсөн мөнгийг нь бааранд архи, тамхинаас өгдөг байсан би өөрийгөө үзэн ядав.
Үйлчлэгч бүсгүй аав руу минь доогтойхон инээснээ “Авсан цалингаа юунд үрдэг өвгөн бэ. Үнэхээр харамч хүн шүү. Өөрөөсөө идэх юмны мөнгө хүртэл харамлаад, өдөржин усаар хоол хийх юм” гэсэн үг сэтгэл рүү томоос том гар орж ирээд намайг үсэртэл алгадах шиг болов.
Ээж минь мөн ялгаагүй ингээд явж байгаа даа. Гэтэл би..Би хэн юм бэ? хэмээн өөрийгөө зүхэн, асгаруулж гарлаа.
Гэнэт аав ухаан алдаад уначихав. Нуугдаж байсан би “Аав аа” гээд гүйж очиход өнөөх эмэгтэй ийм том хүүтэй байсан юм байхдаа.хэмээн ёжтой харцаар харан гайхав.
Арчаагүй...Тиймээ шартсан найзыгаа ингэж тоглоом тохуу хийдэг байсан энэ л үг ийм утгатай байх нь .Төрсөн цагаасаа өдий болтол өсгүүлчихээд өнөөг хүртэл эцэг эхийнхээ ачийг хариулаагүй, тэр ч бүүхэл урсан өнгөрөх цаг хугацааны эрчлээсэнд удирдлага барин суусандаа би өөрөөсөө ичих байж. Амьдралын төлөө тэмцсээр ирсэн аав минь харин өдий насандаа манаач хийж буй нь бахдмаар, бүүр гайхуулмаар үйл байж...
Шөнийн гудамжийг сувд мэт эмжсэн гэрлэн дундуур би элдвийг эргэцүүлэн алхахдаа аавын минь духан дээр буй болсон үрчлээс бүхэн миний төлөөх шаналан байж гэдгийг ухааран явна. Санчиганд нь хяруу унасан ижийгээ хараад би өмөлзөн уйлахгүй байж чадахгүй нь. Сар жилээр алсрах өдөр хоногийг би хий дэмий өнгөрүүлсэндээ харамсаж сууна. Би одоо хорьтой...
М.Болорцэцэг