Улаанбаатар чуулгын дарга, “рок мангас” Р.Мөнхсайхантай ярилцсанаа хүргэе.
-Та Улаанбаатар чуулгын даргаар томилогдоод нэг жилийн хугацаа өнгөрлөө. Дарга байх ямар байна вэ?
-Олон жил найруулагчаар ажилалаа. Найруулагч сайн зохион байгуулагч байх хэрэгтэй. Одоо ажиллаж буй салбар ч гэсэн урлагийнх. Тэгэхээр онцын ялгаа байхг үй. Мэдээж, төрийн ажил хийж, түмэн олны татварын мөнгөөр үйл хэргээ явуулдаг учир хариуцлага нь илүү өндөр. Гэхдээ уран бүтээлчид угийн л өндөр хариуцлагатай байх ёстой. Зургаан цагт хөшиг нээгдэхэд жүжигчид онгодоо дуудсан, эсэх нь хамаагүй, бэлэн байх ёстой байдаг шүү дээ.
-Саяхан “Нисванис”, “Рекон” зэрэг амьд хөгжмийн хамтлаг танай чуулгад тоглолтоо хийсэн. Б.Амархүү, Ч.Цэлмүүн нарын дуучдыг мюзиклүүдийнхээ гол дүрд тоглуулж байна. Улаанбаатар чуулга арай өөр менежмент, бодлоготой болсон уу?
-Бид нийслэлийнхээ нүүр царайг олон талаас харуулна. Тухайлбал, гадаадын зочид, жуулчдад үндэсний урлагийн тоглолтоо түлхүү үзүүлэх бол орон нутгаас Улаанбаатарт шилжин ирж буй иргэд болон өөрийгөө хотынх гэж тооцдог хүмүүст зориулж шинэлэг бүтээл хийх ёстой. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклээ маргааш тоглох гэж байна. Өмнө нь толилуулж байсан “Анхны үнсэлт” мюзиклээ ирэх сард дахин тоглоно. Амьд хөгжмийн тоглолт дараалан хийж байгаа. Рок гэхээр задгай танхимд халамцуу нөхдүүд доргидог гэж өрөөсгөл ойлгодог. Концертийн танхимд рок тоглолт үзэхэд анхаарал нь хөгжимдөө төвлөрөөд тэс өөр мэдрэмж төрнө шүү дээ. Ийм тоглолтыг орчин үеийн хүн болж дүр эсгэдэг нөхдүүд биш, жинхэнэ хөгжимд дуртай хүмүүс илүүтэй сонирхдог.
-Уртын дуучид, циркчид, үндэсний бүжигчид гээд л танай чуулгад голдуу ардын урлагийнхан байдаг юм билээ. Тавьж буй мюзиклүүдэд олны танил, залуу дуучид тоглож байгаа. Чуулгынхан ямар сэтгэгдэлтэй байгаа бол?
-Урлагийнхан бие биетэйгээ амархан ойлголцдог. Манай байгууллагын уран бүтээлчид харин ч алга ташин хүлээж авсан. Тэд үргэлж ардын дуу сонсоод байдаггүй шүү дээ. Манай уран бүтээлчдийн олонх нь Хөгжим бүжгийн коллеж, СУИС төгссөн залуучууд. Бид үндэснийхээ урлагийг орчин үеийн хэв маягтай хослуулсан этник уран бүтээлүүд толилуулахаар бэлдэж байгаа. Жишээлбэл, ирэх сард тавих “Ариун хаврын тахилга” балетийн бүжгийг Энхгэрэл дэглэж, Алтангэрэл хөгжмийг найруулж буй. Энэ бүтээлийг үндэсний хөгжмөөр тоглох юм. Бас “Хөх өө намжил” дуурийг этник маягаар тоглох бодол бий. Бүжиглэдэг, жүжиглэдэг, дуулдаг олон талын авьяастай уран бүтээлчид гарч ирж байж өмнөх үеийнхнээ давах түвшинд хүрнэ шүү дээ.
-Чуулгаа ямар хэмжээнд хүргэх зорилготой байна вэ?
-Монголд тайз нь эргэдэг театрын зориулалттай дөрвөн барилга байгаагийн нэг нь манайх. Бид чуулгаа хөгжимт театр болгож, мюзиклийг Монголд хөгжүүлэхийг зорьж байна. Мюзикл гэхээр “Дуурь шиг дуулаад байдаг юм уу” гээд л нарийн юмыг нь мэдэхг үй хүн олон таарч байлаа. Манайхан мюзиклийн тухай сайн мэдэхг үй байгаа нь арга ч үгүй. Дэлхийн томоохон мюзикл үүд тэр бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байдаггүй юм. Хоёр жилийн хугацаанд найман мюзикл тавихаар төл өвл өж байна. Тийм амархан хөгжихг үй ч, мюзикл тоглож сурна гэдэг том амжилт.
-Таныхаар хотын соёл гэж юу вэ?
-Байгалийн хууль шиг хот бүрт мөрдөх ёстой зарчим бий. Хүн гэдэг хайрлан дурлаж, урваж хөрвөж, үзэн ядан, өрсөлдөхөөр байгалиасаа заяагдсан. Гэхдээ энэ олон зан араншингаа зөв тийш залахгүй бол болохгүй. Хөлөөр өө толгой хийж болно. Ардчилал энэ эрхийг өгсөн. Гэхдээ чиний дураараа дургих нь миний эрх чөлөөний хязгаарт хүрээд дуусна. Юу дуртайгаа хийж болох ч бусдын эрх чөлөөнд халдвал энэ нь бүдүүлэг хэрэг. Энэ дүрмийг мөрдөхийг хот иргэдээсээ шаарддаг. Улс маань хурдацтай хөгжиж буй үед нийгэм иргэдээс хариуцлага шаардаж байна. Чамайг хоёр цаг хүлээлгэсэнд намайг уучлаарай. Гэхдээ би Монголын уламжлалт хариуцлагагүй байдлаас болж хүлээлгэлээ. Учир нь биднийг уулзахаас өмнө товлосон ажлууд цагтаа эхлээгүйгээс болсон юм. Бүгд төлөвлөснөөр болсон бол одоо нэгэн арга хэмжээнд очих байлаа. Гэхдээ тэр арга хэмжээ ч гэсэн одоо эхлээгүй байгаа гэдэгт би бат итгэлтэй байна. Яагаад гэвэл бид бүгдэд хариуцлага байхгүй. Манай “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклд энэ тухай хөндсөн.
-Энэ мюзиклийнхээ тухай ярина уу?
-Нипонь нэртэй залуухан уран бүтээлчтэй хамтран зохиолоо бичлээ. БНСУ-ын олон ангит киноны шилдг үүдээ шалгаруулж байхыг би үзсэн юм. Гэтэл одоо хүмүүсийг байлдан дагуулаад байгаа кино зохиолуудыг залуучууд бичдэг юм байна. Тэдний нүд гярхай, хэллэг энгийн байдаг юм билээ. Нипонийн шүлгүүдийг уншихад надад их таалагдсан. Гүн ухаан мэдэрдэг хүмүүс энгийн амьдралын цаадхыг хардаг. “Танай жүжиг хэтэрхий энгийн хэллэгтэй юм биш үү” гэж зарим хүн шүүмжилсэн. Мюзиклийн хэллэгийг амьдралд ойр байлгахгүй бол, хөгжим гэдэг абстракт шүү дээ. Хөгжим сонсоод нэг хүн далай, нөгөөх нь тэнгэр огторгуйг төсөөлөх жишээтэй.
-Ерөнхий найруулагч нь Олег Юмов байх аа?
-Залуу хүн хэрнээ Буриадын Төрийн шагнал хүртсэн, Оросын театрын шилдэг найруулагчийн “Алтан маск” шагналтай, ирээдүйтэй найруулагч бий. “Black box” театрт гурван жүжиг тавьж байсан. Бид хоёр ОХУ-ын Театр урлагийн их сургууль (ГИЗИС) төгссөн болохоор нүдээрээ шахам ойлголцдог. Хамт олон, найз нөхөд хоорондоо яриад шууд ойлголцдог, бусад хүн мэдэхээргүй пароль үг хэллэг гэж байдаг даа. Оросын театр урлагийн сургуулийнхны зохиосон тийм хэллэгүүд уламжлагддаг учир манай төгсөгчид биенээ амархан ойлгодог шиг санагддаг.
-Та мэргэжлээрээ ажиллан, драмын жүжиг тавьж байсан уу?
-УДЭТ-т “Зүүдээр аялсан гурван шөнө”, “Бардам туулай”, “Хоёр сум” жүжгүүдээ тавьж байсан. Нийгэм өөрчл өгдсөн, театрын ажил хүнд үед МҮОНТ-д “Гурвалжин” нэртэй хөгжмийн нэвтрүүлэг хөтөлж, Монголын анхны вижэй (хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч) болж байлаа. “Сайн байцгаана уу, залуучууд аа” гээд л нэвтрүүлгээ эхэлнэ. “Үзэгчид ээ” гэж хэлсэнгүй, насаар нь хүмүүсийг ялгаварлалаа гэж шүүмжлүүлдэг байлаа.
-Нэвтрүүлэг хөтлөн кино найруулж, дууны ая, шүлэг зохиодог гээд л тал бүрийн ажил хийж явжээ. Алинд нь илүү дуртай вэ?
-Дуртай юм их байна аа. Мэргэжлийнх биш ч гитараа тоглох дуртай. Сургуульд сурч диплом өвөртөлснийгөө зарим хүн мэргэжил эзэмшлээ гэж ярьдаг. Миний бодлоор диплом бол тухайн ажлыг хийж чадна гэсэн баталгаа биш. Зүгээр л тэр сургуулийг төгссөн гэдэг нотолгоо. Дипломгүй ч гэлээ аливааг мэргэжлийн түвшинд хийдэг хүн олон. Сонирхон хийж байгаа ажлаар нь хүний амьдралын хэв маягийг тодорхойлж болдог. Хүн дуртай зүйлээ л чин сэтгэлээсээ, сайн хийдэг. Тухайлбал, банкны ажилтан экстрим спортод дуртай бол тэр эрсдэлээс айдаггүй байх магадлалтай.
-Та дууны шүлэг бичиж байгаа юу?
-“Никитон”-ы Батчулуун намайг “Залхуу ах шүлэг бичиж өг” гээд л шаарддаг юм. Би өөрийгөө залхуу гэж боддоггүй. “Нандин шүтээн”, “Хос хунгийн дууль” шиг дуу өдөр бүр зохиогоод байвал би агуу болно биз дээ. Баачка бид хоёрын энэ насны амьдралд тэр хоёр дуу байхад л хангалттай. Дахиад зохиолоо гэхэд илүүг хийх хэрэгтэй. Сайхныг зохиох шунал төрж байгаа ч, бяр амтагдахгүй юм.
-Дээхнэ үеийн дуунууд урт настай, одоо ч хүмүүс сонсох дуртай. Гэтэл орчин үеийн уран бүтээлчдийн дууны ихэнх нь сар, улирал, жилийн настай байх юм. Энэ ямар шалтгаантай вэ?
-Дээр үед рок, попын олон хамтлаг дуучин түмэн янзын дуу хийж байлаа. Тэр бүтээлүүдээс одоо шилдэг нь шигшигдээд үлдсэн. Одоогийн уран бүтээлчдийн дуунаас ч гэсэн ирээдүйд шигшигдээд л хоцорно.
-Тэгвэл таны бодлоор орчин үеийнхний бүтээлээс аль дуу урт наслах вэ?
-Чойжоогийн “Хүрч чадахгүй” дуу лав тунана. Яагаад гэдгийг мэдэхгүй ч үлдэнэ, үлдээсэй гэж хүсэж байна.
-Манай уран бүтээлчид сүүлийн үед нүсэр тоглолт зохион байгуулахаасаа татгалзаж, бааранд тоглолтоо хийдэг болжээ. Эдийн засгийн хямралтай холбоотой юм болов уу?
-Ивээн тэтгэгчийн хүчээр олны танил болсон, эсвэл шүтэн бишрэгчид нь од болгосон гэж уран бүтээлчдийг хоёр ялгаж болно. Тоглолт хийхэд нь танхим дүүрдэг, үзэгчдийг байлдан дагуулдаг уран бүтээлч ивээн тэтгэгчтэйгээсээ илүү хүчтэй. Ивээн тэтгүүлсэн уран бүтээлчид хэсэгхэн хүмүүсийн сонирхолд нийцүүлж, тэдний хүслээр дуугаа хийдэг. Улаанбаатар хотыг нэг сая 500 мянган хүнтэй гэж бодъё. Нийслэлчүүдийн зөвхөн нэг хувь нь 15 мянган хүн болно. Хотын иргэдийн нэгхэн хувийг байлдан дагуулж уран бүтээлүүдээрээ “өвчлүүлэхэд” л тоглолтын тасалбар олдохгүй болно. Тэр 15 мянган үнэнч шүтэн бишрэгчийг дагаж санжиганадаг дүр эсгэгчид бас үзнэ.
-Дүр эсгэх ямар шаардлагатай байдаг юм бол?
-Хүн гэдэг нийгмийн амьтан хойно бусдад өөр сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг байх. Олонд таалагдах гэж жүжиглэх ядаргаатай юм шиг ээ. Сэтгэл үнэгүй хэрнээ хамгийн том баялаг. Түүнийгээ наймаалцаад, “Би ийм их сэтгэл гаргаж байхад тэгээд яах вэ дээ” гэж бодон, өөрийгөө хүчлэн байж таалагдахгүйгээ хийгээд байвал сүүлдээ аливаад сэтгэлээсээ хандаж чадахаа болино.
-Монголд олон шинэ уран бүтээлч бий. Зарим нь үнэн сэтгэлээсээ урлагт дурласан байхад олонд танигдах хүсэлтэй, цаг зуурын хүмүүс ч байна. Таны бодлоор цаашдаа ихийг бүтээх, авьяастай, ирээдүйтэй уран бүтээлч хэн байна вэ?
-Авьяас гэдгийг гурваар дарсан гэзэг гэж ойлгож болно. Бурхнаас заяасан эв дүй, аз завшаан, хөдөлмөр нийлж авьяасыг бүрдүүлнэ. Уйгагүй хөд өлмөрлөдөг хэрнээ эвсэл муутай уран бүтээлч байдаг. Эсрэгээрээ, аливааг хурдан сурдаг чадварлаг хэрнээ залхуу хүмүүс байна. Зөв газраа, тохиромжтой цагт төрсөн эсэх нь аз завшаантай холбоотой. Тухайлбал, чадварлаг дуучин байлаа гэхэд түүний хоолойнд тохирсон ая зохиодог, шүлэг бичдэг уран бүтээлчид тэр цаг үед хамт төрж байж гайхамшгийг бүтээнэ. Харин суу билиг бол мөнгө, цаг үе, ер нь юунд ч захирагддаггүй. Суут төгөлдөр хуурч төрвөл хөгжим нь түүнийг өөрөө олоод очно. Тийм агуу хүн хөгжим тоглохдоо хүрвэл модоор ч гэсэн төгөлдөр хуур урлана. Монголд суут уран бүтээлч төрсөн бол одоо цойлоод л гараад ирэх байсан биз. Агуу нь одоогоор байхгүй ч, авьяастай уран бүтээлчид олон бий. Гэхдээ тэднийг би биш, үзэгчид дүгнэнэ, төрүүлнэ. Авьяаслаг зураач байлаа гэж бодъё. Тэрбээр зургаа зураад хэнд ч үзүүлэлгүй байшинтайгаа шатчихаж. Бүтээл нь байхгүй, өөрөө үгүй болсон, хэний ч мэдэхгүй хүнийг зураач гэж нэрлэх үү. Тэгэхээр хэчнээн мундаг байлаа ч гэсэн уран бүтээлчдийг төрүүлэхэд үзэгчид том үүрэгтэй байгаа биз.
Дэлхийн хамгийн баян уран бүтээлчийн хөрөнгийг шилдэг 100 бизнесменийхтэй харьцуулбал өрөвдмөөр. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон мянган үзэгчийг байлдан дагуулна гэдэг юу юунаас илүү үнэ цэнэтэй. Оддын бүтээсэн түүх ямар ч том байшингаас өндөр. Энэ дашрамд, бас нэг юм хэлэх хэрэгтэй байна. Нэг нэвтрүүлгийн үеэр үзэгч утасдаад “Рок попынхон залуучуудыг амжилтад хүрэх гэхээр доош дардаг. Та нар байр сууриа тавьж өгөөч” гэж байсан. Бид шинэ залуу уран бүтээлчдийгээ дэмжихгүй, нийгмээрээ доош дараад байх шиг санагддаг юм. Нэг тоглолтод залуу дуучныг оруулах гэхээр “Энэ арай жул юм биш үү” гээд, өмнөх үеийн нэр хүндтэй уран бүтээлчдийг хүсээд байдаг. Хуучны сайхан дуунууд яах вэ, тэртээ тэргүй сонгодог бүтээл болчихсон. Монголд хуучнаа гэх хүсэл давамгайлаад байх шиг. Үе тэнгийнхнээ дарахыг хүсдэг нэг хэсэг байгаа юм биш биз дээ гэж айж байна. Хэвлэл мэдээллээс харахад “Ийм гавьяатай дуучин байсан, одоо ингэж тэгж амьдарч байна. Тэднийг дурсах хэрэгтэй” гээд л өнгөрсөн баларсныг яриад байх юм. Өмнөх үеийн бүтээлчдийг хөөцөлдөж явахад уран бүтээл туурвих гээд ядарч яваа залуус “Би зөв юм хийгээд байна уу” гэж эргэлздэг. Тэднийг хөөргөж болохгүй, эрт биеэ тоочихно гэдэг. Гордость буюу өөрөөрөө бахархах гэсэн орос үг бий. Оросууд тийм хүмүүсийг хэзээ ч онгирч байна гэж боддоггүй, өөртөө итгэлтэй, бусдаас онцгой гэж ойлгодог. Гэтэл бид шинэ уран бүтээлчдийн “Би” гэсэн минийхээс, чинийхээс том ертөнцийг, өөртөө итгэлтэй байдлыг нь алга болгож, өөрсөдийнхөө түвшинд аваачих гэдэг.
-Та охиноо авьяастай гэж боддог уу?
-Надад таалагдах чухал биш. Сонор англиар дуу зохиож шинэ цомог хэвл үүлж байгаа. Нэг тоглолтод тэр дуунуудаасаа дуулсан юм. Тэгтэл нэг залуу ирээд “Танай охин гадаадын дуучдын дууг сайн дуулах юм” гэж хэлсэн. “Өө, хэний ч юм бэ, хэзээ нэгэн цагт бааранд дуулсныг Сонор хүргэж байна гэж хүмүүс ойлгож байгаа юм байна шүү дээ” гэж бодогдож, надад их гунигтай санагдсан. Тэгтэл тэр залуу “Харин ч гадаадын дуу гэж андуурна гэдэг сайн зүйл шүү дээ” гэж хэлэхэд нээрэн ч тийм юм шиг санагдсан. Учрыг нь олоогүй л явна.
Б.ДӨЛ