Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв энэ сарын 19-нд Төв аймгийн Алтанбулаг суманд “1000 унаганы баяр” бэсрэг наадам зохион байгуулжээ. Монголд анх удаа болсон энэ наадамд 108 унага уралдуулж, 2000 орчим адуутай төрөл бүрийн үзүүлбэр үзүүлсэн байна. Наадамд оролцсон гадаад, дотоодын жуулчид энэ үеэр унага зүслэн авч, “Миний унага түрүүлнэ” гэх зэргээр мөнгөгүй бооцоо тавин, уралдааныг шимтэн үзжээ. Үүнээс гадна унага тамгалах, уурга шүүрэх, морь уургалах, эмнэг булгиулах зэрэг үзүүлбэр үзүүлсэн байна.
Архангай аймгийн Тариат сумын “Морин отог” жуулчны баазад жил бүрийн наймдугаар сарын 13-15-нд “Унага тамгалах баяр” нэртэйгээр зохион байгуулж ирсэн энэ арга хэмжээг өнөө жилээс “1000 унаганы баяр” болгож байгаа юм.