Холын Америкаас эх орноо зорьсон 22 үлэг гүрвэл гэртээ ирлээ. 70 сая жилийн настай тэдгээр аварга биетнүүдийн дотор Т-Батаар, овирапторын чулуужсан өндөг, хамтдаа чулуужсан таван үлэг гүрвэлийн яс зэрэг сонирхолтой, ховор олдвор бий. Хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болж, харьд худалдагдсан эдгээр үлэмж биетэн бүгд Монголын говиос олдсон гэдгийг судлаачид тогтоожээ. Судлаач Марк Норелл “Ийм төрлийн олдворууд нэн ховор бөгөөд шинжлэх ухааны чухал судлагдахуун болно” хэмээн дуу алдсан байна. АНУ-ын Нью-Йорк хотоос ачуулсан эл олдворуудыг “Сорраунд Арт” компани хол замд эвдэрч хэмхрэхгүйгээр найдвартай боож багласан аж. Хоёр сарын турш машинаар, хөлөг онгоцоор, галт тэргээр урт зам туулж, аяншиж ядарсан үлэг гүрвэлүүд энэ сарын 22-нд “Туушин” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд буужээ. Тэдгээрийг тээвэрлэх, хүлээн авах, үзэсгэлэн гаргах ажлыг “Палеонтологи, археологийн музейн шинэчлэл” төслийн нэгж, “Туушин”, “Бодь даатгал” компани, нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Үлэг гүрвэлийн төв музей хамтран хийж байна.
“Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Дотоод аюулгүй байдлын департамент, Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах алба хооронд байгуулах өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-нд энэ оны зургадугаар сарын 19-нд АНУ-ын Дотоод аюулгүй байдлын департаментын Олон улсын ажиллагааны газрын тусгай төлөөлөгч Люси Эскамилла, АНУ дахь ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, консул З.Эрдэнэбаяр, АНУ-ын Цагаачлал, Гаалийн хууль сахиулах албаны эртний эдлэл, урлаг, соёлын өвийн асуудал хариуцсан ажилтан Дебора Хардос нар гарын зурснаар дээрх аваргуудыг бид буцааж авахаар болсон юм. Үүний дараа наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд АНУ-ын Засгийн газар олдворуудыг Монголын Засгийн газарт албан ёсоор гардуулсан юм. Харин одоо эх нутагтаа эргэн ирлээ.