Ноднингоос хэрэгжиж эхэлсэн “Монголын алтан хоолойтнууд” төсөл энэ жил эрчээ авч, Их театрт хүрлээ. Өнгөрсөн жил тэд Улаан-Үдэд тоглож, Монголын сонгодог урлагийн нүүр царай болсон ДБЭТ-ыг танилцуулсан. Тэгвэл ирэх сарын 20-нд ДБЭТ-ын найман гоцлооч, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Их театрт тоглож, тэндээ үзэсгэлэн гаргана. Ла Скала, Ковенгарден, Их театрт дуулж үзэхийг хүсдэггүй дуучин гэж үгүй. Тэр тусмаа эх орныхоо нэрийг дуурсгаж, хамт олноороо тоглолт хийж байгаа нь дуучдын хувьд мартагдашгүй үйл явдал болох нь дамжиггүй. Их театрын симфони найрал хөгжимчид, ОХУ-ын алдартай удирдаач, Монголын дуучид, ОХУ-ын хоёр гоцлооч энэ тоглолтод оролцох юм.
Монголын дуучид энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг дуулах гэнэ. Энэ тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, ДБЭТын гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцоно. ОХУ 2014 оныг соёлын жил болгон зарласан төдийгүй, жил гаруйн өмнөөс ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул энэ тоглолтыг зохион байгуулахаар, ОХУын Соёлын яаманд төслөө танилцуулжээ. Тэд саналыг нь хүлээн авч тоглолт хийх тайзаа монголчуудад нэг өдөр зориулахаар болжээ.