НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хойд бүсийн командлагчаар монгол генерал анх томилогдсон нь Монголын бахархал билээ. Тэр бол БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Дашдондогийн Баярсайхан. Тэрбээр таван орны 5000 орчим цэрэгтэй батальон захирах юм. Олон жилийн турш дайны хөлд нэрвэгдэж, хүн ам нь дүрвэн суурьшиж байгаа Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар хүлгийн жолоо залахаас нь өмнө түүнтэй ярилцлаа.
-НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бүсийн командлагчаар томилогдсонд баяр хүргэе. Ямар шалгуур давж, энэ албанд томилогдов?
-Баярлалаа. Генаралуудын мөрөөдөж байсан зүйлд хүрсэндээ баяртай байна. Шалгалтад нь тэнцсэндээ өөрөөрөө бахархсан. Өнгөрсөн наймдугаар сард бүсийн командлагчийг сонгон шалгаруулах ярилцлагад орсон. Гол шалгуур нь англи хэлний мэдлэг. Олон орны цэрг үүдтэй англиар зөв, сайн ярьж, ойлголцож чаддаг байх нь чухал үзүүлэлт байсан. Өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байдлыг маань харгалзаж үзсэн байх. НҮБ-аас бүсийн командлагчаар томилсон тухайгаа есдүгээр сарын 26-нд дуулгасан.
-Та аль нутгийн хүн билээ. Цэргийн амьдралтай холбогдсон түүхээсээ хуваалцана уу?
-Би өөрийгөө Монгол орныхоо бүх нутагт төрс өн гэж боддог. Аав, ээж минь Төв аймгийн Баянчандманийнх, би Улаанбаатарын Улаанхуарангийнх. Намайг багад манайхан Дорнод аймагт жил гаруй амьдарч байгаад, хотод ирсэн юм билээ. Аав, ээж хоёр Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид ажиллах болсноор манайх нүүсэн. Тиймээс би Монгол орныхоо аль ч аймаг, сумыг унасан газраа л гэж бодож явдаг. Гадаадын улсад бол тийм биш. Нэг хотоос нөгөө рүү очихоор шал өөр сэтгэгдэл төрдөг. Би Дорноговь аймгийн төвийн 10 жил төгссөн. Тухайн үед аравдугаар ангиа онц, сайн дүнтэй төгсөн хүүхдүүдийг ЗХУд цэргийн сургуульд явуулдаг байв. Нэг хурандаа намайг цэргийн сургуульд явуулна гээд. Би цэргийн хүн болох сонирхолгүй байсан тул “Үгүй” л гэлээ. Тэгсэн “Тэгвэл чи хугацаат цэргийн алба хаагаарай” гэж байна. Тэгэхээр нь Зүүнбаян руу аав, ээж рүүгээ утсаар ярьж хэлтэл ээж хүрч ирээд “Энэ нөхрийг цэргийн сургуульд явуулна” гээд бараг хүчээр шахуу ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургуульд явсан юм. Хүчээр явсан ч хувь заяандаа баярладаг. Аав, ээж хоёр минь миний замыг зөв заасан шиг байгаа юм. Хөлбөмбөг тоглох дуртай болохоор Багшийн дээдийн биеийн тамирын ангид орох санаатай эцэг эхээсээ их зөрсөн юмдаг. Биеийн тамирын багш болсон бол өдийд юу хийж яваа бол гэж хааяа боддог.
-Аав, ээж хоёр тань хоёулаа цэргийн хүн байсан тул таны бага нас цэргийн амьдрал дунд өнгөрчээ?
-Миний аав дээд боловсрол эзэмшээгүй ч Дивизийн Автотехникийн албаны даргаар ажилладаг байсан. Тухайн үед Офицерийн курс төгссөн хүн ийм албан тушаалд хүрсэн нь байхгүй л болов уу. Харин ээж минь цэргийн эмч, ахмад цолтой. Бага нас минь цэргийн хуаранд өнгөрч, аав, ээжийгээ дагаж томилолтоор их явсан даа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Та хүүхдүүдээсээ цэргийн хүн болгоё гэж боддог уу?
-Эхнэр, хүү, охин хоёрын хамт амьдардаг. Эхнэр маань геохимич мэргэжилтэй. Нэг зээ охинтой. Хүүгээ цэргийн хүн болгоё гэж хэзээ ч бодож байгаагүй. Сүүлд нь харин амаа барьсан. Цэргийн удам маань тасарчих вий гэж заримдаа бодох болсон.
-Бригадын генерал болтол та урт зам туулсан байх?
-2010 онд бригадын генарал цол хүртсэн. ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль төгсөж ирээд Зэвсэгт хүчний анги салбаруудад ажилласаар өдий хүрлээ. АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, Голланд болон Америкийн энхийг сахиулах ажиллагааны хуулийн дамжаанд суралцаж, мэргэжил дээшл үүлсэн. Цэргийн их сургуулийн багшаас эхлээд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалах атташегаар ажиллаж байсан.
-2004 онд амиа золиослогчдын халдлагыг зогсоосон ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нарын энхийг сахиулагчийг удирдаж явсан хүний хувьд тухайн нөхцөл байдал ямар байсан талаар дурсвал сонин байх?
-Манай бааз руу тэсрэх бөмбөг ачсан машин нэвтэрсэн. Хашааны гадаа дэлбэрэлт болж, нурсан хашааны завсраар нөгөө машин дайрч орох гэж байсан юм билээ. Тэд буруу тооцоолсон. Эхний дэлбэрэлтээр Г.Аззаяагийн цамхагийг унагаахад түүнийг шоконд орж, буудаж чадахгүй гэж бодсон байх. Гэтэл Г.Аззаяа баазын хашааны хаалгаар машин дөнгөж орж ирэнгүүт буудаж, дотор нь байсан амиа золиослогчийг устгасан ч, дэлбэрэлт болсон. Манай баазад байсан хүмүүсээс амь үрэгдээгүй. Хашааны хажууд амьдардаг энгийн иргэдийн байшин нурж, 11 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болсон. Нурсан байшинг засах үүргийг Польшийн энхийг сахиулагчдад өгөөд бид өөр ажилд явсан. Тухайн үед тэрэн шиг баяртай бас хүнд өдөр байсангүй. Манай цэргүүд олон хүний амь аварч, үүргээ биелүүлсэн нь сайн. Тэр их тэсрэх бодис дэлбэрсэн бол маш аймшигтай зүйл болох байлаа. Дэлбэрэлтээс болж, зарим цэргийн сэтгэлзүйд өөрчлөлт орсон байсан.
-Таны багын мөрөөдөл юу байв. Түүндээ хүрч чадсан уу?
-Хүний амьдрал зурсан зургаараа л байдаг болов уу. Дэйл Карнеги “Хүн хүндээ хэрэгтэй байхын төлөө амьдардаг” гэж хэлсэн байдаг. Олон хүнд хэрэгтэй амьдрах юмсан гэж боддог. Нэрд гаръя, цэргийн том дарга болъё гэж мөрөөдөж байсанг үй. Гэхдээ багадаа мөрөөдөж байсан нэг мөрөөдөл бий. Тэрийг биелэхээр нь хэлье.
-Та хэр халамжтай аав бэ, цэргийнхэн ар гэртээ төдийлэн санаа тавьж чаддаггүй гэдэг юм билээ?
-Тийм сайн аав биш байх аа. Миний хүүхдүүд нэг мэдэхэд л том болчихсон байсан. Цэргийн хүний ажил цаг наргүй болохоор хүүхдүүдээ өглөө унтаж байхад гараад орой орондоо орсон хойно нь очдог байлаа.
-Генералууд их сүрдмээр харагддаг, харин та их энгийн санагдлаа?
-Хүмүүс намайг ууртай, ширүүн гэж боддог гэсэн. Надад уурлаад байх шаардлага байдаггүй. Цэргийн хүмүүстэй ажиллаж байгаа болохоор мэдээж зарчимч, шулуун байх хэрэгтэй.
-Таны амьдралын гол зарчим юу вэ?
-Шударга байх. Гэхдээ шударга, үнэнч гэдэг үгийг олон дахин хэлээд байхаар агаарт цацагдах мэт хий хоосон болж хувирдаг. Шударга байна гэдэг өөр ойлголт. Тухайлбал, цэрэг даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг заавал биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлж явах замд нь нэг хүн үхэх гэж байвал туслах хэрэг гарна. Хүний амьтай холбоотой асуудал чухал шүү дээ. Тэгэхээр Амьдралд байдаггүй хий хоосон хууль дүрмийг заавал биелүүлнэ гэдэг утгагүй. Өөр нэг жишээ хэлэхэд, төв замаар нэг машин явж байтал туслах замаар өөр машин орж ирээд мөргөлөө гэж бодъё. Урдах машин нь гэнэт тооромсолсноос осол гарсан. Гэтэл араас нь орсон хүний буруу болдог. Энэ шударга явдал мөн үү. Тэгэхээр шударга байдлын тухай ярих, амьдралд шударга хандах гэдэг хоёр өөр зүйл. Би нийгэмдээ шударга байхын төлөө л хичээж явдаг.
-Та 14 улсад сурч, ажиллаж байсан гэсэн. Гэр бүлээсээ хол байх амаргүй байх даа?
-Гэр бүлээ үлдээгээд явдаг болохоор тэднийгээ санана. Хүний нас яваад ирэхээр гэр бүлээс илүү эх орноо санадаг юм байна. Тоостой, шороотой, утаатай ч гэсэн Монголдоо ирэхийг л хүсдэг. Зургаан сар болоод амрахаараа эх орондоо ирнэ. Гадаадын гоё, сайхан улсад очлоо ч миний нутгийг яаж гүйцэх билээ дээ. Гадаад улс гэхээр л сайн, сайхан биш шүү дээ. Заримынх нь хөгжил 1921 оны үеийн Монголынхтой харьцуулахаар тийм буурай. Монголдоо ирээд онгоцноос буухад үгээр хэлэхийн аргаүй тийм сайхан агаар цээжний гүн рүү нэвтэрдэг.
-Зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа хүний хувьд ямар өөрчлөлт хийхийг хүсдэг вэ?
-Монголын Зэвсэгт хүчин илүү томорч өргөжөөсэй гэж боддог. Цэргийн алба хаагч олон болоосой. Тэгвэл хүмүүжилгүй, “нялцгай” хүүхдийн тоо цөөрнө. Цэргийн алба хаасан хүүхэд үг дааж, бусдыг хүндэлж, хайрлаж сурдаг. Цэрэгт явж бүтэн жил алдаад яах вэ гэсэн ойлголт нийгэмд байна. Цэргийн алба хааснаар залуучууд бие бялдраа хөгжүүлж, сэтгэл санаагаа эрүүл байлгаж чаддаг. Цэрэгт ирээд дэглүүлдэг гэсэн ойлголт хувь хүнээс л шалтгаална. Өөрөө чадвартай бол дэглүүлэх асуудал гардаггүй.
-Тайван амьдралаас дайнтай газар руу явах гэж байгаа болохоор сэтгэл зүйн хувьд хэр бэлэн байна даа?
-Цэргийн хүн ямар ч нөхцөлд бэлэн байх ёстой. Олон улсын цэргийнхний хээрийн сургуульд хэд хэдэн удаа оролцсон. Байлдааны болон энхийг сахиулах ажиллагааг нэгэн адил төлөвлөдөг учир асуудал гарахгүй байх гэж бодож байна. Гол асуудал нь бидний байрлах Өмнөд Суданд дэд бүтэц хүндрэлтэй нь санаа зовоож байна. Дэд бүтэц асуудалтай болохоор ар талын хангалт, хоол хүнс хэц үүднэ. Нисдэг тэргээр ар талын хангалтаа авчирдаг юм байна лээ. Гэтэл нөгөө болохгүй нөхөд нь буудаад хоёр нисдэг тэрэг унагачихаад байна.
-Бүсийн командлагчийн хувьд монгол цэргүүдэд илүү боломж гаргахаар ажиллах уу?
-Монголоос гадна Гана, Руанда, Энэтхэг, Этиоп гэсэн орны 5000 орчим алба хаагчийг захирах юм. Тухайлбал, 10 хүнтэй штаб байлаа гэхэд тав нь монгол байж болохгүй. Бусад орны цэргүүдэд боломж олгох хэрэгтэй. Гэхдээ монгол алба хаагчдадаа илүү олон ажлын байр гаргах санаа байлгүй яах вэ.
-Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа манай цэргүүдээс монгол хүний онцлог, төрөлх араншин хэр илэрдэг вэ?
-Манай цэргүүд, тэсвэр хатуужилтай, дуулгавартай. Гэхдээ их бүрэг. Санасан бодсоноо илэрхийлдэггүй, нэрэлхүү. Балба, Энэтхэгийн цэргийнхэн нэг ажиллагаа болсны дараа зургаа авахуулаад интернэтээр цацчихдаг. Харин манайхан зургаа авахуулж, сүр болдоггүй. Гэхдээ тухайн ажиллагаа удирдсан дарга нар нь манайхныг маш сайн үнэлдэг. Цэргүүд маань хүнд хэцүү нөхцөлд ажилладаг ч шантардаггүй. Баярлалаа. Албан үүргээ нэр төртэй биелүүлээд, сайн яваад ирээрэй.
Ч.БОЛОРТУЯА