Шариат гэдэг нь араб хэлээр “хууль”, “тодорхой тогтоосон зам мөр” гэсэн утгатай, шашин, эрх зүйн хэм хэмжээг тогтоосон, лалын шашинтнууд заавал мөрдөх ёстой ёс суртахууны дэг журам юм. Аллахын элч гэж үздэг Мухаммед амьд сэрүүн байхдаа хууль тогтоогч болон шүүгчийн үүргийг хамтад нь гүйцэтгэж байж. Гэлээ ч нийгэм, төр, хувь хүний олон талт амьдралд тохиолдож буй үйл явдлын эрх зүйн шинж чанарыг нь тэр бүр урьдчилан харж чадахгүй байв. Коран сударт бичсэн зүйлс нь амьдралд гарч ирэх эрх зүйн асуудлуудыг шийдвэрлэхэд хангалттай биш болох нь зөнч Мухаммедийг жанч халсны дараа тодорхой болсон байна. Ингээд ямар нэг асуултын хариуг Коран судраас олохгүй бол бий болсон нөхц өл байдлаас гарахын тулд зөнч маань ямар арга чарга хэрэглэж байж вэ гэдгээс сургамж авч, аливаа тохиолдолд түүний хэлж байсан үгийг эргэж харах болсон байна. Түүгээр ч барахгүй олж авсан бүхнээ VIII-IX зуунд бичиж тэмдэглэснээр зөнч Мухаммедийн тухай яриа, түүний гаргаж байсан шийдвэр, мэдэгдлүүдийн эмхтгэл бий болжээ. Эдгээр эмхтгэлийг “сунна” гэж нэрлэдэг байна.
Лалын шашин судлаач, Голландын иргэн Арент Венсинкийн хэлснээр суннаг мөрдөнө гэдэг Мухаммедийг дуурайна гэсэн үг аж. Арабуудын эцгийн эрхэт ёсны хэм хэмжээг (адат) шариат өөртөө шингээж авчээ. Тэгэхээр коран (судар), сунна (эмхтгэл), адат нь шариатын гурван эх булаг, бүрэлдэхүүн хэсэг нь гэж үзэж болно. Шариат цусан өшөөг хөхиүлдэг. Энэ талаар Коран сударт “Алагдагсдын өшөөг авахыг танд тушааж байна. Чөлөөт иргэн нь чөлөөт иргэнийхээ, боол нь боолынхоо, эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ амийг амиар солих ёстой” гэж бичсэн байдаг аж. Амиа алдсан хүний төрөл төрөгсдөд нь “цусны үнийг” төлж байж амийг нь нэхсэн болно гэж үздэг. Гэмт хэрэг хийсний төлөө оноох шариатын шийтгэл Дундад зууны үеийнх шиг хатуу, харгис шинжтэй. Тухайлбал, Коранд “Хулгайчийн гарыг нь цавч, шалиг явдалтныг олон зуун удаа цохь, энэ шийтгэлийг сүсэгтнүүдийн нүдэн дээр гүйцэтгэвэл зохино” гэж бичсэн байдаг байна. Олон гэмт хэрэгт, жишээ нь, лалын шашнаас нүүр буруулах, дээрэм хийх, санаатайгаар хүний амь хохироох зэрэгт шариатын хуулиар алах ял оноодог. Цаазын ялыг гүйцэтгэх хэлбэр үүдийг ч мөн л Дундад зуунаас өвл өн авчээ. Толгойг нь авах, мөчлөх, чулуугаар цохих (шидэх), амьдаар нь булах гэх мэт аргыг хэрэглэдэг байна.
Эрт үед шоронд хорих шийтгэлийг их ховор оноодог байж. Шоронд хорих шийтгэлийг суурин амьдралд, хот суурин газруудад л хэрэглэх боломжтой болохоор амьдралын нүүдлийн хэвшил үүнд нөлөөлсөн байх талтай. Хоригдлыг майхан юм уу, асарт байлгаж, нүүхдээ зөөж явах нь мэдээж хүндрэлтэй. Шариат нь хөгжлийн эцсийн шатандаа Ази, Африкийн лалын шашинт орнуудын феодалын нийгмийн хууль эрх зүйн нь үндэс болжээ. Шариат гэдэг үгийг араб хэлнээс хөрвүүлбэл “ус руу аваачих зам” гэсэн утгатай гэх нь ч бий. Энэ нь ус хүнд ямар амин чухал хэрэгцээтэй эд билээ, тэгвэл шариат нь хүний оюун ухаанд мөн тэр анзааны чухал зүйл гэх гээд байгаа хэрэг. Дээд тэнгэр Аллах энэ дэлхий дээрх болон нөгөө ертөнцөд байгаа хүмүүст зөв зам заалгахаар олон элчээ илгээсний сүүлчийнх нь Мухаммед, түүнийгээ ч Аллах гэж дээдлэх болсон аж. Хүний бүхий л үйлдэл шариатын хэм хэмжээгээр зохицуулагдаж байх бөгөөд түүнийг зайлшгүй, санал болгосон, зөвшөөрсөн, дэмжээгүй, хориглосон гэж хуваадаг юм байна.
Зайлшгүй хийх үйлдлээ сайн үйлсэд зориулбал шагнал урамшуулал хүртэнэ. Жишээ болгоход эмэгтэй хүн нөхрөөсөө өөр эр хүнээс нүүр, гарын сарвуунаас бусад биеийн бүх хэсгийг нууж байх ёстой. Үүний эсрэг нь хориглосон үйлдэл бөгөөд түүнийг шариатын шүүхээр нягталж шийтгэл хүлээлгэнэ. Санал болгосон үйлдлийг хийхээс өөр аргагүй, харин дэмжээгүй үйлийг хийх хэрэггүй. Дэмжээгүй үйлдлийг хийчихсэн байхад нүгэл биш ч түүнээс татгалзвал буян болно. Дэмжээгүй үйлдлийг хоёр хуваадаг, Эхнийх нь зөвшөөрөгдсөн үйлдэлд ойр, дараагийнх нь хориглосон үйлдэлд ойр. Энэ хоёрын эхнийхийг нь үйлдчихэд нүгэл биш, харин хоёрдахийг нь үйлдвэл нүгэл болно. Хүний хийдэг ихэнх үйлдэл нь “зөвшөөрөгдсөн” хэмээх категорт хамаарах ба түүний төлөө шагнал ч авахгүй, шийтгэл ч хүлээхгүй. Лалын шашны хүрээ тэлж, түүний нөлөөнд ард түмэн автахын хэрээр шариат шинэ нөхцөл байдалд дасан зохицож ирэв. Мухаммедийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд ч хандах нь өөрчл өгдлөө. Шариатын хуульд орхигдуулсан амьдралын үзэгдэл, үйлдэл гэж байхгүй гэж бичсэн байх нь элбэг. Өөр өөр хэлбэл, амьдралын маш олон талыг шариат хамардаг аж. Тухайлбал, шашны номлолууд шариатад орсон байдаг.
Нийгмийн амьдралыг журамд оруулахын зэрэгцээ хүний амь хороосон, бусдын эд хөрөнгийг хулгайлсан хүмүүсийг яаж цээрл үүлэх, ямар амьтныг өсгөж үржүүлж болох, ямрыг нь болохгүй, худалдаа арилжааг хэрхэн эрхлэхийг ч шариат зааж өгнө. Нөхөр, гэргий хоёрын харилцаа ямар байх, хүүхдүүдээ, хэрхэн хүмүүжүүлэх, өдрийн дэглэм ямар байхыг шариат бас л хэлж өгнө. Шуналтай, хомхой байх нь олиггүй, хөршдөө туслах нь сайн, хорон муу үгтэй, хов живээр хөөцөлдөх нь муу, даруу занг хөхиүл гэх мэтээр сургана. Шариат бол лалын шашинтай хүмүүсийн хувьд “алтан гадас чигийг заана” гэдэг шиг л явах замд чинь хөтөч болох эд гэж үздэг. Тийм болохоор өөрийн бүхий л үйлдлийг шариатын жинлүүр дээр тавьж байх ёстой гэж номлоно. Гэр бүлийн талаар шариатад их нарийн заасан нь бий. Ертөнцийн амьдралыг хүн тус бүрийн хувьд сорилт, туршилт гэж шариат үздэг байна. Бие бялдрын хувьд эмэгтэй хүн сул дорой байдаг учраас шариат түүнийг хэд хэдэн хуулиар нөхөж өгдөг аж.
Эмэгтэй хүний нэр хүндийг хамгаалахын тулд гэр бүлийг үүсгэхдээ эрэгтэй нь эмэгтэйгээ гуйх ёстой байдаг. Эмэгтэй хүнийг гэргийгээ болгохыг хүсэхэд зөвш өөрч буйгаа заавал “тэгье, за” гэж үгээр хэлэхийг шаардах биш, эмэгтэй хүн дуугүй байх нь л үүнд хангалттай хариулт болно гэж шариат үздэг аж. Харин зөвшөөрөхгүй байгаагаа шулуун хэлчихийг шариат буруутгадагг үй юм байна. Бас эмэгтэй хүнийг түүнтэй суу хэмээн албадахыг цээрлэдэг, гэр бүл болохыг санаачлагч нь эмэгтэй хүн өөрөө байхыг зөвш өөрдөг гэнэ. Эхний нөхөр, гэргийгээсээ салсан хүмүүс дахиж гэр бүл болохыг ч шариат хорьдоггүй юм байна. Эхнэр, хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй байх нь эр хүний үүрэг гэнэ. Гэргий нь заавал ажил хийх шаардлагагүй. Харин эр, эмгүй боловсролтой байх ёстой. Нөхөр нь гэргийгээ дорд үзэж, гомдоох эрхгүй. Гэргий нь ч нөхрөө хүндэтгэж, дуулгавартай хандах учиртай. Эмэгтэй хүнийг ойлгож, тэдний сул дорой байдалд хүлээцтэй хандахыг эрчүүдэд бурхны элч тушаасан аж. Тэгвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнээсээ бага мөргөж, залбирч байх ёстой бөгөөд эр хүний адил заавал сүмд очиж шашны энэ үйлдлийг хийх шаардлагагүй гэж номлодог.
Шариатын ёсоор эмэгтэй хүнийг гадаад төрхөөр нь бус ааш зан, авир байдлаар нь үнэлэх ёстой гэж үздэгээс тэд нар тусгай хувцас өмсөх учиртай байдаг. Гэр бүл салахыг лалын шашин зөвшөөрдөг ч бурхан таалдаггүй. Муудалцсан эр, эм хоёрыг эвлэрүүлэх, шийдвэрээ гаргахдаа нухацтай бодож тунгаах боломж олгох нь шариатын гол зорилго аж. Саллаа гэхэд түүний дараа хоёр талын хүлээх үүргийг шариатын хуульд тодорхой тусгасан байдгийн нэг нь хүүхдийг асрах явдал юм. Лалын ертөнцөд гэр бүлийн асуудлыг хариуцсан тусгай шүүгч байдаг учраас бусад оронтой харьцуулбал гэр бүл салах явдал лалын шашинт улсуудад тун ховор байдаг байна. Нэгээс илүү эхнэртэй байхыг зөвш өөрдөг ч энэ нь алба биш. Эр хүн дөрвөн эхнэртэй байж болох ба үүнтэй санал нийлэхгүй бол анхны гэргий нь салж болно. Нөхөр нь өөр гэргий авч буйгаа нууж болохгүй. Олон эхнэртэй байхыг лалын шашин зөвшөөрдгийг хүмүүнлэг хандлагын илрэл гэж үздэг. Ялангуяа дайн байлдаантай үед энэ зарчим ашигтай байдаг байна. Тийм болохоор энхийн цагт олон эхнэртэй байх нь ховор үзэгдэл. Шалиг завхай байдлыг лалын шашин эрс хориглож, ийм явдалд хатуу шийтгэл онооно. Шалиг завхай байдлыг нийгмийг бусниулах хамгийн аюултай хүчин зүйл, ёс суртахууны хувьд унаж буйн шинж гэж үзнэ.
Хүүхдийн эрхийг шариат маш тодорхой зааж өгдөг. Хүүхэд сайн боловсрол олох, сайхан хүмүүжих, нэр төрөө хамгаалахаас гадна гоё сайхан нэртэй байх ч эрхтэй. Өв залгамжлах ёсыг Коран сударт хэнд ч ойлгогдохоор бичсэн байдаг аж. Өвлөх эрхийг нэн тэргүүнд хүүхдүүд, гэргий (нөхөр), эцэг, эх эдэлнэ. Төрөл төрөгсөд нь эдний дараа орно. Өв залгамжлах хүн огт байхгүй бол энэ эрхийг төрд шилжүүлнэ.
Р.ЖАРГАЛАНТ