Apple-ийн шинээр гаргасан iPhone 6 гар утаснууд хялбархан нугардаг гэж өнгөрсөн долоо хоногт нэлээд шүүмжлэл дагуулаад авсан. Тэгвэл Consumer Reports сэтгүүл үүнийг үгүйсгэлээ. iPhone 6, iPhone 6 Plus болон үүнтэй өрсөлдөхүйц бусад гар утсанд хийсэн судалгаагаар iPhone 6-г нугалахад өмдний халаасанд хийж нугалахаас илүү хүч орж байгааг тус сэтгүүл онцолжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Apple-аас гаргасан мэдэгдэлд ердөө есөн хэрэглэгч л iPhone 6 гар утас нь халаасандаа хийсний улмаас нугарсан гэсэн гомдол гаргасан гэжээ. iPhone 6 Plus гар утсанд хөндлөнгөөс 40 килограммын ачаагаар даралт өгөхөд нугарч эхэлсэн бол “iPhone 6" нь 32 килограммыг тэсвэрлэсэн нь HTC-ийн One M8-тай адилхан байсан аж. Харин Consumer Reports-ийн туршилтаар хамгийн бат бөх, сүүлийн үеийн гар утас нь “Samsung Electronics"-ийн бүтээгдэхүүн болох нь тогтоогджээ. Тодруулбал “Galaxy Note 3" ухаалаг гар утас хамгийн хүнд буюу 68 килограммын ачаалал өгөх хүртэл хэлбэрээ хадгалсан байна.