Телевизийн олон ангит болон баримтат, уран сайхны арав гаруй кино бүтээж, “Баавгай дуулах уу”, “Аладины шидэт дэнлүү” зэрэг хүүхдийн жүжиг тайзнаа найруулан тавьсан “Хас энтертайнмент”- ийн захирал Ц.Хүсэлбаатар, түүний гэргий С.Өлзийхүү нартай уулзахаар студид нь очлоо. “Аюултай харилцаа” нэртэй шинэ кино хийж байгаа учраас тэд ойрд тун завгүй, амрах, хооллох цагийн хуваарь нь хүртэл хэдийнэ алдагдсан гэнэ. Гэхдээ уран бүтээлч хүмүүст иймэрхүү “зовлон” нь хэзээд жаргал байдаг хойно. Тэр тусмаа уран бүтээлч гэр бүлийн хувьд энэ бол амьдралынх нь салшгүй нэг хэсэг. Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарыг “Хос багана” булангийнхаа хойморьт урьж ярилцсанаа хүргэе.
-“Аюултай харилцаа” гэхээр шинэ киноны тань санаа нэрнээсээ ерөнхийдөө ойлгогдож байна л даа. Гэхдээ энэ бүтээл өнөөдөр Монголд шил шилээ даран гарч буй шинэ кинонуудаас юугаараа өөр байх бол?
Ц.Х: -Гэр бүлийн харилцааны нарийн ширийн зүйлүүдийг өгүүлэх кино маань арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм. Юуны түрүүнд киноны зохиолыг онцолмоор байна. Жеймс Даймон гэдэг хүний “Үхлийн тоглоом” кино зохиолоос сэдэвлэж бичсэн бүтээл. 1987 онд “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагнал авч байсан шилдэг зохиолыг манай студийн эвлүүлгийн найруулагч, зураглаач Т.Амар бид хоёр монгол хөрсөн дээр буулгаж, шинээр бичсэн. Киноны маань бас нэг онцлог нь дуу, дүрс, эвлүүлэг, найруулга, зураач, жүжигчид гээд тус тусдаа уран бүтээл туурвиж байгаа хүмүүс нэгдэж ажилласанд оршино. Өөр өөрийн салбартаа тодорхой хэмжээнд амжилтад хүрчихсэн, ажлаа мэддэг хүмүүс хамтрахаар илүү чанартай бүтээл гарах боломжтой байдаг.
-Гэр бүлээс гадуурх харилцаа өнөөгийн нийгэмд газар аваад байна гэдэг. Үүнийг багасахын тулд яах ёстой юм бол. Энэ нь хүний ёс зүйгүй үйлдэл мөн үү?
Ц.Х: -Гэр бүлээс гадуурх харилцаа бол ямар ч нийгмийн үед, аль ч улс оронд байсаар байгаа “мөнхийн” асуудал. Гэхдээ мөнхийн, байх ёстой зүйл гээд өөгшүүлээд байж хэрхэвч болохгүй. Гэр бүлийн асуудалд ёс зүй байх ёстой л доо. Гэтэл бас үүнийг шууд ёс зүйгүй үйлдэл гэхэд хэцүү. Яагаад гэхээр хүнд ямар нэгэн зүйлээр дутахаар л өөр зүйл рүү анхаарал хандуулаад эхэлдэг болов уу. Тиймээс хосууд өөрсдөө л харилцаандаа анхаарах хэрэгтэй юм. Хайртай хүнээ юугаар ч дутаахгүй байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой байх. Гэхдээ энд би эд баялаг яриагүй шүү. Аз жаргалтай, сайхан амьдрахад тансаг хурим, орд харш хэрэггүй. Нэгэнт л чи тэр хүнтэйгээ хамт хорвоог туулна гээд сонгосон бол гэрлэлтдээ, амлалтдаа, сонголтондоо үнэнч байх ёстой гэсэн санааг бид хэлэх гээд байна. Гэр бүлээс гадуурх харилцаа бол зугаа цэнгэл биш. Нэг, хоёр удаагийн бодлогогүй үйлдэл ирээдүйн амьдралд тань нөхөж барахгүй гарз хохирол авчрах аюултай гэдгийг бүү умартаасай гэсэн үүднээс хэн бүхэнд ойр ийм сэдвийг “барьж” авлаа. Нэн ялангуяа ажил, амьдрал нь цэгцрээд ирэхээрээ эрчүүд гэр бүлээс гадуурх харилцааг сонирхох тал ажиглагддаг. Нөгөөтэйгүүр үнэхээр л тэр хүн буруугаа ухаараад гэмшиж байгаа бол нэгийгээ уучлах нь элэг бүтэн амьдралаа аварч үлдэх оновчтой гарц ч байж мэдэх.
С.Ө: -Энэ киног залуус заавал үзээсэй гэж хүсэх байна. Хэн ч байсан гэр бүл зохиож, үр хүүхдүүдтэй болох нь тодорхой. Тиймээс та бүхнийг ирээдүйн амьдралаа аз жаргалтайгаар авч явахад энэ бүтээл ухаарал хайрлах болно оо л гэж хэлье. Яагаад гэхээр надад олон сайхан найз бүсгүй байдаг. Хүний л амьдрал хойно тэдний минь дунд алдаж, оносон нь ч бий. Тэгээд ажиглаад байхад хэт хатуурхаж, нэгнээ давж гарах гэж зүтгэсэн хүн онохоосоо алдах нь их юм байна. Тэр тусмаа гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хамгийн том хариуцлага хүлээх ёстой эмэгтэй хүнээс их зүйл шалтгаална гэдгийг харуулж байгаа.
-Ханийнхаа ямар чанараар та бахархдаг вэ?
Ц.Х: -Манай хүн ер нь амьдралд хэзээ ч бууж өгөхгүй шүү. 25 жил ханилахад бидний амьдрал, уран бүтээл үргэлж амжилттай, сайхан байсан гэвэл худлаа. Хүнд үед минь намайг ойлгож, бусдын эхнэр шиг нөхрөөсөө элдэв юм нэхэж, зовоож байсангүй. “Чамаас л боллоо, яасан арчаагүй юм бэ” гэж адалж, гоншгоноогүй. Энэ олон жилүүдэд би ер нь Өлзийдөө гайгүй бэлэг ч тоотой авч өгсөн байх шүү. Тийм их тэвчээр, ухаанаар гэр бүл, хань ижлээ хайрлаж байгаа хүнийг би ч бас жаргаах л ёстой. Амьдралд олон зүйл эхнэр, нөхрийн харилцаа, нэгэндээ итгэх итгэлийг шалгадаг юм билээ. Тэр шалгууруудыг бид хамтдаа даван туулж, илүү сайн сайхан зүйлийн төлөө тэмүүлж байна.
С.Ө: -Хүслээ маань гаднаас нь харахад том биетэй, бүдүүн дуутай, сүрдмээр ч юм шиг хэрнээ яг тулаад харилцахаар их зөөлөн, ууч сэтгэлтэй, тусархуу хүн шүү дээ. Дээрээс нь гэртээ аав хүн ямар л байх ёстой, тэр бүх чанарыг хадгалдаг. Хүүхдүүдээ зэмлэж, ухааруулах, урамшуулахдаа хүртэл шүлэглэнэ. Ардын зохиолоос эхлээд янз бүрийн суутнуудын хэлсэн үгээс эш татаад хэлэхээр тэр нь хүүхдүүдэд илүү хүрдэг шиг байгаа юм. Ямар сайндаа би сүүлийн үед аавынх нь гараар “могой бариулдаг” болчихоод байгаа (инээв).
-Та хоёр урьд нь ингэж биенээ нүүрэн дээр нь магтаж байсан уу?
С.Ө: -Манай хүн чинь намайг янз бүрийн сайхан үгээр их шагнана аа. Би тэр болгонд нь хөөрөөд л явчихна. Урамшууллын системийг бол харин ч нэг нэвтрүүлнэ дээ (инээв).
Ц.Х: -Өөр янз бүрийн үнэтэй бэлэг тэр бүр өгч чадахгүй юм чинь энэ нь дээр биз дээ. Дээр үеийнхээр бол би магтаал урамшууллын үгстэй гэрчилгээ, өргөмжлөл, баярын бичгийг ханьдаа харамгүй өгнө өө (инээв).
-Гэр бүл зохиосноос хойш хүмүүсийн амьдралд хэд хэдэн үе шат ээлжилдэг юм шиг байдаг. 30-аад насныхан ажил, амжилт, үр хүүхдээ гээд ид завгүй байдаг. Харин 40-50 насныхны хувьд амьдралдаа санаа зовох зүйл нь багасаад ирэхийн хэрээр өөр ямар нэгэн сонирхолтой зүйл эрэлхийлээд эхэлдэг юм болов уу. Өвөө, эмээ болсон тохиолдолд мэдээж амьдралын бас нэгэн шинэ хуудас эхэлдэг байх. Тэр хүртэлх энэ үеийг зарим хүн “хальтрах үе” ч гэдэг юм билээ. Тэгэхээр энэ адармаатай үед та хоёрын харилцааг юу аз жаргалтай болгодог вэ?
С.Ө: -Бид залуугаараа гэр бүл зохиосон. Хоёулаа урлагийн хүн учраас нэгнийхээ ажлыг ойлгож, дэмжсээр ирсэн минь бидний харилцааг аз жаргалтай байлгадаг гол зүйл. Нэг нь хөдөө, гадаа ажлаар явсан хойгуур үлдсэн нь гэр орон, үр хүүхдүүдээ хүний дайтай авч явах шаардлага гарна. Тэр болгонд “Чамайг байхгүйд би ийм юм хийсэн шүү, чи тэгээрэй” гэдэг ч юм уу, биенээ заавал нээнтэглээд байх хэрэггүй гэж боддог. Би ер нь амьдралын аар саар зовлон бэрхшээлийг нэг их хүндрүүлж боддоггүй хүн шиг байгаа юм. Ямар нэгэн саад тулгарвал түүнд тээглээд таг зогсох бус, хаагуур нь яаж гарах боломж байна вэ гэж гарц хайдаг гэх үү дээ. Тэгэхгүй, нэгэндээ дараа болоод, үглээд, залхаагаад байвал гэр бүлийн харилцаанд сайнаар нөлөөлөхгүй. Тэгээд мэдээж дээрээс нь бидний эргэн тойрон дахь ажлын хамт олон, үр хүүхдүүд, найз нөхөд, хүсэл тэмүүлэл маань аз жаргалын үндэс болдог.
Жүжигчин Өлзийхүүг зургийн даргын ажлаа хийхээр түр босох хооронд Хүслээ найруулагчийг жаахан “түншихийг” хичээв. “Танай “Шилдэг өнгө”-ийг бусад хошин урлагийн продакшнуудтайгаа өрсөлдөж чадахгүй байна. Учраа олохгүй хэдэн залуусыг гаргаж ирэх гэж ноцолдохын оронд гайгүй жүжигчид аваад тоглуулчихаж болдогг үй юм байх даа гэдэг. Та бүхэнд тийм мөнгөний бололцоо алга уу, эсвэл менежментийн сайн бодлого үгүйлэгдээд байна уу” гэсэн асуултад тэрбээр “барайсангүй”, харин ч үнэн сэтгэлээсээ хариуллаа.
Орчин үед хошин урлагийн өрсөлдөөн хамтлагуудаас богино хугацаанд хурдтай эргэлт хийхийг шаардаж байхад удирдагч хүний хувьд түүний маркетинг удаашралтай байгаа учраас алддаг байж мэднэ хэмээн тэр “буруугаа” хүлээв. Гэхдээ хошин урлагт орой дээр нь гялалзахыг тэр хүсдэггүй аж. Түүний туйлын зорилго бол урлагийн хаалгыг татах гээд учраа олохгүй тэнтэр тунтар гишгэж яваа шинэ залуусыг дэмжиж, гаргаж ирэх. Тэгж өөрийгөө “зовоох” нь мань хүнд таалагддаг гэсэн. Тиймээс тэгтлээ “зовж” байж гаргаж ирсэн дүү нартайгаа өрсөлдөн, талхыг нь булаалдах шаардлагагүй гэдгээ ч сайн мэднэ. “Загас усандаа жаргалтай” гэдэгчлэн би урлагийн тогоондоо л амьдарч байвал жаргалтай. Гэхдээ зөвхөн хошин урлаг гэлгүй, кино, жүжиг гэхчилэн өөр салбарт хүч үзэж байна. Надад юмыг олон дахин эхлэх, алдах цаг хугацаа байхгүй учраас чанартай уран бүтээл хийхийн төлөө л зүтгэнэ гэдгээ тэрбээр хэлсэн. Урлагийн ертөнц харгис хатуу учраас янз бүрийн сорилттой тулгардаг ч хамгийн их итгэл найдвар хүлээлгэж байсан гурван залуу нь “МАСК” продакшныг байгуулаад, ам бүлээсээ өрх тусгаарлахад тун хүнд цохилтод орсноо ч нуугаагүй. Гэхдээ Хүсэлбаатар, Өлзийхүү гэдэг хоёр хүн тэдгээр дүү нартаа, ерөөс ямар ч найз нөхдөдөө хар буруу санаж, уурлаж, гомдоллож байгаагүй учраас сайн санааны үзүүр дэх тос нь эргээд тэдэнд том хариу барьжээ. Найруулагчийн маань аав, гавьяат жүжигчин Ё.Цогийн бие тааруу байхад хошин урлагийн дүү нар нь тал талаасаа нэгдэн тоглолт хийж, эмчилгээнийх нь зардлыг олж байсан түүхтэй.
-Сайн кино хийхэд юу хамгийн чухал юм бэ. Хөрөнгө санхүү юу, сайхан жүжигчин үү, эсвэл сайн зохиол уу?
Ц.Х: -Аль аль нь. Үүн дээр нэмээд маркетингийн бодлого ч бас чухал. Уран бүтээлч бидэнд санхүүгийн асуудал хамгийн хүнд байдаг учраас манай киног ивээн тэтгэж байгаа “Монгол тамхи Со” компанийнханд баярлаж талархсанаа илэрхийлье. Гэхдээ хамгийн чухал нь сайн зохиол. Японы алдарт найруулагч Күросава “Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт бас зохиол” гэж хэлсэн байдаг. Үүнийг багш маань ч хэлдэг байсан.
-Найруулагч хүн жүжигчнээ зөв сонговол ажлынхаа бараг талаас илүүг нугалдаг гэдэг. Та энэ киноны жүжигчдээ хэрхэн сонгов. Зарим хүн олны анхаарлыг татаж байгаа жүжигчнийг хэлсэн үнээр нь кинондоо тоглуулчихвал ашигтай байна гэж боддог юм шиг байдаг?
-Зохиол бичиж байхдаа л “Энэ дүрд тэр л тохирно” гээд жүжигчнээ бодчихсон байдаг. Тиймээс би Драмын театрын жүжигчин Отгонцэцэгийг кинонд минь тоглохыг зөвшөөрөхгүй бол яана аа гэж түгшиж байсан. Анхнаасаа л түүнийг “Миний киноны гол дүр мөн” гэдгийг мэдэж байсан учраас өөр хүмүүсийн саналыг сонсоогүй. Харин Отгоо маань зохиолыг уншиж үзээд, ямар ч мөнгө төгрөг ярилгүй шууд зөвшөөрсөн. Үнэ хөлсөө бид дараа нь ярьсан. Эрэгтэй гол дүрийн тухайд нэлээд удаан бодсон. Эби, Болд-Эрдэнэ, Амараа, Гэрэлсүх гээд Монголын урдаа барьдаг эрэгтэй жүжигчдийн зургийг урдаа тавьж байгаад бодсон. Гэвч манай багийнхан ярилцаад эдгээр залуус энэ дүрд хэтэрхий хүчирхэгдээд байна гэж дүгнэсэн юм. Болд-Эрдэнэ арай дөхөм байсан ч саяхан нэг кино дуусгасан, дээрээс нь мөн ар гэрийн асуудал тулгарсан учраас боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгээд эцэст нь А-Саppella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөрийг сонгосон. Цаг тулгуу үед Төрөө маань надад их сэтгэлтэй хандсанд баярладаг. Мөн кинонд гол биш ч гэсэн чиглүүлэх дүр гэж байдаг. Энэ дүрийг Драмын театрын залуу жүжигчин Ариунбямба болон Шүүдэрцэцэг нар бүтээсэн байгаа. Жүжигчид маань бүгд л сэтгэлээрээ хандаж, нэг их үнэрхэж тунирхаагүй. Ер нь манай уран бүтээлчид их сэтгэлтэй хүмүүс байдаг л даа. Тэр тусмаа сайн уран бүтээл дээр.
-Урлагт найз, “арын хаалга” байж болох уу?
-Уран бүтээлч хүмүүс ажил, амьдралаа ялгаж салгах хэрэгтэй л дээ. Найз минь юм даа гэж хандаж болдог бол би энэ киноныхоо ерөнхий зураглаачаар Баттуяаг бус, Монгол телевизийн Нацагням, Энхтөрийгөө авах байлаа. Гэтэл Баттуяа бид хоёр хэдэн хэдэн уран бүтээл дээр хамтарч ажиллаж байна. Чанартай уран бүтээл хийе л гэж байгаа бол заавал танил тал гээд байх хэрэггүй. Үнэнийг хэлэхэд би энэ хугацаанд ханьдаа зориулж нэг ч уран бүтээл хийгээгүй юм билээ. “Бүтэлгүй новш” нэртэй анхны кинонуудын маань нэгэнд л туслах дүрд тоглосон байх. Өлзий маань ихэнхдээ л киноны зургийн дарга хийдэг юм. Энэ кинон дээр ч мөн адил зургийн даргаар нь ажиллаж байгаа. Манай хүн ар талын хар, бор бүх л ажлыг хариуцаж хийдэг. Тэглээ гээд нэг ч удаа надад гомдоллож байгаагүй.
-Хэрэв гэргий тань “Би энэ кинонд чинь заавал тогломоор байна. Надад дүр өг” гэвэл та өгөх үү?
-Хань минь хэзээ ч тэгэхгүй. Хэрэв надаас тэгж гуйвал би баярлах байх шүү. Харин энэ удаад охиноо тоглуулж байгаа. Гэхдээ миний охин учраас биш л дээ. Энэ киноны тухайн дүрд хэрэгтэй учраас сонгосон хэрэг. Би охиныхоо зан араншинг илүү сайн мэдэх учраас надад байгаа хамгийн ойрын “материал” бол Баярмаа. Харахад уян зөөлөн хэрнээ амьдралаа аврах эцсийн шийдвэрийг муухан эр хүнээс илүү зоригтойгоор гаргах тийм л эмэгтэйн дүрийг тэр минь харуулж чадна гэж би итгэж байгаа.
С.Ө: -Энд нэг зүйлийг нэмээд хэлэхэд, Америк, Орос, Солонгос зэрэг оронд гэр бүлээрээ уран бүтээл туурвидаг найруулагч олон байдаг. Уран бүтээлчийг уран бүтээлч нь л ойлгодог учраас магадгүй тэр гэр бүлийнхэн нэгнээ дэмжиж, хамтарч ажилласнаар илүү сайн кино хийдэг байж болох шүү дээ. Манайхан гэр бүлээрээ урлагт зүрх сэтгэлээ өгсөн хүмүүс. Охины маань мэргэжил жүжигчин. Дээрээс нь англи, оросоор зэгсэн сайн ярьчихна. “Аладины шидэт дэнлүү” жүжгийг орчуулсан шүү дээ. Урлагийн төлөө гэсэн чин хүсэл тэмүүллийг нь бурхан харж үзсэн гэлтэй, ирэх оны нэгдүгээр сард охин маань Америкийн урлагийн их сургуульд урилгаар суралцахаар явах гэж байна.
“Ханийнхаа сэтгэлийг тавгүйтүүлэхгүй юмсан гэж би хичээдэг. Хүслээ маань шөнө, өдөргүй ном уншиж, зохиол бичих үе бишгүй. Тэр үед нь адаглаад л халуун кофе, хоол бэлэн байлгахаас эхлээд найз нөхөдтэйгөө уулзах нэрийдлээр гадуур, дотуур орж гараад санааг нь зовоохыг хүсдэггүй. “Аавыгаа уран бүтээл хийж байхад үймж шуугиад амар амгалан байдлыг нь бүү алдагдуулаарай” гэж хүүхдүүддээ захидаг” хэмээсэн эзэгтэйн үгээр яриагаа өндөрлөе.
Л.ГАНЧИМЭГ