Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 402 жилийг ойг тохиолдуулан долоон сарын өмнө “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээж байсан билээ. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онд зургаан хадны оршуулга илрүүлсэн бөгөөд эдгээрийг ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харъяа Бонн дахь Ландес Музей болон Көльний мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны тэнхим, Офенбах дахь Германы ширний музейд сэргээн засварлаж бэхжүүлсэний дараа эх нутагтаа авчирч, үзэсгэлэн гаргасан нь энэ. ҮЗэсгэлэнгийн үзмэрүүдээс нэлээд алдаршсан нь Алтай ятга билээ. “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнг энэ хугацаанд 55 мянга гаруй хүн үзсэн байна. Үзэсгэлэнгийн хаалт маргааш Монголын үндэсний музейд болно.
Мөн үеэр МУИС-ын Археологи, антропологийн тэнхим болон Археологийн хүрээлэнгийнхэн Монголын үндэсний музейд шинэ үзмэрүүд хүлээлгэн өгөх аж. XIII-XY зууны үеийн монголчуудын эдийн соёлын биет дурсгал болох шибилгэр гэзэг, богтаг малгай, эмэгтэй дээл, эсгий ширдэг зэрэг үнэт үзмэрүүд шинээр нэмэгдэж байгаа юм билээ.
Сонирхуулахад, өнөөдөр Монголын үндэсний музейд шилжин ирж байгаа шибилгэр гэзэг нь монголчуудын үсний соёлыг төлөөлөх чухал үзмэр болох юм. Энэ гэзгийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хэцүү уулын агуйгаас олжээ. Адууны хялгас, хүний үсээр сүлжиж хийсэн энэ хиймэл гэзэг нь XY зуунд хамаарах олдвор юм.