Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид язгуур өв соёлоо тээн сурталчлахын зэрэгцээ этник модерн бүжгийн тоглолт хэд хэдэн удаа хийж байсан туршлагатай. 25 жилийн ойн баярынхаа хүрээнд тус чуулгын арван бүжигчин, бүжгийн багштайгаа хамтран энэ бямба гаригт “Хөдөлгөөн, хэмнэл, оршихуй” этник модерн бүжгийн тоглолт хийхээр болжээ. Хөдөлгөөнөөс хэмнэл бий болж, хэмнэл оршин тогтнодог зүйл тогтлыг өгүүлсэн нэг утга зохиомжинд багтсан дөрвөн бүжиг дэглээчийн уран бүтээлийг эндээс үзэх боломжтой. Бүжиг дэглээс А.Хосбаяр, Б.Жаргал, М.Мөнгөнцэцэг, Н.Энхтайван нарын бүжгүүдийг энэ үдэш үзэгчдэд толилуулах юм.
Өмнө нь тус чуулгынхан гурван удаа модерн бүжгэн жүжиг тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд тус чуулгын бүжигчин Т.Содгэрэл “Тусгал” модерн бүжгийн тоглолт хийж байсан билээ.