Есдүгээр сарын сүүлээр дэлхийн зах зээлд худалдаанд гарсан "Samsung Electronics" компанийн “Galaxy Note 4" ухаалаг гар утасны Монгол Улс дахь албан ёсны нээлтийг өнөөдөр хийлээ.
Дэлхийнн зах зээлд 800 орчим ам.доллараар худалдаалагдаж байгаа энэхүү гар утсыг “Unitel" групп 17-ны өдрөөс эхлэн нэг сая 650 мянган төгрөгөөр дотоодын зах зээлд худалдаалах ажээ.
5.7 инчийн хэмжээтэй “Quad HD Super AMOLED" дэлгэцтэй, камерын хүчин чадал нь 16 мегапиксель “Galaxy Note 4" гар утас нь “Samsung Electronics"-ийн гол өрсөлдөгч “Apple"-ийн “iPhone 6 Plus"-тай харьцуулахад дэлгэцийн хэмжээ нь 0.2 инчээр том байгаа ч үнийн хувьд 30 хувиар хямд байгаа юм. Түүнчлэн 3GB RAM-тай, 32GB багтаамжтай тул өмнөх загваруудаасаа илүү хурдан ажээ. Хамгийн том давуу тал нь мульти цонх буюу дэлгэцэн дээрээ хэд хэдэн дэлгэц зэрэгцүүлэн байрлуулж нэгэн зэрэг харах боломжтой. Мөн тусгай “S pen" буюу үзэгтэй болсноор хэрэглэгч мессежээ гараараа бичин илгээх, дэлгэц дээр ажиллахад илүү хурдан эвтэйхэн болсон зэрэг давуу талтай юм.