Хурд хамтлаг тэртээх 1993 оноос тасралтгүй, ухарашгүй уран бүтээлээ туурвисаар 20 жилийг ардаа орхилоо. Энэ 20 жилийнхээ ойн хүрээнд олон газруудаар явж тоглоод байгаа тус хамтлаг баруун дөрвөн аймгийн хүүхдийн эмнэлэгүүдэд орчин үеийн тенхик, тоног төхөөрөмжийг Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгынханд өнөөдөр хандивлалаа.
Энэхүү техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29,30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохиосон ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн аж.
Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Түүний нэг нь “Хурд хамтлаг 20 жил” номоо сонсогч фенүүддээ өрнө барьж буй. Номын эмхтгэлийг Б.Ойдов гуай хийсэн байна.
Тэрээр “Тэд бол ерээд оны эстрад урлагийн их тэсрэлт юм. Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн ерээд оноос маш олон хамтлаг, дуучид, ”Эстрад” гэсэн нэр томьёоноос рок, поп, хип хоп гэдэг жанрууд руу үсэрцгээсэн. Тэрхүү үсрээн дунд “Хурд”-ынхан хэви металл урсгалыг гол болгож омоглон, фенүүддээ нэжигнэсэн алга ташилтыг мянгатаа хүртэхийн сацуу уянгын баллад дуугаараа ухаарал, хайр бэлэглэж, амьд дуу хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж, ард түмний хайртай хамтлаг болж чадсан” гэлээ.
Хурд хамтлагийн соль гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяр “Хүн болгон иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Хамгийн гол нь бид их бага ямар нэгэн хэмжээгээр олсон орлогоноосоо хандив өргөх хэрэгтэй юм. Америкт явж байгаад нярай хүүхдийн тоног төхөөрөмжийг аваад хөдөө орон нутгийн хүүхдийн эмнэлэгүүдэд бэлэглэж байгаа юм. Нэг хүүхэд ч гэсэн эрүүл саруул байх хэрэгтэй. Хүүхэд дан ганц тариа тариулаад, эм уухдаа гол нь биш, хамгийн гол нь нярай хүүхдийн орчин их чухал юм. Тийм учраас эмнэлэгийн нарийн тоног төхөөрөмжүүдийг бэлэглэж байна. Энэ нь үүгээр зогсохгүй, цаашид ч үргэлжлэх болно. Дараа жил дараагийн аймгуудын хүүхдүүддээ туслахыг зорих болно” гэж ярилаа.
Мөн хурдад хийх зүйл маш олон байна. Бид сонсогч фенүүддээ үлдэцтэй зүйл хийхийг зорьсон учир энэ жилийн Хурд-ын сурприйз ном байлаа хэмээн ярилаа.
Говь Алтай аймгийн хүүхдийн тасгын эрхлэгч Д.Оюунчимэг “ Манай баруун аймгуудад нярай хүүхдийн эндэгдэл харьцангуй өндөр байгаа. Ийм аймгуудыг “Хурд” хамтлаг маань сонсож мэдээд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардагатай тоног төхөөрөмжийг гардууллаа.Э нэ бол хүүхдийн эндэглийг бууруулах, тусламж үйлчилгээнд маш их тус болно” гэлээ
Сонирхуулахад, Хурд хамтлагийн “Нарлаг диваажин” хэмээх 18 дуутай албум цомог удахгүй хэвлэлтэд орох аж.
М.Болорцэцэг