“Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал, “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари” гээд л тайзны араас хөтлөгч тод дуугаар зарлахад танхимд суугаа үзэгчид алга нижигнүүлэн ташиж дуучныг угтан авдаг. Төрийн шагналт том хөгжмийн зохиолч, нэр алдар нь түгсэн үндэсний шилдэг дуурьт хүндэтгэл үзүүлж буй нь энэ. Гэхдээ саяхныг хүртэл бидний дунд байж, нийгмийн өөрчлөлтөд хамт бүдчин хүний амьдралд тохиох олон зовлонгоос багагүйг хүртэж асан энэ эрхэм хүний тухай энгийн төсөөл өл үзэгчдэд үгүй. Ардын жүжигчин А.Долгортой гэр бүлж явсан, үндэсний хоёр ч дуурь, нэг балетийн хөгжим зохиосон гэхээс хэтрэхгүй болов уу. Уран бүтээлийн нөхөд нь харин түүний тухай ихийг өгүүлэхийг хүсдэг. Ойр дотно байсан хүмүүсээс амьдралыг нь хүүрнэн ярьж чадах дотно нөхөр нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав. Түүнд ярих зүйл их байсан ч сонины нэг нүүр багадсан биз ээ.
Өнөөдөр орой Дуурь бүжгийн эрдмийн театрт түүний 60 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болж, хөгжмийн ертөнцийн тод нэгэн одыг эргэн дурсах нь. Халтарын Билэгжаргал агсан 1954 онд Завхан аймгийн Чандмань- Өлзийт (одоогийн Яруу) суманд төржээ. Дунд сургууль төгссөнийхөө дараа Багшийн дээд сургуульд дуу хөгжмийн багшийн ангид суралцаж, улмаар 1972-1976 онд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалгаж, дараа нь ЗХУ-ын Свердловск (одоогийн ОХУ-ын Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцаж төгсчээ. 1976- 1982 онд Уралын хөгжмийн их сургуулийн профессор Б.Гибалин, 1982-1984 онд А.Неминскийгээр хичээл залгуулж байсан аж. Сургууль төгсс өнөөсөө хойш Архангай аймгийн Багшийн сургууль, Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж, 1988 оноос Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжмийн зохиолч, 1998-2000 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад уран сайхны удирдагч, 1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар ажиллаж байжээ.
Б.ШАРАВ:МИНИЙ НАЙЗ ХӨГЖМИЙН УРЛАГИЙН ХАМГИЙН ХҮНДИЙГ ҮҮРЭЛЦСЭН ХҮНИЙ НЭГ ДЭЭ
-Х.Билэгжаргал агсны хамгийн дотнын найз нь таныг гэж дуулсан юм. Та хоёрын нөхөрлөл хэрхэн эхэлж байв?
-Багшийн сургуульд би 16 настай, Билгээ маань 14 настай элсэж, тэндээс л бие биеэ олж нөхөрл өсөн. Түүнээс хойш 40 жил цуг явсаар 2008 оны наймдугаар сарын 3-нд найзыгаа бурхны орон руу үдсэн дээ. Хоёр жаахан бандийг хөгжмийн урлаг ойртуулж, энэ урлагийн төлөө бид амьдралаа зориулсан. Учирснаасаа хойш бид нэг ч удаа хагацаагүй юмдаг. Энд байхдаа хамтдаа С.Гончигсумлаа багшийн шавь болж, ОХУ руу нэг жилийн зайтай ар араасаа очиж, бас л нэг багшийн шавь болсон. Сургууль төгсөж ирээд хоёулаа Хөгжим бүжгийн коллеж, Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан.
-Амьдралын нарийн нандин нууцаа тантай л хуваалцдаг байсан уу?
-Би эхнэр, хүүхдийнх нь мэдэхгүйг ч мэднэ шүү. Сангийн аж ахуйд ажиллахаар явахад сэрүүн болбол бид гудас, хөнжлөө давхарлаад өвөртөө ороод унтчихдаг байсан дотнын найзууд. Мэргэжлийн чиглэл, үзэл бодол ч ойролцоо. Хоёулаа дуурь бичсэн. Том хэлбэрийн зохиолоор дагнан ажилласан. Манай Билэгжаргал том хэлбэрийн бүтээлд бүх цагаа зарцуулсан хүн. Оюутан байхдаа төгөлдөр хуурт зориулсан зохиол, концерт бичиж, төгссөнийхөө дараа “Ламбугайн нулимс”, “Гэрэл сүүдэр” дуурь, “Бөртэ чоно” балетийн хөгжим бичсэн. Ийм том бүтээлүүд бичихийн тулд хөгжмийн зохиолч бүх цаг зав, авьяас хөдөлмөр, ухаан, тэвчээрээ зориулдаг. Миний найз хөгжмийн урлагийн хамгийн хүндийг үүрэлцсэн хүмүүсийн нэг. Бүтээл нь Дуурийн театрын урын сангийн гол тулгуур нь болж, өдгөө ч тоглож байгаа нь түүний илрэл юм шүү дээ. Том бүтээлд бүх цагаа зориулсан болохоор жижиг бүтээл цөөтэй. Хэдэн сайхан дуутай. “Цахилж яваа гөрөөс” киноны дууг манай үзэгчид мэднэ. Бас “Зүүдний хайртай нутаг”, “Миний хайртай Монгол” зэрэг мэргэжлийн дуучдад зориулсан зангарагтай дуунууд бий. Зарим дуунуудаа бич үүлж, ард түмний хүртээл болгож амжаагүй юм.
-Түүний бүтээлийн оргил он жил нь хэзээ байсан бэ?
-Хөгжмийн дээд сургуулийн нэгдүгээр курст байхдаа “Төгөлдөр хуурын гурвал” гэдэг зохиол бичсэн. Амжилттай бичсэн хамгийн эхний бүтээл нь энэ. Дараа нь “Чавхдаст хөгжмийн дөрвөл”, “Төгөлдөр хуурын концерт” бичсэн. Араас нь олноо алдаршсан дуурь, балет нь бичигдэнэ. Тэгэхээр 1978-1990-ээд оныг онцолж болох юм.
-Завханаас хэзээ хотод орж ирсэн юм бол?
-Билгээг бага байхад тэднийх хотод шилжиж ирсэн юм билээ. Нэг үе Баянхошуунд амьдардаг байсан. Миний мэдэхийн 1968 онд “500- гийн” эцсийн буудал буюу Модны хоёрын тэнд амьдардаг байлаа. Арван хүүтэй айлын хүүхэд. Хоёр ах, олон дүүтэй. Билгээг дагаж хоёр дүү нь хөгжмийн мэргэжил сонгосон байна. Морин хуурч Алтантуг Хөх хотод багшилж байгаа. Хөгжмийн зохиолч Найдансүрэн ОХУ-д амьдардаг. Арван хүүгийн дунд өссөн учраас их хүмүүжилтэй, ах захаа хүндэтгэдэг, эрэмгий зоригтой, дайчин болж хүмүүжсэн юм шиг санагддаг.
-Монголын хөгжмийн ертөнцийн тод нэгэн од нь хэдий ч их л ээдрээтэй амьдрал туулсан хүн юм шиг ээ?
-Сүүлийн жилүүддээ алдаж оносон, гуньж гутарсан дэгэн догонтой амьдрал туулсан. Гэхдээ хэзээд л уран бүтээлээ хийсээр л байсан. Нэг рок балет бичиж байсан. Бас моно дуурь бичнэ гэж ярьдаг байсан юм.
ЦАГААХАН ИНЭЭМСЭГЛЭЛТЭЙГЭЭ МӨНХӨРНӨ
Х.Билэгжаргал агсны тухай бичихээр зориод зураг хайлаа. Түүний бага хүүгийн бидэнд өгсөн зураг хамгийн ховор агшинг буулгасан байв. Төрийн шагналт, хөгжмийн зохиолчид болох Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Б.Шарав, Х.Билэгжаргал нар ямар нэгэн зүйлд хараагаа чигл үүлэн, тун баяртай инээж байгаа юм. Харин түмэнд түгээмэл болсон энэ хөрөг зураг ч бас түүний даруу бөгөөд цайлганаар инээмсэглэсэн төрхийг тусгажээ. Түүний хүү Б.Мөнхманлай аав, ээж хоёрыгоо салахад аавтайгаа хамт үлдсэн юм билээ. Таван жил хүүгээрээ хань хийж амьдарсан гэдэг. Хүү нь бас аавыгаа инээсэн дүрээр нь дурсах дуртай гэсэн. Хамтдаа аялж, аавдаа эрхэлж байсан дурсамж нь үргэлж тод хэвээрээ байх нь аргагүй. Аавын хүү хөгжмийн мэргэжил сонгосон ч, одоо огт өөр чиглэлээр ажилладаг. Аавын авьяас хүүд уламжлагдсан байхыг үгүйсгэхгүй.
УРАН БҮТЭЭЛ
Дуурь, балет, кино, жүжгийн хөгжим
“Ламбугайн нулимс” дуурь
“Гэрэл сүүдэр” дуурь
“Бөртэ чоно” балет
“Ховор хүмүүс” киноны хөгжим
“Атга нөж” жүжгийн хөгжим
Дан хөгжмийн бүтээл
Төгөлдөр хуурын концерт
“Пассакалье фугатто” “Трио” төгөлдөр хуурын гурвал
“Хэлхээ аялгуу” морин хуурт зориулсан аялгуу
Хуучир хөгжимд зориулсан сонат
Дуу, романс болон бусад
“Миний Монгол” романс
“Сүүтэй цагаан аялгуу” романс
“Цагаан уул цэцэг” романс
“Торгууд чуулбар” бүжиг
“Хангайн даваа” дуу
“Ай, дуут намар аа” дуу
“Нутагтаа эргэн очихуй” дуу
“Сүүтэй цагаан аялгуу” дуу
“Дуулж л явъя даа” дуу
“Зүүдний хайртай нутаг” дуу
ШАГНАЛ
1995 онд “Морин хуур” наадмын шагнал, 1997 онд “Ламбугайн нулимс” дууриар Төрийн шагнал 2007 онд “Атга нөж” жүжгийн хөгжмөөр “Гэгээн Муза” шагнал
“ХЭЛЭЭД ОЙЛГОХГҮЙГ ЗУРГААР, ЗУРААД ОЙЛГОХГҮЙГ ХӨГЖМӨӨР”
Энэ бол хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын хэлсэн үг. Хөгжмийн урлагийн утга учрыг тодруулах гэсэн сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ. Түүний өөд болохоосоо өмнөхөн өгсөн нэгэн ярилцлагыг олж уншсан юм. Тэрбээр өөрийгөө мөнгөөр дутмаг явлаа гээд ядуу гэж боддоггүй, харин оюун дахь ундарга нь үгүйрвэл л жинхэнэ хоосрол болно хэмээжээ. Аливаа зүйлийг далдалж нуух гэдэггүй зан нь ч тод ойлгогдсон. Гэр бүлийн амьдрал, ардын жүжигчин А.Долгороос хэрхэн салсан, дараа нь өөр бүсгүйтэй гэрлээд яаж бүтэлгүйтсэн тухайгаа тун ч илэн далангүй ярьсан байлаа. Эхний амьдралаасаа тэрбээр хоёр хүү, нэг охинтой, дараагийн эхнэрээсээ нэг хүүтэй юм билээ. Хамгийн сүүлд О.Туяа гэдэг бүсгүйтэй ханилан амьдралынхаа сүүлчийн хормыг хүртэл түүнтэй хамт байсан гэдэг. Эрээн бараантай амьдралыг биеэрээ мэдэрч, туулсан тэрбээр “Би хүүхний тэнгэртэй ч ханийн тэнгэргүй” хэмээн ярьж байсан удаатай.
Гурван удаа гэрлэж, архи дарс балгадаг гээд амьд сэрүүн ахуй нь түүний сайн нэрийг нь сэвтээх гэж элдвээр хэлж, ярьдаг хүмүүс ч олон байсан. Олны үгэнд ээрүүлж, хэдэнтээ бүдэрч явсан болохоор хааяа балгахгүй гээд ч яах билээ. Тэгээд ч бид хөгжмийн зохиолчийн ертөнцийг ойлгож таних чадвартай гэж үү. Тэдний сэтгэл, хүсэл тэмүүлэл нь оргилон буцалсан цагт л онгод нь төрж, мөнхөд дурсагдах бүтээлүүдээ туурвидаг байх. Дардан амьдраагүй, дансандаа мөнгө хуримтлуулж хөрөнгө үлдээгээгүй ч Монголын ард түмэнд өөрийнхөө оюун, авьяасаар туурвисан онцгой өвөө үлдээгээд одсон түүний уран бүтээлийг эргэн нэг дурсаж, дуу хөгжмийг нь сонсож, Х.Билэгжаргалтай “хамт байхыг” хүсвэл өнөөдөр орой ДБЭТ-ыг зориорой. Мөн бямба гаригийн 17.00 цагт суу алдарт “Ламбугайн нулимс” дуурь үзэгчдээ угтан авахаар хүлээж буй.
Ж.СОЛОНГО