АНУ-ын Флорида мужид ажиллаж, амьдардаг н.Ариун хэмээх монгол эмэгтэй өөрийн нэрийн гутлын коллекцоо гадаадад худалдаанд гаргаад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Орхон аймагт төрж өссөн тэрбээр багаасаа хөлд эвтэйхэн хэрнээ загварлаг гутал зохион бүтээхийг хүсдэг нэгэн байж. Харин энэ хүсэл мөрөөдлөө холын Америкт биелүүлж, өдгөө “Ariun” нэрийн коллекцийн эхний гутлууд нь олон орны бүсгүйчүүдийн хэрэглээ болж амжжээ. Ариун бүсгүй бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулдаг бөгөөд өнгөрсөн хавраас Монголын хэрэглэгчдээс захиалга авч эхэлсэн аж. Ямар ч хувцсан дээр өмсөж болохоор загвар, хийц бүхий намхан ултай элгэн гутлууд нь манай бүсгүйчүүдийн анхаарлыг чамгүй татаж байгааг түүний цахим хуудсаас харж болно.
“Би гутал онд төрсөн гэж хошигнох дуртай. Яагаад гэвэл би гутал хийхийн тулд төрсөн хүн гэдгээ багаасаа ойлгож, мэдэрдэг байсан. Сайхан гуталд дурлагсдын шаардлагыг хангахуйц загварлаг, бас хөлд эвтэйхэн гутал хийхээр эртнээс зориг шулуудсан ч гутлын үйлдвэрлэл эхлүүлэх боломж хомс байлаа. Гэвч бууж өгөлгүй, загвар зохион бүтээгчийнхээ хамт Нью-Йорк хотноо гутлын бүдүүвч зургаа гаргаж эхэлсэн үе минь хамгийн сайхан. Одоо миний хийсэн гутлыг зөвхөн америкчууд төдийгүй бусад орны бүсгүйчүүд ч сонирхох болсон” хэмээн тэрбээр өөрийн цахим хуудастаа бичжээ.