ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагналын эзэн болсон билээ. Түүнээс энэ тухай тодрууллаа.
-Сайн байна уу. Танд баяр хүргэе. Авсан шагналынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Ю.И.Крачковскийн алтан медалийг өмнө нь Дорно дахины судалгаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан 18 хүнд өгч байсан юм билээ. Монголоос анх удаа энэ шагналыг авлаа. Өнгөрсөн жил Оросын гадаад харилцааны дэд сайд энэ медалиар шагнуулж байсан юм билээ. Сүүлийн дөрвөн жилд Түүхийн хүрээлэн Оросын 70 гаруй монголч эрдэмтнийг эх орондоо урьж, хамтарсан хурал зохион байгууллаа. Гурван хээрийн шинжилгээ хийж, ОХУ-д эрдэм шинжилгээний гурван хурал санхүүжүүлэн зохион байгуулж, хоёр улсын 10 гаруй судлаачийг солилцон сургасан. Түүхийн хүрээлэнгийн хийсэн энэ бүх ажлыг үнэлж, тэр шагналыг өгсөн гэж ойлгож байна.
-Та Санктпетербургт ямар ажлаар яваад ирсэн бэ?
-Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан олон улсын бага хурлыг тэнд манай хүрээлэн Монгол судлалын сантай хамтран зохион байгуулсан юм.
-Түүхийн хүрээлэн цаашдаа юу хийх вэ?
-ОХУ-ын музей, архивын газруудаас Монголтой холбогдолтой гэрэл зургуудыг цуглуулж, энэ онд багтан таван боть ном гаргана. Харин 2016 он хүртэл хэд хэдэн томоохон ажил төлөвлөөд байна. Тухайлбал, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ижил мөрний хөвөөн дэх Алтан ордны хотыг Оросын эрдэмтэдтэй хамтарч малтана. Санктпетербург хотод монголчуудын соёлын өвөөр олон улсын хурал зохион байгуулж, Улаан-Үдэд Монгол, Сибирийн эрдэмтдийн хамтын судалгааны бүтээл эхлүүлснээ дуусгана. Москвагийн Дорно дахины хүрээлэнтэй хамтарч хамтын судалгаа хийнэ.
Б.ДӨЛ