UBS телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Баяртай шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
-Та бүхний бүтээсэн “Содура” уран сайхны киноны нээлт энэ сарын 17-нд болох гэж буй. Киноны трейлэрийг үзэхэд л сонирхолтой санагдсан. Нэлээд удаан хугацаанд зураг авах шиг боллоо, тийм үү?
-UBS телевиз жилдээ нэг уран сайхны кино хийдэг. Цаатны амьдралыг харуулсан кино хийхээр төлөвлөж, хөрөнгө мөнгөө бүрдүүлээд ажлаа эхэлсэн. “Содура” киноны зураг авалт Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум, түүнээс цааших тайгад үргэлжилсэн. Киноны зохиолыг манай редактор Сумъяа, Эрдэнээ нар бичиж, кино багийнхан санаа оноогоо нэмэрлэн бүтээл болголоо. Киноны ерөнхий продюссерээр Л.Балхжав захирал ажилласан. Жилийн дөрвөн улирал дамнан зураг авлаа. Өвлийн хахир хүйтэнд, тайгад зураг авна гэдэг бэрхшээлтэй. Тэндээ хүрэхийн тулд Цагаан нуур сум хүртэл 1400 км, цаашаа 40-өөд километр явна. Манай кино багийнхан зураг авалтын талбайд цаатны отог байгуулж, хувцас хэрэглэл, аяга таваг гээд бүгдийг шинээр хийсэн. Цаатнуудаас цааг нь хөлсөлж авсан. Монголд тийм ч олон цаа байхгүй юм билээ. 100-гаад цаа байгаа ч бүгд нэг хүнийх биш. Зураг авалтад нийлүүлээд ашиглая гэхээр “чинийх, минийх” гээд мөнгөний асуудал үүснэ. Манай киног Цагаан нуур сумын удирдлагууд, ард иргэд, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид дэмжиж, хамтран ажилласан. Энэ киноны амин сүнс болсон жүжигчдийн сонголтод сэтгэл хангалуун байна. Манай ерөнхий найруулагч Жаргалсайханы л арга ажиллагаа л даа. Манай уран бүтээлчдийн зохион байгуулалттай ажиллах чадвар олон ажлыг нугалсан. Зөвх өн уран бүтээлч болон арын албаныхан гэхэд л 20 гэр, найман том майхан бариад тэндээ амьдарч байсан. Цэргийн майхнаас том майхан шүү дээ. 112 жүжигчин 40 гаруй уран бүтээлч байрлаж байсан учраас тэндээ ариун цэврийн өрөө, гал тогоо гээд бүхнийг шийдсэн.
-Хэдэн удаа тайгад очиж, ийм бүрэлдэхүүнтэй ажилласан бэ?
-Улирал бүхэнд очиж отог байгуулан зургаа авсан. Кино зураг авсан цаатны урцыг бүгдийг нь өөрсдөө хийсэн.
-Танай киноны зураач хэн билээ?
-Болор-Эрдэнэ гэдэг залуу ажилласан. Олон киноны зураачаар ажилласан туршлагатай уран бүтээлч. Туршлагатай кино баг ажилласан.
-Киноны нийт зардал хэдэн төгрөг болсон бэ?
-350 орчим сая төгрөг болсон. Олон уран бүтээлч оролцсон учраас тэднийг нааш, цааш нь зөөхийн тулд тэнд таван Фургон автомашинтай байлаа. Ачааны энгийн машин тэнд явахгүй учраас ГАЗ 66 ашигласан. Гэхдээ бид тэнд даараагүй, өлсөөгүй, ядраагүй. Бүр ч сонирхолтой байсан гэж хэлж болно. Тийм болохоор энэ кино амжилттай болсон. Өмнө нь манай телевизийнхэн гурван кино хийж байсан ч тэдгээрийн зураг авалт нэг л улиралд багтдаг байсан. Гэтэл “Содура”-д цаг агаарын нөхцөл байдал их нөлөөлсөн. Тухайлбал эхний жил цас ороогүй.
-Зураг авалт хэдэн оноос эхэлсэн бэ?
-2013 оны өвөл анх явсан. Цас ороогүй учраас тэр зургаа 2014 оны өвөл авсан. Техник болон уран бүтээлчдийн ажлын арга барилын талаар ярих зүйл байхгүй. Зөвхөн байгалийн хэцүү хүнд нөхцөл байдал л нөлөөлсөн. Бас цаатнууд маань цаагаа асар өндөр үнээр түрээсэлдэг юм байна.
-Жуулчдад хөлсөлдөг болохоор үнэ нь “тэнгэрт хадсан” юм болов уу?
-Нэг өдөр нь ярилцаад ах, дүү болох шахчихаад маргааш нь бодлоо өөрчилнө. Нэг цааг 5000 төгрөгөөр түрээслүүлдэг байлаа. Хэрэв нэг удаа унана гэвэл 10000 төгрөг болох жишээтэй. Тэд цаагаараа наймаалцаж амжиргаагаа залгуулдаг болохоор арга ч үгүй юм уу. Өвөл зураг авахаар очиход нэг цааг 10000, унавал 20000 болгочихож байгаа юм. Тэгэхээр бидэнд 100 цаа хөлслөх боломж байхгүй. Техникийн арга ашиглан нэг хүнийг хоёр, хоёр амьтныг гурав болгож болдог. Бид тийм зарчмаар ажиллахаар шийдэж, мөнгөндөө тааруулж 20 цаа авсан. Бас түүний зэрэгцээ цаагаа маллаж, харж байгаа тэр олон хүнийг хооллож, ундалж байлаа.
-Танай кинонд жинхэнэ цаатнуудаас тоглосон уу?
-Үгүй.
-Одоо цаатнууд орчин үеийн хувцас өмсдөг болсон болохоор хэцүү байх аа?
-Жирийн монгол малчид шүү дээ. Бид цаатны хувцас хэрэглэлийг судалж, анхны байдлаар нь хүмүүст танилцуулахыг зорьсон.
-Содура гэдэг үгийг орчуулбал...
-Тува үг л дээ. Монголоор бол мойлхон гэж орчуулах юм. Гол дүрдээ жирийн нэг Долгор гэдэг нэр өгөхөөр наалдацгүй санагдсан. Тиймээс энэ нэрийг олохын тулд эрдэмтэдтэй зөвлөлдөж, тэд ч бас хэдэн хуудас нэр санал болгож байж Содураг сонгосон. Цаатнууд аж төрдөг Тува, Чита, Финландад киногоо гаргах зорилготой байгаа Цаатан хүн амьдрахын төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулах юм. Цааны тоо багасаж, түүнийгээ дагаж амьдардаг жижиг ястан мөхлийн ирмэгт ирээд байна. Ерөнхийлөгчийн зарлигаар тэдэнд тэтгэмж өгч, саяхан Якутаас 40 цаа авчирсан байна. Гэхдээ тэнд байгаа хүний тоо улам цөөрсөөр л байна. Энэ бол аюулын харанга шүү дээ.
-Дуучны сонголт сонирхолтой санагдсан. Гавьяат жүжигчин Б.Сарантуяа сайхан дуулсан байна лээ.
-Манай киноны хөгжмийг Л.Балхжав захирал өөрөө бичсэн. Хөгжмийн оператороор Цэрэнчимэд ажиллаа. Дуу агуу хүчтэй. Дэлхийн жишгээр кино нэг сайн дуутай, бас дахиад өөр нэг залуу дуучны дуутай байдаг. Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулсан дууны шүлгийг манай хөтлөгч П.Одгэрэл бичсэн. Киноны дуу, жүжиглэлт, техник бүгд цогцоороо байж л уран сайхны гэж хэлүүлнэ.
-Танайх хүн хүч сайтай, хөрөнгө оруулалт нь бэлэн байсан учраас ийм том ажлын ард гарсан байх аа.
-Би бас тэгж боддог байсан юм. Гэхдээ хөрөнгө, хүчээс шалтгаалдаг ч уран бүтээлчдийн сэтгэл, залуусын эрч хүч чухал юм байна. Бид санаачилж, ийм том ажил эхлүүлсэн. Манай залуус үнэхээр ур чадвартай. Арын албанд ажиллаж байсан залуусаараа бахархсан. Үүрийн 04.00 цагт босоод бүх багажаа ширхэг бүрчлэн зөөдөг. Өвлийн өнгө гоё ч тэсгим хүйтэн шүү дээ. Машиндаа бүх багаж хэрэгслээ ачаад өөдөө явна. Машинаас буугаад 50 метр газар 800 кг жинтэй краныг нэг нэгээр нь зөөдөг байлаа. Тэр дунд найруулагч явж л байна.
Тус телевизийн хамт олон өмнө нь уран сайхны гурван кино бүтээж, телевизийн олон шоуг амжилттай хийж байгаа. Тэд удахгүй “Улс төрд шинэ манлайлагч” шоугаа өлгийдөн авах гэж байна. Бүх аймаг, сумдаар явж 1000 гаруй хүн бүртгээд, тэднээс 440 нь шалгарч, одоо үзэгчдийн өмнө үлдсэн 90 хүн өрсөлдөх аж. Түүнчлэн энэ жил “Орших уу, эс орших уу” реалити шоуг Сэнгийн Эрдэнийн 80 насны ойд зориулан, “Сэнгийн Эрдэнэ” сантай хамтран зохион байгуулахаар болсон байна. Энэ шоуны ялагч хоёр өрөө байр авах нь. Нийгэмд түгэж, үзэгчдийн анхаарлыг татсан олон шоу, нэвтрүүлэг хийдэг энэ хамт олны бүтээсэн “Содура” киноны нээлт энэ сарын 17-нд “Тэнгис” кино театрт болно.
Ж.СОЛОНГО