“Байнгын хаяг Байгалийн түүхийн музей” хэмээн ажлын онцлогоо тодорхойлсон түүнийг Түвдэндоржийн Дашбат гэдэг. Чихмэлийн урлагаар Орост мэргэжил эзэмшсэн сүүлчийн хүн. Чихмэлчин мэргэжилтэй хүн манайд тун цөөн. Байсан хэд нь тэтгэвэртээ гараад дуусаж байгаа учраас шаардлагатай үед Монголын музейнүүдийг амьтдын чихмэлээр хангах үүрэг үндсэндээ түүний нуруун дээр ирсэн гэхэд болно. “Музей үзэж байгаа хүүхэд багачууд “Тэрийг хар аа, чоно байна. Энд бас туулай байна” гээд гүйгээд байдаг ч тэрийг хүн хийдэг гэдгийг мэддэггүй. Гэхдээ би энэ ажилдаа дуртай. Монголд ирсэн гаднынхны 70, 80 хувь нь манай музейгээр ороод гардаг. Тэдний дунд судлаач ч олон байдаг. Тиймээс эх орныхоо нэрийн хуудас болсон энэ байгууллагын нэр хүндийг сэвтээхгүй юмсан, чихмэлээ алдаатай хийчихгүй байхсан гэж үргэлж хичээдэг” хэмээн Т.Дашбат ярианы эхэнд хууч дэлгэв.
-Таныг удахгүй ОХУ руу явах гэж байгаа тухай дууллаа. Музейн ажлынхаа шугамаар явах нь уу? -Манай музейнхэн өнгөрсөн жил Новосибирскийн музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тэр ажлынхаа шугамаар манай захирал, нягтлан, зураач, судлаачтайгаа бид туршлага солилцохоор явж байна. Музей үүсэж хөгжөөд 90 жилийнхээ нүүрийг үзэж байгаа манай улсын хувьд оросуудын арга барил хамгийн гол зүг чигийг зааж байсан шүү дээ. Манай ихэнх чихмэл орос “школоор” бүтээгдсэн байдаг. Харин сүүлийн үед тэд чихмэлийн урлагтаа илүү шинэ технологи нэвтрүүлэхээр зорьж байгаа юм билээ. Чихмэлийн урлагийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа Герман, Америкийн туршлагаас судлаад, оросууд хуучин арга барилаа өөрчилж байна. Тиймээс Новосибирскийн музейн чихмэлийн ажилтнуудтай хамтран хэд хоног туршлага судална даа. Амжвал бас цаашаа Казахстаны нийслэл Астанад очих бодолтой. Уул уурхайгаас асар их мөнгө олж буй тус улс дэлхийд ховор музей, театр, номын сан байгуулах зорилготой ажиллаж, соёлын салбартаа хэрхэн хөрөнгө оруулалт хийж байгаатай танилцах юм. Тэд өнгөрсөн жил ашиглалтад оруулсан музейдээ гэхэд л 3D, 4D технологийг нэвтрүүлж, үзмэрүүдээ яг л бодит юм шигээр хүмүүст хүргэж байгаа. Тэндхийн дотоод заслыг Солонгосын компаниуд хийсэн гэсэн. Тэгэхээр ирэх жилээс манай музей шинэ байртай болчихвол тэр солонгосчуудаар дотоод дэглэлтээ хийлгэхэд болохгүй гэх газаргүй.
-Шинэ арга технологид суралцахад хэдхэн хоног багадахгүй юу?
-Шинэ хүмүүс биш учраас болно л доо. Би музейд чихмэл хийж эхлээд найман жил болж байна. Тиймээс энэ мэдлэг, чадвар, дадлага туршлагаа илүү боловсронгуй болгож сайжруулахад дөрөв, тав хоног хангалттай. Музейн лабораторид нэг амьтны чихмэл хамтраад хийчихэд л болно. Ямар сайндаа би энд тэнд очиж мэргэжил дээшлүүлье гэхээрээ “Надад бүтэн жилийн, эсвэл зургаан сарын цалинтай чөлөө энэ тэр хэрэггүй ээ. Хэдхэн хоног л байхад болно” гэж гуйдаг юм. Тэгсэн хэрнээ л манайханд гадагшаа явж мэргэжил дээшлүүлэх боломж тэр бүр гардаггүй.
-Чихмэлийн урлагийн хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгааг та харж л суудаг байх. Манайхан тэдний хаахна яваа вэ?
-Одоогийн бидэнд “Google” гэж сайхан багш байна шүү дээ. Тэндээс хүссэн бүх зүйлээ мэдэж болно. Чихмэлийн урлаг өндөр хөгжсөн орнууд сүүлийн үед нягтрал сайтай хөөсөнцөр материал ашигладаг болсон байна. Өөрөөр хэлбэл, бидэн шиг төмөр, модоор араг ясыг нь хийж, сүрэл, барилгын хөөсөнцөр, хөвөн чихэлгүй, зориулалтын хөөсөнцр өөр тухайн амьтныхаа эх биеийг босгоод арьсыг нь нөмрүүлчихдэг. Тэгэхээр тэр чихмэл маш хөнгөн болдог юм билээ. Бидний хийсэн тэмээг гэхэд л 4-5 хүн дамжлан зөөдөг бол тэднийхийг ганц хүн өргөөд явчих жишээтэй. Чихмэл хөнгөн байхын бас нэг онцлог нь амьтдын хөдөлгөөнийг илүү олон төрлөөр зохиомжилж хийх боломжтой. Тухайлбал, давхиж яваа чонын чихмэл хийлээ гэхэд нэг хөл нь л газар байдаг. Уул хаданд авирч байгаа амьтныг дүрслэхэд ч энэ нь илүү хялбар. Гэхдээ тэр нь насжилтын хувьд жаахан богино байж магадгүй гэж бодоод байгаа. Манайхны хийсэн чихмэл ямар ч байсан 60-100 жилийн настай. Хэдий тийм боловч сүүлийн үеийн чихмэлийн урлаг биднээс илүү байгальлаг, илүү амьд, тухайн амьтныхаа зан араншинг хүртэл яг тодорхой илэрхийлэхийг шаардах болсон. Яагаад гэвэл чихмэл бол хөшөө дурсгалаас огт өөр. Жаахан л алдаа гаргахад тэр чихмэл хүний нүдэнд амьд амьтан шиг бус, зүгээр л нэг хөшөө болж харагдана. Тиймээс чихмэлчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл зохион байгуулдаг. Харин манайхан чихмэлчдийн ажлыг ойлгодоггүй. Чихмэл хийдэг хүнийг дэлхийн бусад оронд инженерийн түвшинд авч үздэг. Гэтэл манайд музейн чихмэлчин бол цэвэрлэгчээс арай дээгүүр үнэлэгддэг. Музейн ажилтнуудын албан тушаалыг 13 түвшинд шаталдаг бөгөөд бид цэвэрлэгчийн дээр буюу доороосоо дөрөвт эрэмбэлэгддэг.
-Чихмэлчин хүнийг олон улсад ингэж үнэлдэг гээд дээш нь хэлж яриад ойлгуулж болдоггүй юм уу. Нууц биш бол та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Миний үндсэн цалин 490 мянган төгрөг. Дээрээс нь хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Тэндээсээ татвараа төлөөд гар дээрээ 500 орчим мянган төгрөг авдаг. Орост оюутан байхдаа би сурахынхаа хажуугаар ажиллаад сая орчим төгрөгийн цалин авдаг байсан. Гэтэл төгсөөд музейд иртэл 70 мянган төгрөгийн цалинтай ажиллана гэдгээ мэдээд шоконд орж билээ. Тэгээд хоёр жил гаруй хугацаанд хувиараа бизнес хийж, овоо амжилттай байсан ч аав, ээж маань их дургүйцсэн. “Хүү минь яадаг ч байсан мэргэжлээрээ ажилла. Улсын зардлаар сураад ирсэн чамайг хаана ажиллаж байгаа вэ гэж хүмүүс асуухаар нь бидэнд хэлэх үг олдохг үй юм” гэснээр Байгалийн түүхийн музейдээ буцаж ирсэн. Чихмэлчин хүний хөдөлмөр ийм тийм байдаг гээд ойлгуулах гэж их хичээсэн ч бүтээгүй. Үйлдвэрчний эвлэлийнхэнд хандсан л даа. Өөр хаана хандах ёстойг мэдэхгүй юм. Манай салбар мөнгө олдоггүй болохоор улстөрчдийн анхаарлыг татдаггүй шиг байгаа юм. Гэхдээ би ажилдаа дуртай. Хүн дуртай зүйлээ хийгээд, түүгээрээ амьжиргаагаа залгуулаад явах нь хамгийн сайхан гэж боддог. Бид дор бүрдээ хийх ёстой ажлаа амжуулаад явж байна. Одоо гагцхүү төрөөс шалтгаалах зүйл л хүлээгдээд байна. Улс орон хэчнээн мөнгөгүй гэж байлаа ч манай музейн шинэ байрыг даруйхан бариад өгчихвөл хаа хаанаа хэрэгтэй гэдгийг ойлгоосой билээ.
-Нэг амьтны чихмэл хийхэд хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Ямар амьтан гэдгээсээ шалтгаалаад хийх хугацаа янз бүр. Тухайн амьтнаа судалж, ямар байдлаар хийх вэ гэж бодсоор цаг нэлээд зарцуулдаг. Нэг чихмэл бүтэхийн тулд судлаач, анчин, жолоочоос эхлээд маш олон хүний хөдөлмөр шингэдэг.
-Та жилд хэдэн чихмэл хийдэг вэ. Хийх тоолондоо шинээр амьтан агнадаг уу?
-Жилд 30 гаруй амьтны чихмэл хийж музейд өгдөг. Хэн ч харсан яг л амьд юм шиг сэтгэгдэл төрүүлэхийн тулд чихмэл хийхдээ ямар нэгэн өвчин эмгэггүй, цоо эрүүл амьтдыг сонгодог. Гэхдээ нэн ховор амьтдын тухайд бол өөр. Музейн үзмэрийн зориулалтаар агнаж байгаа учраас хууль дүрмийнх нь дагуу холбогдох яамнаас зөвшөөрөл авч, орон нутагт нь татвараа төлдөг. Тиймээс ирэх жил ямар амьтдын чихмэл хийх вэ гэдэг нэрсийн жагсаалтыг өмнөх онд нь гаргадаг. Тэгснээр судлаачид маань судалгаагаа гаргаж, анчид хэлсэн байршлыг нь эргэж тойрохоос эхлээд ажил ихтэй. Жишээ нь, нүүдлийн шувуу байлаа гэхэд судлаачид тэнд, төдийд ирдэг гэсэн ч өнөөх нь Монголд хэдхэн хоноод буцчихдаг байвал барьж агнахад хэцүү шүү дээ. Ямар ч амьтан биднийг хүлээгээд байж байхгүй нь ойлгомжтой. Аз болоход манай музейн жолооч нар цэргийн хүмүүс байдаг. Цэргийн хүмүүсийн нэг сайхан чанар нь тэдэн сарын төдөнд тэр нууранд очих ёстой л гэвэл цаг агаарын ямар ч хүнд нөхцөлөөс үл шалтгаалан өнөөх газарт заавал аваачдаг. Өнгөрсөн жилүүдэд биднийг зорьсон газарт минь саадгүй хүргэж байсан Ю.Бат-Эрдэнэ хэмээх жолоочоо энд онцолмоор байна. Ю.Бат-Эрдэнэ ах маань саяхан тэтгэвэртээ гарсан.
-Анчид амьтнаа агнасны дараагаар та өөрөө өвчдөг үү?
-Тийм ээ. Чихмэл хийх гэж буй амьтныг агнасан даруйд нь өвчих ёстой учраас шөнө ч байсан хамаагүй гэрэл, чийдэн тусгаад л үзэж тарна шүү дээ. Уг нь бол өвчих чинь миний хийх ажил биш л дээ. Гадаадад чихмэл хийдэг хүн зөвхөн чихмэлээ л хийнэ. Бусад бүх ажлыг өөр өөр хүн хариуцаж хийдэг. Чихсэний дараа оёдог хүн нь хүртэл тусдаа байдаг. Ямар сайндаа л гаднынхан намайг чихмэлчин гэж сонсонгуутаа “Чи яг аль дамжлага дээр нь ажилладаг вэ” гэж асуугаад байдаг юм. Гэтэл бид яарч тэвдсэн үед эгээтэй л өөрөө анчин болохоо шахна (инээв).
-Үхсэн амьтны цус нөжтэй анх холилдоход ямар байв. Та урьд нь хонь мал муулж байсан уу?
-Би аавыгаа хонь муулахаар өвчүүг нь түшиж өгөхөөс өөрөөр тус хүргэдэггүй байсан хүн. Тиймээс эхэндээ ч эвгүй л байсан. Агнасан бус, үхсэн амьтдыг өвчихөд бүр ч хэцүү. Нэн ховор амьтдыг тэр бүр агнадаггүй учраас ямар нэгэн өвчнөөр, эсвэл турж эцээд үхсэн тохиолдолд байгаль хамгаалагчид нь манайд мэдэгддэг. Тэгээд л бид очиж байгаа юм даа. Наад зах нь үхсэн амьтад хурдан өмхийрдөг. Дээрээс нь тухайн амьтан үхээд удчихаар янз бүрийн шимэгч хорхой биеэс нь ялгарч, өвчиж байхад өнөөх нь хоёр шуу руу өгсөөд ер нь эвгүй л дээ. Энэ мэтээс болоод хэчнээн чадварлаг залуус манайд ирлээ ч удалгүй цэрвэж, халгаад гарах нь элбэг. Ийм ажлыг хүссэн болгон нь хийж чаддаггүй. “Бид тусгай одонд төрсөн хүмүүс байх аа” гэж хааяа боддог юм. Гэхдээ л бид энэ бүхний эцэст өөрсдийнхөө хийсэн бүтээсэн зүйлээрээ бахархдаг. Хийсэн амьтдыг маань хараад хүүхдүүдийн нүд яаж сэргэж, хэрхэн баярлаж байгаа нь бидэнд хамгийн том жаргал өгдөг. Магадгүй өнөөдөр бидний чихмэлийг нь хийсэн амьтад 10, 20 жилийн дараа устаж үгүй болж ч мэднэ. Тиймээс би ямар амьтныг хаанаас агнаж, чихмэл хийсэн гэдэг мэдээллээ заавал бичиж үлдээдэг.
-Ингэхэд та яаж яваад чихмэлчин болсон юм бэ?
-МУИС-ийн түүхийн ангид элсэж ороод байтал Орост музейн чиглэлээр оюутан явуулах тухай сонсоод шалгалтыг нь өгсөн. Тухайн үед музейн талаар ямар ч ойлголтгүй хэрнээ гадаадад сурна гэдэг үгийг нь л тархиндаа хамгийн сайн суулгачихсан байсан хэрэг. Тэгээд очсон хойноо музей судлаач гэдэг мэргэжлээр сурахаа мэдсэн. Зөвхөн чихмэл хийх бус музейн ажлыг ямар арга зүйгээр хэрхэн явуулах тухай заадаг юм билээ. Ирсэн хойноо бол аль салбарт нь ажиллахаа өөрөө шийдэхээр байсан. Намайг ирэхэд Зоригтбаатар захирал маань энэ лабораторид хуваарилсан нь нүдээ олсон шийдвэр юм шиг санагддаг. Би Орост чихмэл хийж сурсан гэхээсээ илүү энэ лабораторийн ах, эгч нараасаа бүхнийг мэдэж авсан. Монголын анхны чихмэлчдийн нэг, соёлын гавьяат зүтгэлтэн Цэвэл гээд эмэгтэй байсан юм билээ. Тэр хүний хоёр шавь дээр ирснээрээ би өөрийгөө их азтай гэж боддог. Байгаль орчны гавьяат ажилтан Д.Дагиймаа эгч маань саяхан тэтгэвэртээ гарсан. Нөгөөх нь одоо манай лабораторийн эрхлэгч Ж.Цогтбаяр ах. Бид цаашдын залгамж халаагаа бэлтгэх үүднээс энэ жилээс биологич, зураач, барималч мэргэжилтэй гурван залууг сургаж авахаар ажиллаж байна.
-Сургууль төгсөөд ирснийхээ дараахан хийсэн чихмэлээ одоо харахаар өөлөх зүйл байдаг уу?
-Байна аа. Таван жил ажилласны дараагаар “За, би одоо л чадаж байна даа” гээд өөрийгөө мэдэрдэг юм билээ. Өмнө нь хийсэн амьтдаа үзмэрээс хараад өөрийн эрхгүй голж, “Боломж гарвал үүнийг дахиж хийгээд солих юмсан” гэж боддог. Миний багш Ж.Цогтбаяр одоо ч хийсэн бүтээлийг минь хараад заавал ямар нэгэн өө олж хэлдэг. Тэгэхээр энэ мундаг хүнээс сурах зүйл надад дахиад ч байгаа бололтой. Тэр “Чамд чихмэлийн урлагийг А-гаас нь эхлээд Я хүртэл зааж өгнө өө” гэсэн юм.
-Та хувь хүмүүсийн захиалгаар чихмэл хийж өгч байсан уу?
-Ганц нэгхэн тохиолдол л байгаа болов уу. Хувь хүмүүс дуртай амьтнаа агнаад байж болохгүй шүү дээ. Агнахыг хориглоогүй шувуу байлаа ч гэсэн чихмэлийн өртөг өндөр болохоор тэр бүр хийлгээд байх хүн ч ховор. Бүтэн сарынхаа цалингаар ганц чихмэл хийлгэх боломжтой хүн манайд хэд билээ дээ.
-Амьтдаар чихмэл хийхэд аль хэсэг нь хамгийн хэцүү байдаг вэ?
-Нүд л хамгийн хэцүү. Ерөөс чихмэлийн гол амин сүнс нь нүд. Тиймээс гаднын томоохон компаниуд амьтдын нүдийг ууртай, өлссөн, шөнийнх, үрээ энхрийлж байгаа харц гэхчилэн олон янзаар үйлдвэрлэж байгаа. Хар өнгийн нүдийг бол манайхан өөрсдөө аргалаад хийчихэж байна. Харин өөр өнгөтэйг нь гадаадад захиалж хийлгэдэг.
Л.ГАНЧИМЭГ